Н. Энхбаяр хүүхдүүдээр шоу хийж эхлэв
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно. Тиймээс ойрын өдрүүдэд тус намын ажил идэвхижиж эхэллээ. Бүр хүүхдээр шоу хийх гэж ч оролдож байна. Тухайлбал, МАХН орон даяар гишүүнчлэлээ сэргээх аян өрнүүлж эхлээд байгаа. “Шударга сонголт-МАХН” хэмээн нэрлээд байгаа энэхүү аяны хүрээнд 300 гаруй иргэн намын гишүүнчлэлээ сэргээнэ гэсэн урьдчилсан таамаг яваа юм. Өнөөдөр уг аяны нэгээхэн хэсэг болгож Чингэлтэй дүүргийн 250 гаруй иргэн гишүүнчлэлээ сэргээхээр болж, 150 нь намынхаа батлахыг гардан авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр 150 гаруй хүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн байна. Тэд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад анкетуудаа гардуулан өгчээ.
Гишүүдийг “ард түмний зураач” хэмээн өөрийгөө нэрлэсэн, “Эгэл баатар” цол тэмдэгтэй Д.Эрдэнэбат тэргүүлж явна. Тэрбээр асрамжийн төвийн хүүхдүүдэд зураг зурах арга барил заадаг, тэднийг зөв тийш нь чиглүүлж явдаг хэмээн үнэлэгдэж “Эгэл баатар” цол тэмдэгээр шагнагдаж байсан удаатай.
Д. Эрдэнэбат ийнхүү хүүхдийн төлөө ажиллах болсон санаагаа Шадар сайд асан, МАН-ын гишүүн М.Энхболдоос авсан. Тэр хүн л анх энэ ажлын гарааг эхлүүлэхэд туслаж зураг зурах хэрэгсэл бэлэглэж байсан. Ерөнхий сайд асан С.Батболд манай хүүхдүүдийн үзэсгэлэн дээр урам өгсөн үг хэлж байсан хэмээгээд Төр засгийнхаа буяныг магтаж сайшаадаг ярилцлагуудыг ч өгч байсан нь саяхан.
Ингэхдээ улс төр, хүүхэд гэдэг асуудал тусдаа байх ёстой гэдэг чиг баримталдаг эгэл баатар маань өнөөдөр улс төрийн үйл ажиллагаандаа хүүхдүүдийнхээ нэрийг урдаа барилаа.
МАН-ын гишүүд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх арга хэмжээн дээр Н.Энхбаярыг шоронд хоригдсоноос болж хэдэн хүүхдүүд минь ирээдүйгүй боллоо гэсэн утгатай үг унагалаа. Өнөөдөр Д.Эрдэнэбат эгэл баатрын шавь, зураач болохоор суралцаж буй хүүхдүүд Н.Энхбаярын хойноос уйлж суугаа гэнэ.
Учир нь зургадугаар сарын 1-нд Н.Энхбаяр тэдгээр хүүхдүүдийг гэртээ урьж гарын бэлэг гардуулдаг нь тэдний сэтгэлд үлдсэн дүр зураг аж. Мэдээж ганц баяраар нь өвлийн өвгөний дайтай бэлэг гардуулдаг хүнээ юу гэж мартахав. Гэхдээ улс төрийн үйл хэргээс үүдэлтэйгээр түүний шоронд хоригдсон асуудал бяцхан хүүхдүүдэд юуны хамаа байхав гэдгийг мэдэх хэрэгтэй.
Г.Туяа
URL: