Налайхын иргэд балагт Б.Баяндэлгэрээс залхаж бас ичиж байна
Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэж үг бий. Мөн муу юм модон улаатай ч гэж ярьдаг. Тэгвэл Налайх дүүргийн иргэд “луйварчин” цол зүүгээд олон жилийн нүүр үзэж буй Засаг даргаасаа ясаа хавталзтал ичдэг гэнэ.
Тус дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байхдаа элдэв хэл аманд өртдөггүй сайн нэртэй нэгэн байж. Харин 2000 онд дүүргийн Засаг даргын орлогч болсноосоо хойш идэж ууж, завшиж залгих “эрдэм”-д чамгүй суралцжээ. Улмаар 2009 онд Засаг ноёны суудалд заларсан биш бүр дийлдэхээ болив. Төрийн мөнгийг өөрийн мэдлийн компани руу цутгадаг, гадаадын компаниудад газар зарж “цөм хийдэг”, ядарсан иргэдээ дарамталж мөнгө татдаг гээд түүний талаар саар мэдээ тасардаггүй. Гэхдээ энэ бүгд зүгээр нэг цуу яриа төдий биш, хөдөлшгүй баримтаар нотлогдсон үнэн гэдэг нь харамсалтай.
Б.Баяндэлгэрийн нэр холбогдсон хэргүүдээс хамгийн ноцтой нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан” группт 300 га газар их хэмжээний мөнгөөр зарахыг завдаж, 320 га газар эзэмших гэрчилгээ олгож өгнө хэмээн амлаж 50 мянган ам доллар хахуульд авсан гэх хэрэг юм. Тодруулбал, энэ хүн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний авлига авсан байж болзошгүй тул АТГ-аас түүнийг шалгасан юм. Хэргийг шалгах явцад түүнд 50 мянган ам.долларын хахууль өгсөн гэдгээ “Жэхун” группийн ажилтан Хан Мон Лоу хүлээсэн байдаг. Гэтэл түүний хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарсан. АТГ шалгаж, авлига өгсөн хүн нь нотолчихоод байхад “хэрэгсэхгүй болгосон” гэдэг нь хачирхалтай.
Үүнээс гадна Налайхын уурхайн нөхцөлийг сайжруулах зорилгоор тавьсан хатуу хучилттай замыг дур мэдэн хуулж, өөрийн мэдлийн “Хөх Налайх” цэцэрлэгт хүрээлэн рүү татсан, өөрийн хамаатан Б.Өлзийдэлгэр гэгчийг Эрүүл мэндийн нэгдлийн даргаар томилж, улмаар хуурамч дэвтрээр ЭМД-ын сангаас их хэмжээний мөнгө “идсэн” гэх мэтээр түүний луйврыг тоочоод барахгүй.
Ер нь Засаг дарга гэлтгүй бүх л албан тушаалтан аливаа хэрэг, маргаанаас хол шударга үнэнч ажиллаж байж л иргэдийнхээ итгэлийг хүлээнэ шүү дээ. Харин Б.Баяндэлгэр гэдэг хүний хувьд бол нэр нүүрээ бодох, ичиж эмээх гэсэн ойлголт огт байдаггүй бололтой. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед түүний бүх паянг налайхчууд төдийгүй улс даяараа мэддэг болж, амтай бүхэн шуугиж байна. Ямар сайндаа л ийм тааруухан Засаг даргаасаа ичсэн иргэд нь “Ажлаа муу хийдэг байсан ч хамаагүй авлига, луйварт холбогддоггүй удирдлагатай болохсон…” хэмээн халаглаж байх вэ.
Интернэт сайтууд дахь түүний тухай таагүй мэдээллүүдийн дор Налайхын иргэд “Ичиж үхмээр юм. Ийм Засаг даргатай байгаадаа нүүр халуу шатаж, хийх газраа олохгvй байна. Юу ч хийгээгvй байж юун цэцэрлэг,сургууль байгуулбал дагаад хуйлраад ирнэ гэж. Ядаж vйлдвэрлэлийн район болговол гэж хэлээч”, “Налайхын хөгжил дэвшилд оруулахаар 2011 онд авсан 32 тэрбум төгрөг яасан бэ. Өрхийн эмнэлгүүдэд УИХ-ын гишүүдийн өгсөн машин яасан бэ” гэх мэтээр бухимдаж, хариуцлага нэхсэн байна.
Түүнчлэн, тус дүүрэгт оршин суудаг өндөр настан Ц.Бадамжав “Манай Засаг дарга бүх юм сайн сайхан болж байгаа гээд яриад байгааг ойлгохгүй л байна. Үндсэндээ манай дүүргийн нийт иргэдийн 70 хувь нь хүндхэн амьдарч байгаа. Тэгээд юу ч хийгээгүй байж сонгууль дөхөхөөр дахиад сайхан болгох тухай яривал би л хувьдаа итгэхгүй” хэмээн ярьж байлаа.
Бодит байдал дээр иргэд нь түүнийг дэмжих байтугай үзэж чадахгүй байхад мань Б.Баяндэлгэр хувийнхаа сониноор өөрийгөө мундаг хүн мэтээр байнга магтуулж, бусдыг дайрч доромжилдог аж. Тодруулбал, түүний эхнэр Д.Батчимэг нь “Налайхын амьдрал” сонины эрхлэгч юм байна. Гэвч сүүдэр шиг муу нэр даравч дардайж, булавч бултайдаг учраас балаг нь барагддаггүй Б.Баяндэлгэрээс иргэд нь хүртэл ичдэг болж.
Албан тушаалаараа ашиг хонжоо олдог, авлигын хэрэг нь нотлогдсон ч “аав”-ын хаалга татдаггүй энэ зайтай эрийн талаар сөхөх булхай, бичих баримт хэтэрхий олон бий. Энэ бүхэн бол түмэнд ил болсон нэгээхэн хэсэг нь л юм.
http://news.undesten.mn/news/17336
URL: