Э.Бат-Үүл өмнөх хотын дарга Г.Мөнхбаярын босгосон бүтээн байгуулалтыг “устгаж” байна

Одоогоор хоёр жилийн өмнө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нийслэлийнхээ өнгө үзэмжийг нэмэгдүүлэхийн тулд дүүрэг болон аж ахуй нэгжүүдийн дунд “Сайхан хот Сайхан амьдрал” уралдааныг зарлаж байлаа.

Энэ уралдааны ачаар нэлээд хэд хэдэн байгууллагууд гаднахи талбайгаа тохижуулж, өдөр болгон шахуу хамар цоргиулж, өвчний үүр болгож байсан нийлэлийн тоосжилтыг дарахад нэмэр болж, баарнаас өөр орох газаргүй байсан залуучуудыг бага ч гэсэн зугаацуулах орчинтой болгож байлаа.
Албан газар ороход амьтны хүрээлэнд орсон мэт шувууд жиргээд л, амарч тухлах, зурагаа авахуулах гэрэлт хөшөө, усан оргилуур нэг биш нэлээд хэдэн албан газруудын үүдэнд боссон энэ уралдааны үр дүн байлаа.
Мэдээж хомсхон төсөвтэй хотоос зарлаж байгаа уралдаан учир шагнал энэ тэр нь тийм ч өндөр биш. 200 сая төгрөгийн хөрөнгөөр гаднахаа тохижуулаад 2 сая төгрөгөөр шагнуулсан олон газар бий.
Гэхдээ үүнийг нийслэлийн иргэд маш таатайгаар хүлээн авсан бөгөөд өөрсдийн хөрөнгөөр тохижилт хийлгэсэн, нийслэлийн өнгө үзэмжинд хувь нэмэр оруулсан сайхан бүтээн байгуулалт боллоо хэмээн хүлээн авч байсан.
Гэвч энэхүү уралдаанаар боссон, нийслэлчүүдийн нүдийг гялтайх газруудыг буулгаж эхэллээ. Нэг өгүүлбэрээр хэлбэл өмнөх хотын дарга Г.Мөнхбаярын босгосон бүтээн байгуулалтыг өнөөгийн засаг дарга Э.Бат-Үүл устгаж байна.
Сайхан хот-Сайхан амьдралын үр дүнд боссон нэгэн шилдэг бүтээн байгуулалтын нэг бол Талст төвийн өмнөх талбайд боссон бичил цэцэрлэг. Орчин үеийн сонгодог загварын энэ цэцэрлэгт саатаагүй хос, мөнхрөөгүй зураг гэж үгүй биз.
“Талст” төвийнхөн энэ уралдаанд оролцохын тулд, мөн нийслэл хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмэр оруулахын тулд 165 сая төгрөгөөр босгосон бөгөөд нийслэлээс нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, хамгийн шилдэг тохижилттой байгууллага хэмээн өргөмжлөгдөж байсан удаатай. Үнэхээр ч тус төвийнхний байгуулсан энэ бичил цэцэрлэгийн харсан хүмүүс нийслэлд ийм газар олон байгаасай хэмээн ярьж байсан. Гэвч энэ сайхан бүтээн байгуулалт өнөөдөр үнсэн товрог болчихоод байна. Нийслэлийн Газрын албаныхан давчуу хугацаанд энэ жилийн засварын ажлаа дуусгах улайрч байгааг нийслэлчүүд бид бүгдээрээ мэдэж байгаа.

Зуны цагт айлуудыг зуншлага дээрээ гарчихсан байхаас ч илүү олон замыг хааж, боогдуулан гэнэт ухаан орсон юм шиг ажиллаж байгаа. Энэ сарын 11-нээс Өгөөжийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, хучилтын ажил гүйцэтгэж эхэлсэн.Гэвч энэ замын хийхийн тулд нийслэлийн Авто замыхан “Талст” дэлгүүрийн өмнөх нөгөөх бичил цэцэрлэгийг буулгаж, оронд нь зам тавьж эхэлжээ. Уг нь тус төвийхөн энэ цэцэрлэгээ авч үлдэхийн тулд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүртэл ханджээ. Хариуд нь хотын дарга зөвшилцөх нь зүйтэй хэмээсэн ч цэцэрлэгийг буулгах албан бичиг дээр гарын үсгээ зурчихсан байна. Мэдээж хотынхонд, нийслэлийнхэнд зам хүрэлцэхгүй, түгжирч, стерсстүүлж байгаа нь үнэн.
Гэхдээ хэрвээ ингэж л буулгах байсан бол албан байгууллагуудыг ингэж хошгируулж, хөрөнгө мөнгийг нь үргүүлэх хэрэг байсан гэж үү. 165 сая төгрөг бол тухайн хүндээ шаггүй л мөнгө, үүгээр ч нэг байтугай нэлээд хэд хэдэн цэцэрлэг ч байгуулчихна.
Гэвч ийнхүү нийслэлийн иргэд өөрсдийн хөрөнгө мөнгөөрөө босгосон бүтээн байгуулалтыг зам тавих нэрээр буулгаад байвал нийслэлээ гэх хүн үлдэхгүй л байх. Зах зээлийн өнөө нийгэмд ийм мөнгийг нийслэлдээ гаргаад өгчих “сэтгэлтэй” хүн ховор л байх. Харин ч ард иргэдийнхээ татварын мөнгөөр гараа угааж, хамаа намаагүй үрж байгаа нь үнэн шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих