Тооцож барамгүй их алмааз

Өнгөрөгч долоо хоногт Оросын геологичид алмаазны аварга том ордын талаарх мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргаснаа зарлаж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр томоохон шуугианыг дэгдээлээ. Урьдчилсан таамгаар, Попигайн тогоон доторх алмаазны нөөц нь “хэдэн их наяд карат” байгаа нь Якутын нутаг дэвсгэр дээрх батлагдсан нийт нөөцөөс даруй хэдэн мянган дахин их гэсэн үг ажээ. Энэхүү ордыг 1970-аад оны үед илрүүлсэн байна. Гэхдээ өнөөдөр үүнд учиргүй баярлах хэрэггүй бололтой. Учир нь уг ордод олборлолт явуулах боломжтой эсэх, түүнд буй алмаазуудын шинж чанар зэрэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа аж.

1970-аад оны сүүлчээр Зөвлөлтийн геологичид 40 орчим сая жилийн өмнө унасан солирын ором болох Попигайн тогооноос алмаазын нөөц илрүүлжээ. Попигайн тогоо хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог. Тойргийн хэмжээ нь 100 км бөгөөд Якут, Красноярск мужийн хилийн зааг дээр оршдог. Тухайн үед Орос даяар нийлэг (синтетик) алмаазны үйлдвэрүүд баригдаж байсантай холбоотойгоор энэхүү ордын судалгааг зогсоожээ. Үүнээс гадна байгалийн гаралтай алмаазанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болдог тул тухайн үеийн ЗХУ-д нэгэн зэрэг томоохон хоёр төсөлд оруулах мөнгө байсангүй.

Гэлээ гэхдээ ордын хайгууллын ганц нэг ажлыг хийж чаджээ. Тодруулбал, тогоон доторх Ударный, Скальный гэсэн хоёр ордын нөөцийг үнэлж амжжээ. Тухайн үед геологичид судалгаа шинжилгээндээ тулгуурлан Ударный ордыг 7 тэрбум карат, Скальныйг 140 тэрбум карат алмаазын нөөцтэй гэж тогтоосон аж. Гэтэл энэ хоёр орд нь тогооны нийт талбайн ердөө 0.5 хувийг л эзэлж байгаа юм.

Ингээд геологичид тэртээх он жилүүдэд явуулж байсан судалгааны баримтуудыг эргэж судлаад дээрх хоёр орд бол тогоон доторх алмаазны нөөцийн өчүүхэн хэсэг нь юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. ОХУ-ын ШУА-ийн харьяа Соболевийн нэрэмжит Геологи, Эрдэс судлалын хүрээлэнгийн захирал Николай Похиленко тухайн бүс нутагт хэдэн их наяд карат алмааз байж болзошгүй хэмээн мэдэгдэв. Харьцуулахын тулд Якутад алмаазны батлагдсан нийт нөөц 1.4 тэрбум карат байдаг билээ.

Энэ бас юу ч биш аж. Аварга тогоон доторх алмаазууд бидний мэддэг алмааз биш гэнэ. Үүнийг тайлбарлъя. Солирыг газар унах явцад бий болдог нүүрстөрөгчийн зарим талст нь сонгодог алмаазаас талстын торлогоороо ялгардаг аж. Өөрөөр хэлбэл, ийм алмаазын талст нь дөрөв биш зургаан талтай байдаг ажээ. Солирыг унасны дараа чухамхүү ийм алмаазууд бүрэлдэн бий болдог агаад тэдгээрийг лонсдейлит буюу зургаан талт (гексагональ) алмааз гэж нэрлэдэг байна. Ийм алмаазууд энгийн кимберлит-алмаазаас даруй хоёр дахин өндөр хатуулгатай учир ирээдүйд аж үйлдвэрлэлд ашиглах бүрэн боломжтой ажээ.

Тэгэхээр алмаазыг ойрын үед олборлож эхэлнэ гэж дүгнэж болохоор мэт. Ингэсэн тохиолдолд ОХУ үнэт чулууны зах зээлд ноёрхлоо тогтоож, экспортын хэмжээгээ нэмж ганцаар тогтохгүй тэрбум доллар олж болно. Гэвч энэ талаар ярихад арай эрт байгаа ажээ.

Нэгдүгээрт, цэвэр техникийн талын хүндрэл бий гэнэ. Лонсдейлитээс алмаазыг шавхаж авах боловсруулалтыг хийхэд маш хэцүү байдаг байна.

Хоёрдугаарт, уг ордуудын алмааз бүр зургаан талсттай юу гэдэг нь тодорхойгүй байгаа. Ихэнх алмааз нь энгийн бүтэцтэй байж болох.

Эцэст нь онцлоход, Попигайн тогоон дахь алмаазуудын хэмжээ нь тэднийг гоёл чимэглэлд ашиглах боломжгүй болгож байгаа. Геологичид тэдгээр алмаазыг хэдэн микроноос хоёр см хүртлэх хэмжээтэй гээд байгаа боловч яг нарийн тогтоосон зүйл алга.

Нэг үгээр хэлбэл, Оросын геологичдын хийсэн мэдэгдэл нь асуултад хариулт өгөхөөсөө илүүтэй нэмж олон асуултыг бий болголоо. Зах зээлийн шинжээчид гэхэд л энэхүү мэдээллийг асар том өөрчлөлтийг авчирна гэж одоогоор үзэхгүй байна. Алмаазын дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг ажиглаж байдаг “Rough and Polished” компанийн Орос дахь салбар агентлагийн Ерөнхий редактор Владимир Малахов дээрх ордуудын олборлолтын тухай асуудлыг ярих эрт байна гэв.

“Тэрхүү ордууд дахь түүхий эдийн нөөц нь зах зээлд эрэлт бий болгох чадваргүй байж болно шүү дээ. Ордуудын талаарх мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргасан явдал нь л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд өртөж томоохон шуугиан дэгдээх шалтгаан болсон биз ээ. Гэвч эдгээр ордод чанарын хувьд гоёл чимэглэлд ашиглах боломжтой алмааз байхгүй гэсэн. Нэг ёсны техникийн алмааз буюу боловсруулах үйлдвэрлэлд ашиглагддаг алмаазын нөөцтөй юм билээ. Тийм учраас гоёлын алмаазын (бриллиант) зах зээлд энэ алмаазууд ямар ч эрсдлийг учруулж чадахгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Хөрөнгө оруулалтын “Церих” компанийн ахлах шинжээч Олег Душин ч бас Малаховын бодолтой санал нийлж байна. Дэлхийн зах зээл дээр алмааз, бриллиант маш их эрэлттэй байгаа хэдий ч алмаазын олборлолт өсөхгүй байгаа юм байна. Гэлээ гэхдээ геологичдын хийсэн мэдэгдэл энэхүү зах зээл дээр үнийн хэлбэлзэл үүсгэхгүй гэдэгт Душин итгэлтэй байгаа аж. Геологичид ийм том мэдэгдэл хийсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах оролдлого байсан болов уу гэж таамаглав. Үнэндээ ч хөрөнгө оруулагчдыг татна гэдэг амаргүй ажил. Хайгуулаар илрүүлсэн нөөц түүхий эд хэлбэрээр л байна. Харин олборлосны дараа ямархуу алмааз гарч ирэхийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа.

Юутай ч, геологийн шинжилгээг ирэх жилээс явуулах юм билээ гэж Душин нэмж хэлэв. “Үүний дараа хөрөнгө оруулагчдыг олох, техник-эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах гээд 1-2 жилийн хугацаа орно. Тэгээд ордыг бүрхэж буй хөрс, усыг зайлуулах, дэд бүтэц байгуулах зэрэг ажлуудад бас л 1-2 жил зарцуулагдана. Гэхдээ олборлолт явуулахад хэр эвтэйхэн газар вэ гэдгээс шалтгаалаад хугацаа нь нааш, цааш яригдана. Энгийн кимберлит-алмаазуудыг бодвол эдгээр алмаазыг олборлох ажил илүү хялбар явагддаг. Яагаад гэвэл, тэднийг үндсэндээ элснээс олборлодог. Гэсэн ч тэднийг улайран олборлоогүй тохиолдолд алмаазны түрүүч нь 2017 оноос нааш зах зээлд гарч чадахгүй” гэж Душин үзэж байна.

Мэргэжилтнүүдийн өгсөн тайлбарыг дүгнэж үзэхэд, эрдэмтэн Николай Похиленкогийн хэлсэн “илрүүлсэн алмаазын нөөц нь хүн төрөлхтөнд 3000 жил ашиглахад хүрэлцээтэй” гэх үгэнд болгоомжтой хандах хэрэгтэй болох нь. Мэдээж хэрэг, Академийн эрдэмтэд үндэслэлгүй хоосон зүйл ярихгүй. Тиймээс энэхүү эртний тогоонд явуулах геологичдын ажлын явцын талаарх мэдээллүүдийг сонирхож байхад илүүдэхгүй байх аа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих