БНХАУ-ЫН ПРОКУРОРУУДТАЙ ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Улсын Ерөнхий Прокурорын урилгаар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын прокуроруудыг өнөөдөр хүлээн авч санал солилцсон байна. Энэ талаар О.Баасанхүү гишүүнээс тодрууллаа.
 - Уулзалтаар ялтан шилжүүлэх талаарх асуудлыг хөндсөн гэж сонслоо. Энэ талаар дээр ямар нэг ахиц гарав уу?
-Энэ сарын 17-нд манай улсад УЕП-ын урилгаар Бээжин хотын 2 дугаар прокурорууд хүрэлцэн ирж зарим тоног төхөөрөмжийг тус газарт өгсөн бөгөөд уг тоног төхөөрөмжийн асуудлаар нийслэл, дүүргийн ерөнхий прокурорын төлөөлөлд 5 хоногийн сургалт зохион байгуулсан юм. Бээжин хотын 2 дугаар прокурор гэдэг нь авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэгт анхаарч ажилладаг юм. БНХАУ-ын Авлигатай тэмцэх газрын захирал, Бээжин хотын прокурор бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчидтэй ярилцлаа.
Уулзалтын зорилго нь энгийн найрсаг, нөхөрсөг байсан, ямар нэгэн асуудал шийдвэрлэх хэмжээнд байгаагүй. Гэхдээ миний бие ГХЯ-наас гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдийн талаар мэдээлэл авч, судалж байсан. Хүний нутагт ял эдэлж байгаа иргэдийн дотроос эдгэшгүй хүнд өвчтэй хүн байсан учраас хувь хүнийхээ зүгээс үүнд анхаарч тусалж болох арга замыг хайсан гэх үү дээ. Тиймээс нэгэнт манай улсад айлчилж байгаа төлөөлөгчидтэй энэ сэдвээр санал солилцон, ямар байр суурьтай байдаг талаар цухас ярилцсан. Энэ хүмүүс шийдвэр гаргах түвшний хүмүүс биш ч гэсэн, энэ асуудлыг судалъя гэсэн хариу өгсөн. Хуулиар бол ГХЯ-аар дамжуулан тухайн улсын Гадаад хэргийн яаманд хандаж шийддэг олон улсын гэрээ хэлэлцээр бий. БНХАУ-тай манай улс энэ сэдвээр сүүлийн жилүүдэд яригдаж байгаа боловч бусад орнуудыг бодвол эрх зүйн хамтын ажиллагаа сул. Ял эдлэж байгаа иргэдийн бараг 90 хувь БНХАУ-д байдаг. Бидний зүгээс сурталчилгааг иргэддээ хандуулж хийх шаардлагатай болох нь ажиглагдсан. Ялангуяа Малайз руу явж байгаа иргэддээ анхааруулга сайн өгөх хэрэгтэй. Манай иргэд өөрсдөө хар тамхи хэрэглэдэггүй хэрнээ бусдын золионд орж хууран мэхлэгдэн янз бүрийн гэмт хэргийн гар хөл болчихоод байна. Ихэвчлэн хар тамхи зөөвөрлөсөн гэсэн ял эдэлж байна. Би хэдийгээр энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй ч шийдвэр гаргах хүмүүст нь хүргээсэй гэсэн үүднээс уг уулзалтыг зохион байгуулсан. Та бүхэн ч гэсэн хэвлэл мэдээллээр сурталчилж анхааруулга өгөөсэй.
 -БНХАУ-д ял эдэлж байгаа монгол иргэдийн дийлэнх нь хар тамхины хэрэгтэй байдаг гэлээ. ГХЯ энэ асуудалд хэр анхааралд тавьдаг бол?
-Боломжийн хэрээрээ тусалдаг гэсэн. Өнөөдрийн байдлаар гадаадад амьдарч байгаа иргэддээ манай улс маш бага мөнгө төсөвлөдөг. Зөвхөн гэмт хэрэг гэдэгтэй холбож байгаа юм биш. Тэнд нас барсан иргэний өмгөөлөл, тээвэр унаа, чандарлах гээд зардлыг ГХЯ бүрэн хариуцаж чаддаггүй. Бид ГХЯ-д хандан, гадаадад байгаа иргэд рүү хандсан төсвөө оруулбал байнгын хороогоор хэлэлцүүлэх талаар саналаа  хэлсэн. Сайхан байшин барих нэг өөр хэрэг. Харин хүн рүү, тэдний эрүүл мэнд сайн сайхан руу чиглэсэн ажил хамгийн чухал. Энэ утгаараа ОХУ, БНСУ, БНХАУ гээд ер нь аль ч улсад байгаа иргэд рүүгээ чиглэсэн анхаарал, гадаад бодлогоо хүчирхэгжүүлмээр байна.
-Ялтан шилжүүлэх гэрээг  энэ хавар баталсан. Манай талаас зөвшөөрсөн, харин хятадын талаас ямар асуудал дээр татгалзаад байна вэ?
-БНХАУ бол их гүрэн. Ганцхан манай улстай энэ гэрээг хийдэггүй. Япон улс гэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг гуравхан оронтой хийсэн байдаг. Энэ утгаараа БНХАУ хэдийгээр манайд сайнаар хандахыг хүсэх ч олон улсын жишгээ барих шаардлагатай. Энэ утгаараа тухай улсын гадаад бодлоготой холбоотой болов уу гэж бодож байна. Тиймээс зөвхөн манайд татгалзаад байгаа гэж ойлгохгүй байна. Ер нь бид маш олон удаагийн уулзалт, ярилцлага хийх хэрэгтэй.
 -Дэд сайд нарын асуудал нэлээн удааширч байна. “Шударга ёс” эвслийн бүлэг тэр дундаа МАХН –ын дотоод дахь тэмцлээс болж хойшлогдоод байна гэх. Дэд сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсээ ямар шалгуураар тодруулав?
-МАХН бол суурьгүй нам биш 30, 40 мянган гишүүнтэй байнгын үйл ажиллагаа явуулдаг нам. Боловсон хүчнүүдээ албан тушаалд нэр дэвшүүлэхдээ өөрийн бага чуулган, үндэсний зөвлөлдөх хороогоороо хэлэлцүүлж, хооронд нь өрсөлдүүлж байж гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, МАХН-аас дэд сайдад нэр дэвшсэн хүмүүсийн тухайд намаасаа сонгогдож гарч ирсэн хүмүүс. Жишээлбэл, Хууль зүйн дэд сайдад н.Оюунцэцэг, хуульч Э.Эрдэнэжамъян хоёр өрсөлдсөн, олонхийн санал авсан нь Э.Эрдэнэжамъян. Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад эдийн засагч Н.Дашзэвэг О.Чулуунбат хоёр өрсөлдөөд О.Чулуунбат нь санал илүү авсан байх жишээтэй. Б.Тулгын хувьд Л.Жамбалжав эмчтэй өрсөлдөж гарч ирсэн. Тийм болохоор нам дотор шударга өрсөлдөөн болсон гэж ойлгож болно. Миний хувьд дэд сайдын томилгоо удаашраад байгаа нь эрх барьж байгаа Ардчилсан намтай л холбоотой гэж боддог. Тэртэй тэргүй бид дэд сайд нараа тодруулчихсан.
Д.Сувд

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих