Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

 

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд

Цасан ширхэг царцаж мөс болох халилд

Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

 

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд

Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд

Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

 

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд

Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан

Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

 

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд

Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд

Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

 

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт

Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд

Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

 

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд

Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд

Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

 

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд

Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй

Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

 

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд

Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт

Алтан талд татах солонгын долоон өнгөнд

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

 

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд

Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд

Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

 

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт

Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд

Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

 

Төрийн шагналт яруу найрагч Бэгзийн Явуухулан

 

Бэгзийн Явуухулан

Бэгзийн Явуухулан (1929-1982) нь Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд мэндэлжээ. Б.Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар морджээ. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд “Мөнгөн хазаарын чимээ”, орос хэлээр хэвлэгдсэн “Лирика – (уянгын шүлэг) нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Тэрээр 1964 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

1955 онд Би чамд хайртай шүлгээ 1957 онд Туулын урсгал шөндөө сайхансан 1959 онд Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ бичиж 1961 онд Мөнгөн хазаарын чимээ номоо 1964 онд 1970 онд Тэхийн зогсоол 1972 онд Вансэмбэрүү 1973 онд Зөвхөн Монголдоо шүлгээ 1977 онд Үлэмжийн сайхан хорвоод, Шүлэг минь – хүлэг минь шүлгээ 1978 онд Улаанбаатар шүлгүүдээ бичжээ.

 

1960 оны үед “Үнэн” сонинд Цагаачийг цагаа хатгаж, цагаан морийг ногоо хатгана гэсэн гарчигтай Б.Ринченг гутаан доромжилж бичсэнийг эсэргүүцэн Б.Ринченд зориулж  доорхи 4 мөртийг бичжээ.

 

Зөвөөс болж зовсон амьдралийн чинь зам дуусч

 

Зөрж, хараалгасаар л яваад баатар чи орчлонг ОРХИНО

 

Харин тэгэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт

 

Хатан дэлхийд алдар чинь Амьдралаа эхэлнэ.

 

Б. Явуухулангийн уран бүтээлд хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлдэг.

 

Зорин ирэх амрагаа хүлээхэд

 

Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж

 

Шөнийн чимээгүй гадаа налайн

 

Унийн углуургаар саран гэрэлтэнэ.

 

Өнчин дэрэн дээр нойр хулжсан

 

Ухаангүй дурлалын урхинд байхад

 

Мөнгөн хазаарын бүдэг чимээ

 

Онгон зүрхийг цочоон баясгана.

 

Яруу найрагч 1970 онд алтан саарийгаа бэлхүүс орчимоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг шагшин шүлэглэсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт Монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн гэдэг. Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай билээ.

 

Б. Явуухуланы “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг бүтээл нь байгаль дэлхий, эх нутаг, эцэг эх, эх орноороо бахархах үзэл, хүмүүний ертөнц болоод  ан амьтанг хайрлах үзэл санааг яруу найрагтаа шингээж байсныг илтгэдэг.

 

Б. Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиожээ.

 

…Явуулын хүн дэргэд чинь ирж байг,

 

Яахав намайг, тэд дурсан ярьж байг,

 

Яруу найргийн мод, бүүвэй

 

Явуухулангийн мод, бүүвэй!

 

Их найрагч Б. Явуухулангийн яруу найргийн бүтээлийн урын санд хүндтэй байрыг эзлэх бүтээл бол “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд туурвисан уг бүтээл Монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил билээ.

 

Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ. Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж байжээ. Тэрбээр оросын яруу найрагчидтай дотно нөхөрлөж Лев Ошанин багшийгаа монголд урьж ирүүлэн, Римма Казакава, Анатолий Софроновыг орчуулжээ. Энэтхэг, Этиоп, Кубад энх тайвны элчээр аялан явж олон сайхан шүлгээ туурвижээ.

 

Б. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь Монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно.


URL:

Сэтгэгдэл бичих