МХБ-д бүртгүүлэх хураамжийг нэмжээ
Монголын хөрөнгийн биржид арилжааны шинэ систем нэвтрүүлсэнтэй холбогдуулан 2013 оны есдүгээр сарын 13-наас өмнө биржид шинээр бүртгүүлэх компанийн элсэлтийн хураамжийн төлбөрийг 30 хувиар нэмсэн байна. Энэ шийдвэрийг Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын хурлаар есдүгээр сарын 13-нд хэлэлцэн баталсан талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, арилжаанд шинээр бүртгүүлэх компанийн элсэлтийн хураамж ийнхүү нэмэгдсэн бол урьд нь бүртгэлтэй байсан компани нэмж үнэт цаас бүртгүүлэхэд 50 хувиар хөнгөлүүлэхээр болжээ. ТУЗ-ын хурлаар элсэлтийн хураамжийн төлбөрийн тухайд 12 саяас 240 сая төгрөг байхаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн үнэт цаас гаргагч нь хөрөнгийн биржид үнэт цаас бүртгүүлэх хүсэлтээ тавих бүрт гурван сая төгрөгийг өргөдлийн хураамжаар төлдөг байх тухай шийдвэр гаргажээ.
Ийнхүү Монголын хөрөнгийн зах зээлд гэгээ татуулна гэж амалж байсан Лондонгийн хөрөнгийн биржийн системийн шаардлага ёсоор арилжаанд шинээр хөл тавих компаниудад ихээхэн бэрхшээлтэй болсон талаар эдийн засагчид үзэж байна.
URL: