Төрд зүтгэх гэж байгаа бол ядаж сонгууль өгч, цэрэгт явсан уу
Орон нутгийн сонгуулийн тухай хуульд “Сонгууль өгөөгүй бол төрд ажиллуулахгүй” гэсэн заалт оруулсан. Гэтэл УИХ дахь МАН-ын гишүүд эсэргүүцсээр байгаад энэ заалтыг хасуулчихлаа. Уг нь их хэрэгтэй заалт байсан юм. Төр байгуулалцаагүй байж төрд ажиллана гэдэг инээдэмтэй хэрэг. Нэг үгээр хэлбэл сонгуульд саналаа өгдөггүй хүн яаж төрд зүтгэж чадах билээ.
Цэргийн алба хааж үзээгүй хүн ч мөн ялгаагүй. Тэгэхээр цэргийн алба хаагаагүй хүнийг ч төрд ажиллуулахгүй гэсэн заалтыг энэ хуульд давхар суулгаж өгмөөр байгаа юм. Цэрэг эрс Монгол Улсын аюулгүй байдлыг хамгаалдаг.
Тэгвэл Монгол Улсын иргэн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд сонгууль өгч төрөө байгуулалцдаг юм. Тиймээс цэргийн алба, сонгуульд саналаа өгөх хоёрыг адилтгаж үзэх учиртай. Ядаж цэргийн алба хаасан, сонгууль өгдөг хүн төрд зүтгэх нүүртэй байх ёстой. Ингэж байж иргэдийн хариуцлага нэмэгдэнэ. Тэгэхгүй бол хашаатай хониноосоо ялгагдах юм алга. Харин төрд зүтгэж буй хүмүүстээ хувьцааны ноогдол ашиг гэх мэтийн дэм өгч бас дэмжих тогтолцоо бий болгох учиртай. Дэмжиж болсон юм дараа нь хариуцлага нэхэхэд асуудалгүй шүү дээ. Энэ нийгэмд ингэж хариуцлагаа мэддэггүй хүмүүсийг хашаатай хониноос ялгаатай болгоё.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ
URL: