Монголын хамгийн баян тэрбумтан хатагтай нарын хэн нь хэн бэ?-1
”Монголын топ 100 тэрбумтан” баячуудын жагсаалтыг “HERO” сэтгүүлээс гаргасныг 24tsag.mn сайт хүргэсэн билээ. Хөрөнгө бэл, бизнесийн хүрээгээрээ бусдыгаа тэргүүлж яваа эдгээр эрхмүүдийн 20 жил цуглуулсан нийт хөрөнгө 23,026 тэрбум доллар болжээ. Тэдний хамгийн баян нь 2,3 тэрбум долларын хөрөнгөтэй бол хамгийн бага нь 8 тэрбум доллартай. Эдгээрээс тав нь долларын тэрбумтан. Энэ жагсаалтанд 70-аад онд төрсөн 40 нас хүрээгүй 11 тэрбумтан, 60-аад онд төрсөн 40-50 настай 51 тэрбумтан, 50-аад онд төрсөн 38 тэрбумтан орсон юм. Харин хамгийн залуу нь 30 настай бол хамгийн ахимаг нь 60 шүргэж яваа. Энэ мэт сонирхолтой дүр зургийг “Монголын топ 100 тэрбумтан” баячуудын жагсаалтаас харж болно. Харин энэ удаа эрчүүдээс дутахгүй бизнесийн салбарт амжилт гаргаж яваа ажил хэрэгч эмэгтэйчүүдийг онцолж байна. Монголын хамгийн баян 100 тэрбумтны тоонд 11 эмэгтэй багтаж байгаагаас топ-5-ыг нь танилцуулж байна.
1. Жагсаалтын 14- Д.Туяа.
“Эрдэнэт”-ийн гэж овоглодог Ш.Отгонбилэг агсны гэргий Д.Туяа бол “HERO” сэтгүүлийн редакцийн тооцсноор Монголын хамгийн баян эмэгтэй юм. Тэрбээр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд байсан билээ. Түүний ил болсон хөрөнгө нь нийт 520 сая ам.доллар гэх бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа “Петровис” ХХК-ны 33 хувиа 50 болгож чадсан гэдэг. Мөн “Улаанбаатар зочид буудал” ХХК-д тодорхой хувь эзэмшдэг. Өдгөө түүний хүү О.Содбилэг аав, ээжийнхээ орыг залгамжилж парламентын гишүүн болоод байгаа.
2. Жагсаалтын 18- Ж.Оюунгэрэл.
“Петровисын” гэсэн тодотголтой Ж.Оюунгэрэл хатагтайг энэ жагсаалтад багтахгүй бол гайхах хүн олон гарна. Тэрбээр Москвад нефьт олборлолтын мэргэжил эзэмшсэн, сургууль төгсөөд Улаанбаатар хотын нефьт хангамжийн баазад нягтлан бодогчоор ажиллаж эхэлжээ. Тэрбээр 1991 онд “НИК” ХХК-г байгуулахад өөрөө гар бие оролцож байсан юм. Харин 1996 онд Ардчилсан хүчнийхэн төрийн эрхэнд гарч төрийн өмчит үйлдвэрийн дарга нарыг хоморголон халахад “НИК”-тэй өрсөлдөх компани байгуулна гэж ам гарсан нь одоогийн “Петровис” аж. Ж.Оюунгэрэл үүнээс гадна “Юнигаз”, “Петро матад”-ыг эзэмшдэг. Мөн “Прайм даатгал”-ын 50 хувийг эзэмшдэг гэжээ. Нийт хөрөнгө нь 407 сая ам. Доллар.
3. Жагсаалтын 42- Б.Ундармаа
Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа Монголын тэрбумтануудын 42-т, Монголын хамгийн баян бүсгүйчүүдийн гуравт бичигдэж байна. Тэрбээр “Бишрэлт холдинг”-ыг үүсгэн байгуулагч гэдгийг хүн бүр мэднэ. Б.Ундармаа нийт 103 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд “Бишрэлт трэйд”, “Бишрэлт косметикс”, “Бишрэлт плаза” зочид буудал “Капитал” банк, “U and B Colors of Benetton” дэлгүүр, “Монгол мах экспо”, “Юнико констракшн”, “Мон discovery tours”, “Монгол эм импекс”, “Чингэс кашмер” компаниудыг эзэмшдэг. Б.Ундармаа хатагтайн бүтээсэн хөрөнгө нийт 103 сая ам.доллар. Ховд аймгаас гаралтай энэ эмэгтэйг дараагийн УИХ-д суух магадлалтай хүмүүсийн тоонд оруулдаг.
4. Жагсаалтын 47- З.Номундарь.
Дархан-Уул аймгийн харьяат, 30 гарсан эмэгтэй. Япон хэлний мэргэжилтэй энэ эмэгтэй ашигт малтмалын лицензээр баяжсан. Түүний нөхөр Юүжиро Кояанаги гэх япон эр 2002 онд байгуулагдсан аялал жуулчлал, барилга угсралт, уул уурхай, үнэт цаас зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг “Адамас Майнинг” компани байгуулсан. Энэ компаний захирлаар З.Номундарь гэх нууцлаг бүсгүй ажилладаг, түүний нийт хөрөнгийг 85 сая ам.доллар гэж тооцсон байна.
5. Жагсаалтын 53 – Г.Алтан. “Алтжин”-гийн Алтан. Увс аймгийн харьяат энэ эмэгтэй МАН-ын бага хурлын гишүүн. “Бөмбөгөр” худалдааны төв нь шатсанаас хойш “Алтжин” ШТС-аа зараад сураг алдарсан. Гэхдээ тэрбээр энд тэнд бизнесийн санаа хайж, шинэ бизнес эхлүүлсээр яваа. Тэрбээр шатсан “Бөмбөгөр”-ийн орондд шинийг барьж мкв-ыг өмнө нь Монголд байгаагүй өндөр үнээр үнэлж байсан удаатай. Г.Алтан хатагтай нийт 70 сая ам.долларын хөрөнгөтэй гэх бөгөөд үүнээс өөр олон саяар тоологдох ил, далд бизнес, хөрөнгө түүнд байдаг гэлцдэг юм.
24tsagmn
URL: