Хямралын дараагийн давалгаа 10 дугаар сард нөмөрнө

Дэлхийн санхүү эдийн засгийн дөрвөн жилийн хямралыг  төгсгөлийг Европчууд шинэ хямралын эхлэлээр тэмдэглэх дөхлөө. Өнгөрсөн долоо хоногт Европын тогтворжуулалтын  сангийн хувь заяа хутганы ирэн дээр байлаа.

Учир нь энэ сан өөрийн хамгийн гол мөнгөн урсгалын хөрөнгийн нийлүүлэгч Герман улсыг алдах дөхсөн юм. Азаар бүх зүйл тайван өнгөрч, шинжээчид түгшүүрийн дохио дэлдэхийн оронд дөрвөн жилийн дүнг гаргаж ирээдүйн тухай нэг их өөдрөг бус таамагийг дэвшүүлсэн байна.
АНУ-д 2008 оны есдүгээр сарын 15-нд хөрөнгө оруулалтын “Лехмэн Брозерс” банк дампуурсан юм. Энэ өдрийг дэлхий даяар эдийн засгийн хямрал эхэлсэн гэж тооцдог шүү дээ. Хамгийн сонирхолтой нь АНУ үүнээс болж нэг их хохироогүй бөгөөд гол цохилт нь хөгжиж буй орнууд болон амар тайван Европ тивийг чиглэсэн нь хачирхалтай. Энэ дөрвөн жилийн хугацаанд улс төрчид болон эдийн засагчид авралын олон янзийн механизмийг оньсыг эргүүлж үзсэн билээ.
Харин Европын тогтворжуулах механизм бол хамгийн сүүлчийн ноу-хау байв. Тусламж үзүүлэх энэ сангийн нийт хөрөнгө нь 700 сая евро бөгөөд үүний 80 саяыг нь еврогийн бүсийн гишүүн 17 орон шууд оруулах ёстой байсан ба гуравны нэгийг нь Герман улс оруулах ёстой гэж заасан байдаг. Үүнтэй санал нийлэхгүй байгаа 40 гаруй мянган германчууд засгийн газрын энэ өглөгч хандлагыг хууль бус гэдгийг батлуулахын тулд Үндсэн хуулийн цэцдээ хандсан билээ.

Угаасаа хэн ч гэсэн татварт төлсөн мөнгөө шал өр орны эдийн засгийг дэмжихэд зарцуулна гэдэгт хэн ч дургүйцэх байх л даа. Хэрэв Германы Үндсэн хуулийн цэц тэдэнтэй санал нэгдсэн бол еврогийн бүс өнөөдрийн байдлаар аврагдах хамгийн гол алхамаа алдаж, Герман улсад улстөрийн хямрал эхлэх байлаа. Азаар бүх юм гайгүй шиг дууссан. Еврогийн бүсийг Герман улс хэзээ ч орхихгүй гэдгээ дахин баталлаа гэж хөрөнгө оруулалтын стратегч Георгий Воронков үзэж байгаа юм. Тэрбээр «Герман улс өөрийгөө еврогийн бүсээс ангид үзэхгүй байгаа гэдгийг тайлбарлах гэж Ангела Меркель хоолойгоо сөөтөл ярилаа. Еврогийн бүсийн одоогийн оролцогчид бүгдээрээ үлдэх ёстой гэж тэр үзэж байгаа ба тэдэнд бүх хүчээрээ туслахаар төлөвлөж байна. Меркель бол улстөрч, тийм учраас хязгааргүй өсөж байгаа зарлагын эсрэг тэмцэж байгаа өөрийн эх орон нэгтнүүдээ болон нийгмийн зардлыг нэмэгдүүлхийг хүсэж байгаа Европын Холбоо, Еврогийн бүсийн хөршүүдээ дэмжихийг хүсэж байна. Ингэхээр мөнгө хэвлэдэг машинуудыг ажиллуулах болно гэсэн үг» гэж ярилаа.
Америкийн Санхүүгийн нөөцийн газрын хуралдаанаар мөнгөний бодлогын гурав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх тухай зарласан яг тэр үеэр Герман улсаас сайн мэдээ ирсэн гэдэг. Ингэснээр АНУ-ын эдийн засаг ойрын үед мөнгөний шинэ урсгалаар сэлбэгдэж цэцэглэх болно. Тэгэхдээ баярлах цаг болоогүй гэж Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Яков Миркин үзэж байна.  «Европт болон далайн чанадад цаасан мөнгө хэвлэхийг уруу татсан өсөлтийн зам биднийг хүлээж байна. Энд бид савангийн хөөсний бөөгнөрөл болон эрсдлийн нягтралыг үзэх ба дунд хугацааны үед энэ хөөснүүд хагарахыг бид харах болно. Энэ үзэгдэл нефтийн зах дээр ажиглагдаж эхэллээ” гэж тэр ярилаа.
Европын тогтворжуулах сан байгуулагдсан явдал, Америкийн Санхүүгийн нөөцийн газрын хуралдаанаар мөнгөний бодлогын гурав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх тухай зарласан зэрэг нь улс төрчид болон эдийн засагчид хямралын дөрвөн жилд асуудлыг зөвхөн богино хугацаанд шийдвэрлэхэд суралцсан гэдгийг харуулж байгаа юм. Харин нөхцөл байдал урьдын адил аюултай тогтворгүй байсаар байна.
Дэлхийн эдийн засаг дэлхийн санхүү эдийн засгийн хямралын хоёр давалгааг даван туулаад байгаа билээ. Анхных нь 2008 онд Ази тивд хүчтэй цохилт өгсөн бол 2010 оных еврогийн бүсийн орнуудад нөхөж баршгүй хохирол учрууллаа. Эдийн засагчид энэ оны эцсээр гурав дахь давалгаа болно гэж таамаглаж байна.

Гол цохилтыг Хуучин ертөнц хүлээх ба 10 дугаар сард еврогийн бүсийг Грек улс орхих бололтой. Одоо улам олон улс Европын улсуудтай харилцаагаа багасгахыг оролдож, хөрөнгөө өөр зах зээл рүү чиглүүлхийг оролдож байгаа нь гайхаад байх зүйл биш юм. Жишээ нь, БРИКС-ийн орнуудад хөрөнгөө шилжүүлэх шаардлагатай гэж америкийн шинжээчид ярих боллоо. Европоос хамаарлаа багасгахын тулд АНД-н орнуудтай илүү ойр ажиллах хүсэлтэй байна гэдгээ ОХУ есдүгээр сарын эхээр болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр ойлгуулсан юм.
Бэлтгэсэн С.Майкл


URL:

Сэтгэгдэл бичих