ХЯТАДЫН ХЯМРАЛ МОНГОЛЫН НҮҮРСЭНД НҮҮРЛЭЛЭЭ

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2012 оны эхний хагас жилд 7.6 хувь болж, 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн бага түвшиндээ хүрэв. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын хоёр дахь давалгаа Хятадаас эхэлнэ гэсэн олон улсын шинжээчдийн таамаг үнэн болохыг харуулж эхлэв.

Бид эхний давалгааг торолгүйгээр давчихсан. Тэр үед Европын олон улс орныг бүхэлд нь хуйлруулж байсан энэ давалгаанд хятадууд “Цагаан хэрэм” шигээ биднийг хааж, хамгаалж үлдсэн. Харин одоо манай эдийн засгийн гол цайз болсон Хятад улс давалгаалж эхэллээ.

Сарын өмнөхөн буюу өнгөрсөн наймдугаар сарын 24-нд БНХАУын үйлдвэрлэлийн индекс анх удаа гурван сар дараалан 50 хувиас доош уналаа. Энэ нь дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч БНХАУ-ын үйлдвэрлэл буурч буйн том нотолгоо болов. Том бүтээн байгуулалтууд нь танагдаж, үүнийгээ дагаад дотоодын үйлдвэрлэл нь буурч байна. Тэр тус маа гангийн, төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эд болох коксжих нүүрсний эрэлт багассан нь манай нүүрсний зах зээлд ч нөлөөлж эхлэв. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголын баяжуулсан болон коксжих нүүрсний экспорт 61,8 хувиар, экспортын үнэ 23-29 хувиар буурчээ. Хятадад үргэлжилж буй энэ уналт, бууралт сүүлийн 3-4 сарын турш үргэлжилж байна.

Хятадын Үндэсний нүүрсний ассоциацийн мэдээлснээр тус улсын нүүрс олборлогч томоохон 90 компанийн ашиг орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.8 хувиар буурчээ. “Yanzhou coal” компани гэхэд эхний хагас жилд 2.83 тэрбум юань буюу 448 сая ам.долларын ашигтай ажилласан нь 2011 оны эхний хагасаас 43.7 хувиар багассан үзүүлэлт аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Ву Юушан “Ийнхүү ашиг буурсан нь нүүрсний үнэ огцом унасан болон эхний хагас жилд хэт их илүүдэл нөөцтэй байсан зэргээс шалтгаалсан” гэж хэлжээ. Өмнө нь Орос найтаавал Монгол хатгаа тусдаг байсан бол харин энэ удаад Хятад хямарвал, Монгол хоосрох зах зээлийн хатуу шалгуур хаалга тогшиж эхлэв.

Хямралын хоёр дахь давалгаа БНХАУ-аас эхэлсэн тохиолдолд өмнөхөөсөө нэлээд хүнд тусаж болзошгүйг шинжээчид анхааруулж байгаа. Зарим улс орон Хятад нүүрсний зах зээлээ хумисныг Монголын нүүрсний үнийг унагах бодлого хэмээн тайлбарлаж буй ч өнөөдөр БНХАУ-ын дотоодод үүссэн олон нөхцөл байдал үүнийг тийм биш гэдгийг нь баталж эхлээд байна. ОХУын зарим хэвлэлээр үүнийг хямрал биш урт хугацаатай зогсонги байдал ч хэмээн тайлбарлан, мэдээлж буй юм. Магадгүй Хятадад бий болсон эдийн засгийн уналт, үйлдвэрлэлийн бууралт нь оросуудын тайлбарлаж байгаачлан зогсонги байдал бол энэ нь хямралаас ч илүү аюултай мухардалт хэмээн эдийн засагчид үзэж байна. Хоёрхон хоногийн өмнө ОХУ-ын Эр дэс баялгийн яам ирэх онд БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээгээ 15 сая тоннд хүргэж, 50 хувиар нэмэгдүүлэхээр болсныг http:// en.sxcoal.com-д мэдээлжээ.

Жилд 20- 30 сая тонн нүүрс БНХАУ-д экспортолж буй манай орны хувьд Оросын энэ тоо тийм ч том сонсогдохгүй байж магадгүй. Гэхдээ саяхан л үйлдвэрлэлд илүүтэй анхаарахаа мэдэгдэж байсан оросууд ийнхүү бүтээн байгуулалтаас татгалзаж, нүүрсээ экспортлохоо мэдэгдсэн нь монголчууд бидэнд бас нэгэн дохио өгөв. Экспортын хувьд тэртусмаа нүүрсний экспортын хувьд Хятадаас бүрэн хамааралтай Монголын хувьд өрсөлдөгч болсноо тэд ийнхүү зарлаж буйг үгүйсгэх аргагүй. Оросын хувьд их гүрэн, геополитикийн ашигтай байдал зэргээ тооцоолон Хятад руу түүхий эдийн экспортоо нэмэгдүүлэн, Европт үүсээд байгаа эдийн засгийн таагүй үеийг даван туулах гэж байна. Гэхдээ энэ нь Монголд халгаатай байдал үүсгэж болзошгүй. Магадгүй цаашид Азийн зах зээлд анхаарал хандуулах эхлэл ч байж мэднэ. Тиймээс ОХУ-аар дамжуулан Япон, Солонгост нүүрс гаргахаар төлөвлөж буй бидний хувьд зах зээлээ хамгаалахын тулд өнөөдрөөс толгойгоо ажиллуулах шаардлагатай болоод байна.

2012 оны төсөвт тусгаснаар нийт 31,5 сая тонн нүүрс экспортлохоор баталсан. Гэтэл энэ оны эхний долоон сарын байдлаар дөнгөж 11.3 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь нүүрсний экспортын төлөвлөгөө есөн сая орчим тонноор багасгахаар байна.

Боловсруулсан нүүрсний үнэ өнгөрсөн онд 190 ам.доллар байсан. Харин энэ оны долоодугаар сарын байдлаар 23 хувь буюу 43,3 ам. доллараар буурч 146,7 ам.доллар болсон. Цаашид ч үнийн энэ төсөөлөл улам буурах хандлагатай байгаа.

Гадаад болон дотоод нөхцөл байдал хүчтэй нөлөөлж эхэлсэн ийм үед нүүрсний экспорт Монголын эдийн засагт өмнөх шигээ өгөөжөө өгч чадахгүй болох магадлал өндөр байна. Тиймээс улсын эдийн засагт үүсэж мэдэх хямралд Монголын Засгийн газар бэлэн үү. Татвар нэмснээр түр амьсгаа авдаг жишиг манай Засгийн газарт бараг хэвшчихээд байгаа. Энэ нь Засгийн газрын хувьд толгой гашилгахгүй мөнгө олох хамгийн бэлэн, ядмаг арга.

Магадгүй хямралын сүүдэр хүүшилбэл уур уурхайн компаниудын татварыг нэмэх талаар хамгийн түрүүнд ярьж эхэлж ч мэднэ. Гэтэл бид өнөөдөр татвар нэмснээр хувийн хэвшлийнхнийхээ хоолойг боомилохоос цаашгүйг Австралийн жишээнээс харж болно. Нүүрсний олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Австрали улсын Куэнсланд мужийн Засгийн газар нүүрсний роялтийг 2,5-5 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Мужийнх нь Засаг дарга роялтийн хувь хэмжээг ихэсгэснээр бас л манай дарга нар шиг ирэх дөрвөн жилийн хугацаанд төсвийн орлогоо нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Гэвч Хятадад хямрал эхэлсэн, үйлдвэрлэлийн түүхий эдийн эрэлт багассан ийм эгзэгтэй үед бодлогогүй шийдвэр гаргасан нь компаниудыг уурхайгаа хааж, ажилчдаа олноор нь халахаас аргагүйд хүргээд байгаа. Тиймээс Хятадын хямралыг өөртөө наахгүйн тулд Куэнсландын Засаг дарга шийдвэрээ эргэн харахад хүрсэн талаар мэдээлжээ.

С.Баяр Ерөнхий сайд байхдаа хямралын эсрэг төлөвлөгөө гаргаж байсан санагдана. Тэдний зарим нь амжилттай хэрэгжиж 2008 оны хямралын үед үр дүнгээ өгсөн гэдэг юм билээ. Харин одоо ийм төлөв лөгөө шинэч лэлийн Засгийн газарт байна уу? Нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд галзуурч, Хятад Монголын өмнөд бүсийг үйлдвэрлэлийн түүхий эдийн гол баазаа болгож, нүүрс, мөнгийг харилцан урсгаж байсан үеэс Тогтворжуулалтын сан, Хүний хөгжлийн сан гээчийг байгуулж байсан. Экспортын хэмжээ нэмэгдэж, ашиг орлого олохын хэрээр уул уурхайн компаниудаас мөнгө хураадаг байлаа. Энэ сангуудын хөрөнгө мөнгө одоо ер нь байна уу? Хямрал буюу crisis-ийг улс орнууд өөр өөрсдийхөөрөө нээн, даван туулдаг. Нэг хэсэг нь уналт хэмээн хүлээн авч байхад, нөгөө хэсэг нь боломж болгон ашиглаж буй. Хямралын “ачаар” төрийн үрэлгэн зардлыг багасгаж, төсвөө хумиж, хөрөнгө оруулалтын үр ашгаа дээшлүүлсэн улс орны туршлага ч бий. Тиймээс монголчууд бид Хятадад нүүрлэн буй хямралын сүүдэрт сөхрөх үү, хямралыг хөгжил болон ашиглах уу гэдэг нь төр, засгийн тогтвортой, зөв бодлогоос хамаарах цаг ирээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих