Зуух үйлдвэрлэгчид гэрээгээ зөрчжээ
Утаагүй зуух үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаатай өнгөрсөн баасан гарагт нийслэлийн үйлдвэрлэл, экологи хариуцсан орлогч дарга Д.Пүрэвдаваа болон агаарын чанарын албаны төлөөлөгчид танилцлаа.
Тэд “Анард”, “Сөрт идэр”, “Том хорол”, “Рояал өүшин” “Сэлэнгэ констракшин” зэрэг зуух үйлдвэрлэгч компани болон “Ворм энержи” боловсруулсан түлш үйлдвэрлэгч компанийн үйл ажиллагааг сонирхсон юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Эрчим хүчний яамны захиалгаар 10 мянган зуух нийлүүлэх гэрээг үндэсний үйлдвэрлэгч компаниудтай байгуулсан. Гэрээний хугацаа энэ сарын 25-нд дуусна. Гэрээнд зааснаар бэлэн болсон зуухаа хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үнээр худалдаалах бөгөөд агаарын чанарын алба түүнийг баталгаажуулснаар зөрүү үнийг тухайн компанид олгох юм.
Тухайлбал, “Анард” компани гэхэд 5000 зуух нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй зуух хийснээс 30 ширхэг нь л баталгаажиж, төлбөрийг олгосон аж. Тус компанийн захирал Энхтайваны хэлж буйгаар хөрөнгө мөнгөний дутагдлаас болж гэрээнд заасан 5000 зуухыг нийлүүлэх боломжгүйд хүрчээ.
Харин албаныхан энэ тал дээр анх гэрээ байгуулахдаа чадна гээд хийсэн. Эхлээд хөрөнгө мөнгөний туслалцаа өгнө гэж тохироогүй, хэрэглэгчдэд хүрсний дараа баталгаажуулж зохих төлбөрийг олгоно. Гэрээний хугацаа дуусгавар болж байхад энэ мэтчилэн шалтаг ярьж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байв. Үндэсний үйлдвэрлэгч компаниас гадна Мянганы сорилтын сангийн төслөөр хоёр компани зуух импортолж байгаа.
Эдгээр нь иргэдийн сайн мэдэх “Дөл”, “Хас”, “Өлзий” зэрэг зуух юм. “Рояал өүшин” компани гэхэд “Хас” зуухыг урд хөршөөс оруулж ирдэг. Гэхдээ хийх арга, технологи, зураг төслийг тус компани бүрэн хариуцаж, урд хөршид зөвхөн зуух угсрах ажлыг хийдэг байна. Эднийх одоогоор 3000 ширхэг зуухыг хийж, худалдаалахад бэлэн болгожээ.
Харин гэрээнд заасан нөхцөлийг хамгийн сайн биелүүлж, заасан хугацаанд зуухаа нийлүүлэх боломжтой болсон компани нь “Сэлэнгэ констракшин” байв. Турк улсаас оруулж ирдэг “Хас”, “Өлзий” зуухны борлуулалт бусад зуухнаас илүүтэй байдаг нь үнийн хөнгөлөлттэй холбоотой байна. Мянганы сорилтын сангийн хөнгөлөлтөөр иргэдээс 25 мянга орчим төгрөгөөр худалдаалах юм.
Импортлогч компанийн худалдаалах зуухны үнэ илүү хямд байгаад үндэсний үйлдвэрлэгчид гомдолтой байгаа аж. Учир нь хэдийгээр хүч хөдөлмөр зарж хийсэн ч иргэд хямд үнэтэй гээд импортлогч компанийн зуухыг сонгодог гэнэ. Энэ нь Мянганы сорилтын сангийн төсөлд үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн зуух шаардлага хангахгүй байгаатай холбоотой аж.
Орлогч дарга Д.Пүрэвдаваа эл асуудалд анхаарч, бүх үйлдвэрлэгч компанийн бүтээгдэхүүнийг ижил үнээр худалдаалж, шударга өрсөлдөөнийг бий болгоно гэдгээ ажлын явцтай танилцах үеэр хэлж байлаа.
Бүрэн шаталтат, утаагүй зуухыг иргэдэд худалдаалснаар агаарын бохирдол буурна гэж үзсэн. Мөн боловсруулсан түлш борлуулах юм. Өнгөрсөн жилийн туршлагаас харахад модны үртсийг дахин боловсруулж хийсэн түлшний үзүүлэх үр дүн өндөр байжээ. Тиймээс энэ жил ч хязгаарлалтын бүс нутагт дахин борлуулахаар төлөвлөсөн. Түлш дахин боловсруулахад их хэмжээний утаа ялгарч, агаар бохирдуулдаг учир үйлдвэрийг хотоос гадна байлгах шаардлагатай аж.
Гэтэл “Ворм энержи” компани хот дотроо үйл ажиллагаа явуулж байгаа нь шаардлагад нийцэхгүй байв. Үүнд тус компанийн захирал П.Бүүвэйбаатар “Бид энэ шаардлагыг ойлгож байгаа. Тиймээс ирэх сарын 1-нээс эхлэн 22-ын товчооны цаана буюу үйлдвэрээ хотоос нүүлгэхээр барилгын ажлаа эхлүүлсэн” гэлээ.
Ямартай ч зуух нийлүүлэгчдийн ажил хэвийн үргэлжилж байв. Харин зарим хариуцлагагүй компаниас шалтгаалж энэ жил иргэдэд хөнгөлөлтэй үнээр худалдаалах 10 мянган зуух тоо ёсоороо бүрдэхгүйд хүрсэн бололтой.
tsag
URL: