Яамдуудын дэд сайд нарын хэн нь хэн бэ

 

Сонгууль болсоноос хойш хэдийнэ гурван сар өнгөрчихөж. Гэсэн ч “Шинэчлэлийн” гэх тодотголтой Н.Алтанхуягийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэж амжилгүй гурван сарыг үдсэн. Харин өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дэд сайдууд болон зарим агентлагийн дарга нарын томилгоог хийснээр “даргын томилгоо” одоо л дуусах шинжтэй байна.

 

Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн дараа ялсан намын “бялуу” хуваах ажил, тэр бялуунаас хэн нь томыг авч, хэн нь хэсгээс нь амсах, хэн нь хэнийгээ нэр дэвшүүлсэн, хэн нь хэнээсээ илүү болох гэсэн таамаглал өрнөж, тэр хэрээрээ албан тушаалтнуудын дунд бяцхан өрсөлдөөн үүсдэг бичигдээгүй хууль энэ удаад ч хүчтэй байлаа.

 

Дэд сайдын суудал бол зарим хэл амтай нөхдүүдийн “амыг таглах“-ын тулд л байдаг гэгддэг. Томилогдсон дэд сайдуудын дунд “ам таглах” төдийхөн нөхдүүд байгаа бол зарим нь ажлаа мэддэг, албан  тушаалдаа бардаад, төрийн ажлыг хойш нь татаад байхааргүй хүмүүс ч олон байна. Шинэчлэлийн Засгийн газарт хамтарч байгаа “Шударга ёс” эвсэл болон АН-ын хамтарч ажиллах гэрээнд дэд сайдуудыг сөөлжүүлж томилохоор болсон. Гэрээний дагуу дэд сайдуудыг томилж чаджээ.

АН-ын дэд сайдууд фракциудын төлөөллийг бүрэн хангаж чадлаа

Ингэж дүгнэх шалтгаан нь тодорхой. АН-ын голлох фракциуд хүмүүсээ хангалттай оруулж ирсэн байна. “Алтангадас” фракци дэд сайдад мөн л толгой цохиж араас нь МоАХ, “Нэг ардчилал”, “Шонхор”, “Мөнхтэнгэр”, “МҮДН” фракциуд удаалжээ.   Хийморийн сан тавиулахдаа хүрч, “чөтгөр шүглэсэн” хэмээн өдөр болгон өрөөл бусдаас муу муухайг сонсч байгаа барилгын салбарыг Ц.Баярсайхан сайдтай авч явах үүрэг Гочоосүрэн зааны охин Байгальмаад ногдсон байна. Тэрбээр МоАХ-ны гал тогоо, арын албыг тун чамбай залгуулж байсан учраас улс орны “өргөө гэр” болсон барилгын салбарт эмэгтэй хүний хатан ухаанаар хандаж, муу нэрнээс нь ангижруулах биз ээ.

 

Г.Байгальмаа мөн л хуульч, эрхзүйч мэргэжилтэй бөгөөд МоАХ-ны нарийн бичгийн даргаар тасралтгүй таван жил ажилласан удирдах ажлын туршлагатай залуу улстөрч эмэгтэй юм. Фракциудад оногдсон бялууны зүсэм түүнийг дэд сайд болгож байгаа хэрэг гэж үнэлэхээс илүүтэй салан задгай болсон барилгын салбарын ажлыг эмхэнд нь оруулахад чухал үүрэг гүйцэтгэх биз ээ. Лу.Болд сайдаар удирдуулж байхдаа тэргүүлэгч яамдын нэг байсан Батлан хамгаалах яамны дэд сайдаар Бельги улсад Элчин сайд, 1998-2000 онд Гэгээрлийн сайдаар ажиллаж асан А.Баттөр ажиллана.

 

Гадаад дотоодод ажиллаж, амьдарч, салбарынхаа талаар хангалттай мэдлэг хуримтлуулж чадсан А.Баттөрийн хувьд МоАХ-ны нэр дээр дэд сайдын суудал авчээ. Ардчилсан Засгийн газар хуучин байсан БСШУ-ыг салгаж, хоёр шилдэг, залуу боловсон хүчинд хариуцуулсан. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ажлаа авсан өдрөөсөө хойш салбарын ажлаа дэд сайдтай, сайдгүй шижигнүүлж байгаа. Залуу сайдын шаардлагад нийцсэн дэд сайд бол Б.Ургамалцэцэг юм. Багшийн их сургуулийн Сурган, сэтгэл судлалын бакалавр, АНУ-ын Бридж портын их сургуулийн боловсролын шинжлэх ухааны магистрын зэрэгтэй боловсролын салбарт хангалттай мэдлэг, туршлага хуримтлуулж чадсан учраас Л.Гантөмөр сайд түүнийг сонгосон хэрэг.

 

Түүнийг намын дарга Н.Алтанхуягийн фракц Алтангадасын гишүүн гэдгийг хүмүүс мэднэ. Б.Ургамалцэцэг нь АН-д намын арын албанд буюу нарийн бичгийн даргаар ажиллаж байснаа сүүлд удирдах албан тушаалд дэвшсэн байна. Гадаад харилцааны дэд сайдын суудалд очих Д.Ганхуягийн хувьд дэд сайдын томилгоо яригдаж эхлэхэд л энэ албан тушаалд зоогдчихсон гэж хэлж болно. Д.Ганхуяг Гадаад харилцааны  яамны Консулын газрын даргын албыг хашиж байсан учраас гадаад харилцааны салбарыг хамгийн сайн мэддэг хүн. АН-ын аль нэг фракцийн харьяалалд байдаггүй.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “халаасны хүн” учраас дэд сайдын албан тушаалд Ерөнхийлөгчийн “сойсон” хоёр хүний нэг гэж үзэж байгаа юм. Дараагийн дэд сайд бол хамгийн хариуцлагатай салбарыг Ч.Улаантай хамт удирдах ёстой хүн. Хямрал, төсвийн алдагдал, улс орны хөрөнгө оруулалт зэрэг төсөв санхүүтэй холбоотой асуудлуудыг улс төрд нэр нь дуулдаж байгаагүй ч бизнесийн салбарт нэлээд нэр хүндтэй “Гангар инвест” компанийн захирал С.Пүрэв Ч.Улаантай мөр зэрэгцэн хямралын эсрэг тэмцэх нь ээ. С.Пүрэв МҮДН буюу УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын фракцийн төлөөлөл.

 

“Брэнд” яамыг толгойлж байгаа Ц.Оюунгэрэл сайдтай хамтран ажиллах хүн бол “ТМ” телевизийн захирал Н.Түмэнжаргал юм. Өнгөрсөн сонгуулиар дөрөвдүгээр тойрог буюу Булган аймагт АН-аас нэр дэвшээд ялагдал хүлээсэн нэгэн. Н.Түмэнжаргалын хувьд аль нэг фракцийн төлөөлөлд ордоггүй  учраас дэд сайдын таамаглалд нэр нь гараагүй “битүү морь” байсан бололтой. Хүн амын  хөгжил, нийгмийн хамгааллын  дэд сайдаар Э.Тамир ажиллана. Түүний хувьд улс төрийн туршлага гэхээр зүйл бараг байхгүй. Э.Тамир нь “Коматцу” компанийн захирлаар ажилладаг. Хан-Уул дүүргээс ИТХ-д хоёр ч удаа суусан.

 

Мөн “Нэг ардчилал” фракцийн гишүүн гэсэн тодотголтой. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хоёр дэд сайдтай байх бөгөөд Б.Цогтгэрэл, Ц.Туваан нар энэ албанд томилогдлоо. АН-ын ҮЗХ-ны гишүүн Ц.Тувааны хувьд Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгдоржийн хүү. Төв аймгийн АН-ын ҮЗХ-ны гишүүн, Чингэлтэй дүүргийн ҮЗХ-ны гишүүнээр ажиллаж байсан. УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай нэлээд ойр дотно ажилладаг бөгөөд “Шонхор” фракцийн гишүүн юм. “Шударга ёс” эвслийн сайд Н.Удвалтай хамтран “энхийн манаанд” ажиллах дэд сайд бол Ардчилсан залуучуудын холбооны дарга Ж.Амарсанаа ажээ.

 

“Нэг ардчилал” фракцийн гишүүн түүнийг Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын сайдууд татаж чангаасаар гаргаж ирж байгаа төдийгүй Японд явж эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн учраас эрүүл мэндийн яамны дэд сайдад тохирно гэж үзжээ. Ж.Амарсанаа нь Оточ Маарамбын Дээд сургууль төгссөн, АУИС-д магистр Хавдар судлал, Вирус судлал, Дотор судлал, Уламжлалт Анагаах ухаанаар мэргэшсэн салбараа сайн мэддэг дэд сайдын нэг байж чадах нь ээ. Зам, тээврийн дэд сайдаар Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Х.Ержан ажиллана.  “Алтангадас” фракцийн гишүүн, Н.Алтанхуяг сайдын хүн гэсэн үг.

 

Ержаны аавыг Хабшай гэдэг бөгөөд АН-д 22 жил зүтгэсэн нэгэн. Х.Ержан нь Эрхүүгийн политехникийн их сургуульд инженерийн мэргэжлээр суралцаж төгсөөд Тайванийн Удирдлагын комиссын сургуулийг дүүргэсэн байна. Хамгийн олон магадлал яригдаж, нэлээд олон хүн нэр дэвшиж, тэр хэрээрээ маргаан дагуулсан дэд сайдын суудал бол Уул уурхайн яамны дэд сайд юм. Монгол Улсын хөгжлийн салбар болсон, хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болсон Уул уурхайн салбарыг Д.Ганхуяг сайдтай хамтарч барих дэд сайд нь О.Эрдэнэбулган юм байна.

 

О.Эрдэнэбулган “Алтангадас” фракцийнх. 2005 оноос хойш Сүхбаатар аймгаас АН-ын ҮЗХ-ны гишүүн болж ажилласаар өнөөдрийг хүрчээ. Тэрбээр Итали улсад уул уурхайн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан туршлагаараа энэ салбарт өөрийгөө тохирно гэж үзсэн бололтой. Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв сонгуулийн өмнөөс л өөрийнхөө пиарыг хийж эхэлсэн бөгөөд бялууны зүсэм өөрт нь ирнэ гэдгийг мэдэж байсан. Төв аймгаас УИХ-д сонгогдохоор АН-аас олон удаа нэр дэвшсэн ч нэг ч удаа ялалт байгуулаагүй ч “Мөнхтэнгэр” фракцийн гишүүний хувьд фракцийн төлөөлөл болж Эрчим хүчний дэд сайдын суудал авч чадлаа.

“Шударга ёс” эвсэл үнэнчээр зүтгэсэн албатуудаа шагнав

“Шударга ёс” эвсэлд хамгийн их маргаан тарьсан асуудал дэд сайдын суудал байсан. Өмнө нь сайдын суудалд МАХН илүү эрх эдэлж 70:30 гэсэн харьцаагаар хандсан учраас МҮАН-д нэг сайдын суудал ногдсон. Харин энэ асуудал эвслийн дунд нэлээд үл ойлголцол үүсгэж 70:30 гэсэн харьцааг дэд сайдын суудалд баримтлахгүй гэдгээ хэвлэлээр дамжуулан илэрхийлж, эвсэл дундаа нэлээд маргалдаж, бүр салах хагацахдаа хүрч байсан. МҮАН энэ удаад энэ байр сууриа баттай хамгаалж чадсанаар таван дэд сайдын хоёрыг нь авч чадлаа. МАХН-аас гурван дэд сайд засагт орж ажиллахаар боллоо.

 

Ерөнхий чиглэл үүргийн яам болох Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайдад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүн, Н.Энхбаярын туслах Б.Тулга томилогдлоо. Энэ залуу МАХН-ын дарга Н.Энхбаяр авлигын хэрэгт холбогдож эхэлсэн цагаас ард түмэнд танигдаж, ял зэмийг нь хамтдаа үүрч, баригдахдаа баригдаж, жагсахдаа жагсч байсан учраас МАХН-аас дэд сайдын суудал “шагнал”-д авсан нь энэ юм. Америкт боловсрол эзэмшсэн Дархан-Уул аймгийн уугуул “хүүхдэд” байгаль орчны мэдлэг ямар хэмжээнд байгаа нь ирэх өдрүүдэд харагдах биз ээ.

 

Хатуу, ширүүн, хариуцлагатай залуу улстөрч, сайдын шалгуурт тэнцсэн гэхээсээ илүү сөөлжүүлэх гэрээний дагуу, намын даалгавараар орж ирсэн дараагийн дэд сайд бол хуульч Э.Эрдэнэжамъяан юм. Тэрбээр хуульч, эрхзүйч мэргэжилтэй. Шихихутаг их сургуульд сурч мэргэжил эзэмшиж Удирдлагын академид магистрын зэрэг хамгаалсан байна. Энэ мэргэжлээрээ “Эрдэнэс МГЛ”-ын хуулийн хэлтсийн даргаар хэсэг хугацаанд ажиллаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАХН-д элссэн түүхтэй. Н.Энхбаярын гарын хүн гэгддэг Н.Эрдэнэжамъяаныг Н.Энх­баярын хэргийг хэрэг­сэхгүй болгоход голлох үүрэг гүйцэтгэх намын даалгавар авч Хууль зүйн яамны дэд сайдаар ажиллахаар орж ирсэн бололтой.

 

Тэрбээр Шударга ёс хуульчдын эвслийн тэргүүнээр ажиллаж, АТГ-ын алдаа оноог зоригтой шүүмжилж байсан, мэргэжил нэгт нөхөддөө үнэлэгдсэн хуульч учраас салбарын ажлаа сайдтайгаа хамтраад дөмөгхөн хийчихэж чадах болов уу. О.Чулуунбатын хувьд бусад дэд сайд нараасаа нэлээд олонд танигдсан. УИХ-ын гишүүн асан. МАН-аас урваж МАХН-д элсэгчдийн нэг. Үүнийхээ шагналд тэрбээр Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллахаар боллоо. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох шинэхэн яамны дэд сайдаар түүнийг томилох болсон нь эдийн засгийн мэдлэг, туршлагыг нь харгалзан үзсэн болов уу.

 

Ажилтай орлоготой иргэдийг олноор бий болгох АН-ын гол мөрийн хөтөлбөрийг биелүүлэх шинэхэн яам болох Хөдөлмөрийн яамны дэд сайдаар Ж.Батхуяг ажиллана.  Ж.Батхуяг Батлан хамгаалахын сайд асан. 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож дөрвөн жил ажилласан түүхтэй. 1987-1988 онд Москвагийн улсын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн, 1992-1993 онд АНУ-д Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн, 1997-1999 онд АНУ-ын Денвер хот дэх Колорадогийн их сургуульд суралцаж Эдийн засгийн ухааны мастер болсон гэх мэтээр энэ салбарт суралцаж ажилласан түүх их.

 

“Эх орон” эвсэл задарч АН-аас хэсэг нөхөд салж гарахад М.Энхсайханыг дагасан байна. Хамгийн их ажилтай, хүнд хэцүү ажилтай салбар бол Үйлдвэр, хөдөө аж ахуй. Зам тээвэр, барилга хот байгуулалтыг хөл дээр нь босгож чадсан Х.Баттулга сайдад АН итгэл үзүүлж энэ яамыг өгсөн. Хөдөө хөхөрч, гадаа гандах их ажлыг нь нугалалцах хоёр дэд сайдын нэг нь МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл байх нь. МҮАН-ын цөөн хэдэн боловсон хүчний нэг Б.Цогтгэрэл маш олон жил МҮАН-ын төлөө зүтгэ­сэн. Хүнд хэцүү цаг үед нь М.Энхсайхан даргаасаа урваагүй учраас МҮАН-ын дарга М.Энхсайхан ачийг нь хариулж чадлаа.   Б.Цогтгэрэл нь өөрөө эдийн, засагч, хуульч мэргэжлээр суралцаж төгссөн. “Ажнай” корпо­раци, Шадар сайдын улс төрийн зөвлөх гэх мэтээр олон ажил хийж байсан.

Б.Өнөртогтох

Эх сурвалж:”Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих