ОСЛЫН ГАЗАРТ ИНЭЭСНИЙ УЧИР АЖЛААСАА ХАЛАГДАВ

ЛОНДОН./ВВС/. Өндөр албан тушаал хашдаг нэгэн хятад түшмэл зам тээврийн ноцтой осол болсон газарт байх үедээ

инээсний учир ажлаасаа халагдсан байна. Түүний инээж буй зургийг интернэтэд тавьжээ.
Төв Хятадын Шэньси мужийн Үйлдвэрлэлийн аюулгүй байдлын газрын дарга Ян Дацай “ажлын сахилга батыг ноцтойгоор зөрчсөн” үндэслэлээр ажлаасаа халагдсан байна.
Наймдугаар сарын 26-нд нэгэн давхар автобус шатахуун ачсан ачааны тэрэгтэй мөргөлдсөний улмаас гал гарч, 36 хүн амиа алдсан ноцтой осол гарчээ. Энэ үеэр Ян Дацайгийн инээж буй зургийг нэгэн гэрэл зурагчин аваад интернэтэд тавьсан нь тэр дороо олон нийтийн анхаарлыг татах болов. Төд удалгүй “инээмтгий дарга” хэдэн арван мянган долларын үнэтэй цаг зүүдэг нь интернэт хэрэглэгчдийн хараанд мөн өртжээ.
Яагаад инээснийх нь учрыг асуухад Ян Дацай “осол болсон газарт очиход надад тун хэцүү байсан. Залуу албан хаагчид надад байдлыг илтгэх үедээ сандралдаж байсан. Тэгэхээр нь би тэднийг тайвшруулах гэж оролдож байгаад тун тохиромжгүй үед ийм байдал гаргасан” гэж ярьсан байна.
Тэрбээр зүүж байгаа цагаа шударга хөдөлмөрөөрөө худалдан авсан хэмээн баталж байна. Энэ брэндийн хамгийн үнэтэй цаг 35 мянган юань /5.5 мянган доллар/ байдаг гэнэ.
Хятадын иргэд интернэтэд байрлуулсан гэрэл зургуудыг ашиглан нэг бус удаа орон нутгийн түшмэдийг илчилж байгаа юм.
2009 онд Нанкин хотын Үл хөдлөх хөрөнгийн газрын дарга Жоу Цюгэн гэгч хахуулийн хэргээр 11 жилийн хорих ял сонссон байна.Тэрбээр үнэтэй тамхи татаж, тансаг цаг, автомашинаар гангарах дуртай байжээ.
Б.Адъяахүү 


URL:

Сэтгэгдэл бичих