Мэргэжлийн сумогийн 70 дахь аваргаар Монгол хүн төрлөө
Японы сумо бөхийн дэвжээнээ хүчийг үзүүлэн, сүрийг гайхуулж яваа Харүмафүжи Д.Бямбадорж макүүчи зиндаанд босоо байж, Аки башёд түрүүлэн ёкозүна цол хүртэж, монгол түмнээ баярлууллаа.
Японы сумо бөхийн холбоо түүнд “Энэ башёд түрүүлбэл их аварга цол өгнө” хэмээн ам гараад байсан юм. Харүмафүжи өмнөх башёд ч нэг ч уналгүй түрүүлсэн. Ингээд тасралтгүй хоёр башёд өвдөг шороодоогүй Монголын хүчит хүү их сумогийн хүрч болох хамгийн өндөр оргилд ноён суулаа.
Нэгэн цагт Их аварга, МУГТ Д.Дагвадорж зодог тайлах үедээ “Тэр хүүд итгэл хүлээлгэж байна. Захиж, хэлсэн юм бий” хэмээсэн билэгтэй үг эдүгээ Харүмафүжигийн ёкозүна цолны утга учрын нэг байсан мэт.
Тэрбээр хамгийн сүүлчийн өдөр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, МУГТ М.Даваажаргалтай таарч барилдсан бөгөөд хэрэв Харүмафүжи ялагдвал нэмэлт барилдаан гарах байсан. Гэвч өөгүй, үзүүштэй барилдаан гаргасан хоёр бөхийн барилдаанд Харүмафүжи аварга ялалт байгуулж, ёкозүна цолыг хүртлээ.
Т.Батсугар
URL: