Санж Алтан: Манай монголчууд холдоо нэгнээ хайна, ойртохоороо муудалцана

I.Халимаг Үндэстний Хувь Заяа

Дугаржав Л. Хотала (ДЛХ): Америкад амьдарч байгаа халимаг монголчуудын тухай, тэдний яаж энчээн нүүдэллэн ирж амьдрах болсон талаар болон аав, ээжийнхээ тухай ярьж өгнө үү?

 

Санж Алтан (СА): Оросын халимагууд өөрсдийн нутаг орноо “Халимаг Тангач“ гэж нэрлэдэг. “Халимаг Тангачууд“ 16-р зууны үеэр төв Азаас нүүдэллэн Ижил мөрний хавьд очиж нутагласан болно. Ижилийн халимагууд угсаа ястангийн хувьд Торгууд, Хошууд, Дөрвөд болон Хойд гэсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд олонхи нь Торгууд. Яагаад (Зүүнгарын нутгаасаа) нүүдэллэсэн гэвэл, дайны хөлөөс дүрвэсэн болно. Монголчууд хоорондоо хуваагдаад, байлдаад байсан тул тэр дайнаас дутааж гарсан хүмүүс болж байна.

16-р зууны үед тэд бас нэлээд хүчирхэг ч байж, төр засагаа ч байгуулан, Аюук Хааны үед (эрх сүр нь) оргилдоон тулсан байна. Аюукийн дараа аажмаар хүч нь буурч, Оросын ёсонд орсон. Манай өвөө Оросын Хааны цэрэгт явж байсан. Казак цэргийн багт орж, Орос-Японы дайнд оролцсон байна. Тэр цагын Оросын бодлогоор бол эрэгтэй хүүхдийн тоогоор газар нутаг олгодог байж. Манай өвөө олон хөвгүүнтэй байсан болохоор нэлээд их газартай, мал адуутай байсан. Ах дүү нар ч олон байж. Тэгээд тэд жил болгон газрынхаа нэгэн хэсгийг Орос тариачдад түрээсэлж өгдөг байсан байна. Энэ мэтээр амар тайван амьдарч үймээн самуун гарна хэмээн төсөөлөх ч үгүй амьдарч байсан байна. Дайны дараагаар ч гэсэн цэргийн албаа хаагаад хошуу нутагтаа амьдарч байсан.

 

Оросын хувьсгалын үед манай аав долоо, наймтай бяцхан хөвүүн, ээж дөрөв тавтай бяцхан хүүхэн байсан. Тэд гэр бүлийн хамт Оросын хувьсгалын хөлөөс дүрвэн гарч, Хар тэнгисийг гэтлэн, Туркт хүрчээ. Константинопольд буугаад тэнд хэдэн жил сууж байгаад, тэндээсээ гараад Чехословакад хүрсэн болж байна. Тэгээд тэндээсээ Югославд хүрсэн байна. Югославд улааны хөлөөс дүрвэсэн хэдэн зуун халимаг айлууд цугларч, тэндээн бас хурал хүрээгээн (сүм хийдээ) босгоод, бас нэгэн нийгэм (community) болж бүрдсэн байна. Баруун Европын хамгийн анхны бурхан шашний хурлийг (сүмийг) манай халимагууд Югославын Белград хотод босгосон болно. Югослав нь Серб, Босниа гэж хоёр хэсэгтэй байсан. Манай халимагууд Сербын нийслэл Белградад нь төвлөрөн сууж амьдарч байсан болж байна. Тэнд тэгээд нэгэн их мөнгөтөй мөртөөн ухаантай баян Серб байсан. Энэ хүн халимагуудад газар авч өгч, мөн түүний дэмжлэгтэйгээр тоосгоор байшин босгоод сүм болгосон байна. Халимагууд тэр үед аргагүй, үгээгүй ядуу, ямар ч мөнгөн төгрөг гэж үгүй, өөрийн нутгаас салаад гарсан, арай гэж хоолоон олоод явж байсан амьтад. Энэ серб хүний ивээлтэй хүчээр энэ хурал (сүм) босгосон болж байна. Милош Ячимович гэж энэ серб хүний нэрийг бид санаж, хэлж явах учиртай. Халимагуудад их дэм болсон. Манай ээж аав хоёр түүнийг бас их талархан дурсдаг байсан.

Тэгээд тэнд манай ээж аав хоёр хуримаан хийгээд, гэр бүлээн өсгөөд, манай аав Белградын их сургууль төгсгөөд, малын эмч болж ажилласан. Тэгж байтал Герман цэрэг орж ирээд Сербын бүх нутаг дэвсгэрийг эзэлж авсан бөгөөд сургуулиа төгсөөд байсан манай аав Герман цэрэгт алба хаахаар мордсон байна. Дэлхийн 2-р дайны хугацаанд манай аав Герман цэргийн агтаны эмч болж явж байсан. Манай ээж аавыг цэргийн алба хааж жилд ганц хоёрхон удаа ар гэрээн эргэж үзэхээр ирдэг байсан тухай дурсан ярьдаг байсан. Аав Герман цэргийнхээ дотор бас ямтай (зэрэг тушаалтай) байсан байна. Ээж, аавыг чи их ямтай хүн болсон болоод, гэртээн жилд нэг хоёр ирээд мориноосоон буугаад гэж тоглож хэлдэг байсан гэнэ. Тэгээд дэлхийн хоёрдахь дайн ч өндөрлөж Герман ялагдах байдал илэрхий болж иржээ. 1943-44 оны үеэр манайхан Германыг дагаад явсан. Учир нь улаантанууд орж ирэхэд хүрвэл тэднийг барьж аваад шууд Сибирь уруу явуулах болно гэж мэдэцгээж байсан. Тэгээд одоо улаанаас хичээж байна. Олон халимагууд Германыг дагаад одоо манай дайсан гэсэн муу нэрэнд орчихсон болж байна.

Дайн чилээд (дуусаад) Германыг 4 хуваачихсан болж байна. Нэг нь Америк, нэг нь Орос, нэг нь Франц, нэг нь Англи. Манайхан Америкын хэсэгт тусаад тэгээд амьд гарч байна. Оросын хэсэгт туссан хэдийг бүр Сибирь явуулчихсан. Манай нэг авга мөн тэгээд баригдаад алагдсан байна. Тэгээд дайн дуусчихсан, одоо бид яах вэ гэж Халимагууд хоорондоо бодож байна. Нутагтаан харих аргагүй, Америкад хүрэх хэцүү. Германд дүрвэгч улсад ямар ч байр суурьгүй. Зарим нь өмнөд Америк уруу явцгаая гэсэн санал гаргаж, Бразил мэтийн улсууд манийг хүлээж авч магадгүй гэсэн байна. НҮБ гэж тэр үед байгаагүй, дүрвэгсдэд зориулсан үйлчилгээ арга хэмжээ гэж ерөөсөөн байгаагүй. Тэгээд Америк уруу явцгаая гэж бодож гэнэ. Америкын засгийн газарт хандаж. Тухайн үед Америкт шар арьстангуудын цагаачлан орохийг хязгаарлах хууль байсан. Ази тивээс туйлийн цөөхөн тооны хүмүүсийг цагаачлуулж оруулдаг байв. Энэ хуулийн дагуу Америкын засгийн газраас халимагуудийг хүлээн авахаас татгалзсан байна. Гэтэл Америкын нэгэн нигүүлсэнгүй байгуулага болох Church World Service нь халимагуудын нэрийн өмнөөс Америкын Дээд хуралд хандан, энэ Халимагууд шар арьстангууд биш, Орост нутаглаад хэдэн зуун жил болсон. Тиймээс зүс нь шар боловч тэднийг Европ хүнээр бодох нь зүйтэй гэсэн санал өргөжээ. Ийм санал дурдсанаас болж Халимагуудын цагаачилахад онцгой зөвшөөрөл олгосон байна. Тэгээд хамгийн түрүүнд Жав Бурхинов гуай гэр бүлээрээ Америкт цагаачлах зөвшөөрөл авч ирсэн учир нь бол нэг ёсондоо тэр халимагуудын төлөөлөгч мөртөөн олон хэл мэддэг эрдэм боловсролтойгоос шалтгаалсан болно. Би бодоход Жав гуайн эхнэр нь тэр үед жирэмсэн байсан. Тиймээс Жав гуайн ууган хүү нь бараг Америкт анх төрсөн монгол хүүхэд байж магадгүй. Үүнийг Жав гуайгаас асууж тодруулна уу.

Анхны хэсэгт нь хэдэн зуун хүн ирсэний дотор лам хувраг, багш, хөгшин настай улс багтаж байсан. Тэгж ирсэн нь 1951 он байсан бөгөөд ирсэний дараа яаж ажил олж хийх вэ гэсэн том асуудал тулгарчээ. Брэмэрxавэн гэсэн Германы далайн эргийн хотоос Америкын цэргийн нэгэн усан онгоцонд манийг гаргаж тэгээд бараг долоо хоног явсан байх. Өвлийн хамгийн хүйтэн цаг, тэгээд долгион ихтэй. Нью Ёоркт ирж буугаад, тэндээс Балтимор, Нью Жерси гэх мэтийн газруудаар тархааж суулгасан байна. Халимагууд тэгээд яана гэвэл нэг нэгнээ хайна. Нэг нэгээ олж авчихаад дараа нь муудалцаж эхлэх нь тэр. Хол зайтай байхдаан нэг нэгнээ хайгаад…

ДЛХ: Манай нутагт “холдохоороо мөөрөлдөнө, ойртохоороо мөргөлдөнө” гэж ярьдаг юмаа…

СА: Тэр чинь одоо таарч байна. Тэгээд заримууд нь Нью Жерсид цугларцгааж, зарим нь Филаделфиад гэх мэт хоёр гурван хэсэг болж суужээ. Халимагууд болхулаа [болвол гэсэн үг] аймгаараа одоо Торгууд, Дөрвөд байх. Дөрвөд дотроо бас их Дөрвөд, бага Дөрвөд гээд хоёр хуваагдах. Тэгчихээд Торгуудууд бас хоорондоо хуваагдах бөгөөд гуравдагч бол одоо Бузаав нар. Одоо манай айл болхулаа Бузаав билээ. 1953 оны сүүлээр манайх энэ Нью Бруинсвик хотод нүүж ирлээ. Би тэгэхэд 5, 6 настай бяцхан хөвгүүн байсан.

ДЛХ: Та яаж байгаад багаасаа ийм сайхан Монгол хэлтэй, Монгол бичигтэй болж чадсан юм бэ?

СА: Манайхан гэртээ халимагаар ярилцдаг байсан. Манай ээж өөр хэлээр ярьдаггүй. Аав маань монгол бичиг, хуучин, тод хоёуланг нь сайн мэддэг. Тэгээд 50-аад оны үеэр халимагуудын анхны хэсэг хүмүүс нутгаасаа гарсаны дотор лам шашныг ихээр шүтдэг хүмүүс байсан тул хөгшчүүд хаа очсон газартаа аргалаад хурал сүм босгоно. Одоо Бузаав нар 2 хуралтай, бас Торгууд хурал, Дөрвөд хурал гэж гарчээ. Монгол хүн ер нь цөөхүүлээ боловч хоорондоо таарамжгүй, хагаралдаад байдаг. Харин 50-аад оны үед хөгшин настайчууд олон байсан бөгөөд их ч сайхан байж. Тэгээд хуучин ёсоо их сайн сахидаг. Жил бүрийн 5 сард овоо тахидаг, ёстой сайхан Монгол наадам хийдэг байсан. Морь үгүй тул хоорондоо бөх барилдана. Мөн овоо тахих ёс нь хуучнаараа, цагаан сараа их сайхан тэмдэглэдэг байсан. Түүнтэй харьцуулбал одоо тэгж сайхан тэмдэглэж, тэр ёс заншлийг хадгалж байгаа хүн бараг үгүй болжээ. Дилав Хутагт Гэгээн тэр цагт бас амьд сэрүүн байсан. Халимагуудад их сайн, манай хурал номд ирээд бас ном уншдаг. 1950 оны сүүлээр Жагарт (Энэтхэгт) сууж байсан Халимаг Лхарамба, Баасан гэлэн гэхчилэн гэлэн хуврагууд Америкт ирж суух болсон байна.

II. Бид Нэг Үндэстэн

ДЛХ: Тэр цагт хөвүүд хүүхдүүд Америк сургуульд орж, англиар юм сураад, гэртээ монголоороо яриад, энэ явцад хүүхдүүд өсөх тусам өөрийн хэл соёл заншлийг дутуу мэдэх болох мэтийн үзэгдлүүд байсан байх. Үүнийг өөрсдийн хүрээндээ хэрхэн зохицуулж байсан хийгээд эдүгээ байдал ямар байна вэ?

СА: 50-аад оны үед өвгөд хөгшид олон байсан тул хэл заншлаа сайн дээдэлдэг байсан, тэд маань өөд болж дуусахаар одоогийн насны улс нь бараг хэлнээсээ салж эхэлсэн маягтай. Харин өдгөө монголоор ярьж байгаа хүн цөөн. Дөчин наснаас доош хүмүүс бараг халимаг монгол хэл мэдэхгүй, 40-60 насны хоорондох нь бага сага ярьж байна. Харин 60-аас дээш насныхан монголоор ярьж байна. Гэвч энэ үеийнхэн халимаг монгол сургуульд сууж боловсрол хүртээгүй улс. Ийм хүн хэдий хар яриагаар ярилаа гээд гүн нарийн асуудал илтгэж ярих аргагүй. Үүнд нэгэн том асуудал бол монгол сонин сэтгүүл, радио нэвтрүүлэг ч байхгүй. Ийм байдал дор бид яаж эх хэлээ хадгалах билээ?

ДЛХ: Сүүлийн жилүүдэд Халимагаас болон оөр газруудаас – Ар, Өвөр Монголоос монголчууд Америкт ирж байна. Монголчууд гайгүй төвлөрөж суусан газруудад Монгол сургууль бий болгох боломж хэр вэ?

СА: Халимагуудад энэ талын туршлага буй. Хэдэн арван жилийн турш хэл соёлоо хадгалах гэж сургууль ч байгуулан оролдож байсан. Гэвч удаан үргэлжилж чадаагүй. Үүнд аав ээж нарыг шүүмжлэх шалтгаан голдуу буй. Яагаад гэхээр тэд нар хүүхдүүдээ монгол сургуульд оруулахгүй, ашиггүйгээр боддог, хүндэтгэж үзэхгүй. Ийм хүмүүст бид яаж нөлөөлөх вэ? Одоо Халхчууд ирчихсэн. Өвөр Монголоос ч гэр бүлүүд олон байна. Манай туршлага ч ийм байна, үр дүн гаргаж дийлээгүй л байна.

ДЛХ: Тиймэрхүү оролдогыг одоо ондоо байдлаар хийж үзэж болох болов уу? Гэхдээ сөрөг тал ч их байж магадгүй. Нутаг нутгын аялгуу ондоо, хэл яриа, хэрэглэж байгаа бичиг нь ч ондоон болчихсон гэх мэт…

СА: Үгүй одоо хамгийн гол нь иймэрхүү сургууль нээхээр болвол Халх аялгуунд суурилан зааж болох л ёстой. Тэгж монгол хэлээ заавал хичнээн сайхан байх билээ. Гэвч энэ монголчуудад одоо тийм сэтгэл байхгүй. Хожим өдөр тийм сэтгэл үүсч ч юун магад гэж дотроон хүсэж байна. Бүтэх эсэхийг мэдэхгүй.

Монголчууд хоорондоо нийлэн нэгдэх, бүгдээрээ нийлээд нэгэн үндэстэн угсаагаа гэсэн ийм дур сэтгэл байна уу үгүй юу гэдэг бас нэг асуудал байна. Түрүүхэн би Халимагчууд хоорондоо чи би гэлцэж, чи Торгууд, чи Бузаав гэлцэх тухай ярьж байсан. Бид нэг юмандаа авъяастай: нэг хүнтэй тааралдвал хамгийн түрүүнд хоорондоо ямар зөрөө байна гэдгийг хайхаас биш харин чи бид хоёрт ямар адил тал байгаа вэ гэдгийг бодохгүй. Адилгүй тал нь л Монгол хүний ухаанд орно. Үүнийг хэрхэн тэвчих, иймэрхүү “авъяасыг” устгаж чадах уу үгүй юу? Би ч бол аргаан бараад, өөрийгөө ялагдсанд тооцоод сууж байна. Миний мэдэж байгаагаар бол миний арга барилаар би энэ байдлыг өөрчилж чадахгүй нь. Гэхдээ хэдий тийм байлаа ч чадлаараа зүтгэх нь мэдээж. Нэг жишээ хэлэхэд, бид жил бүр Чингисийн тахилга өргөдөг. Ийм нэг тахилга өргөж байна, та нар ирээд Чингисийг дурсах арга хэмжээнд оролцоно уу хэмээн олон хүмүүсийг урьдаг. Энэ жил гэхэд Америкын зуүн эргээр хэдэн мянган монгол хүмүүс сууж байна гэхэд манай тахилганд арай зуухан хүн ирсэн. Энэ одоо юу болж байна? Бид одоо Чингис богдын дор цуглараад, нэг үндэстэн угсаатны ёсоор байж чадахгүй бол ямар найдвар байна? Энүүнд би маш ихээр харамсаж байна. Мөнгө төнгөний хувьд бол ноднин жил 20 доллар хоолны зардал гэж асуусан. Энэ жил бид ямар ч мөнгө төгрөг хүссэнгүй. Тэгээд би санана: бид одоо нэг үндэстэн угсаатны хувиар оршиж чадах уу? Тийм арга байна уу? Бүү мэд. Чи юу санаж байна? Чи InterMongol Network гэж байгуулсан (www.intermongol.net). Одоо тэгээд соёлын талаас монголчуудийг нэгтгэн нягтруулж чадна гэж бодож байна уу?

ДЛХ: Эцсийн дүн нь ямар болно гэж би хэлж чадахгүй. Гэвч аль зүг рүү зүтгэх вэ гэдгээ мэдэж байна. Тэгээд ямар ч байсан зүтгээд л үзнэ. Дийлэгдвэл дийлэгдлээ. Зүтгэсэн эсэх нь, хэр зүтгэсэн бэ гэдэг нь л чухал гэж үзэж байна.

СА: Их сайн санаа. Чамд өндөр амжилт хүсч байна. Тэгээд миний хэлж байсан мэт Америкийн монголчуудын дотор 70-80 гарсан хөгшин настай улс буюу манай аав ээж мэтийн нэгдүгээр үеийн хүмүүс өөд болж дуусахыг дагалдан, Халимагийн нийгэм Америк соёл уруу эхлээд хайлагдан орсон байна. Тайванаас бас Халимагуудын завсарт орж ирээд манай нийгмийг завсардуулан эвдэж ч байсан. Зарим нэгэн халимагуудийг жил бүрийн найр хуралдаа урьж оролцуулах мэтээр, ганц найрт нь орж идэж ууж жаргах нь нэг хэрэг, бас нэг хэсэг халимагууд тэрийг нь дагаж хуйлраад. Цаадах хятадууд нь өөрийг нь ашиглан ухуулга хийж байхгүй юу? Гадаадаад сууж байгаа манай монголчууд манай Хятадын харьяат гэдгээ мэдэж ирж байна гэх мэтээр хятад хэлээр юу гэж ярьж байхыг манайхан яаж мэдэх билээ. Амаа ангайчихаад суугаад л байна гэсэн үг. Хятадын улс төрийн бодлого нь тийм нарийн. Монголчуудыг яаж “мушгих” вэ гэдгийг сайн мэдэж байгаа шүү.

ДЛХ: Би тэр Монгол Төвдийн Хурал (Тайваны төрийн нэгэн байгууллага) -ийн вэбсайтыг харж байсан. Тэгэхэд халимагуудын тухай бас нэг хэсэг бичиж байсан. Халимагийг татах ажил явуулж байна гэж ажлийн дүгнэлт тайлан ухаантай юм бичиж байсныг хараад би ч их гайхаж байсансан. Чухам яаж хийж байсан бол гэж бодож байсан. Одоо харахад тэр чинь энд хүртэл ирчихсэн байсан юм байна шүү дээ.

СА: Тийм. Тэр нэгэн асуудал байсан. Тэгвэл манай халимагууд хоорондоо бас муудалцана. Засгийн газраас гэр байшин сүм хийд барьж суурьшихад зориулсан газрыг зарим толгойлогч хүмүүс нь бусдаасаа далдуур зарж, араас нь бусад нь зарга хөөх гэх мэтээр нэлээд үймээн болж байсан. Эцсийн дүнд хэн хэн нь хоосон хоцорсон юм аа.

III. Монголчуудын Соёлын Холбоо Хийгээд Чингисийн Тахилгын Учир

ДЛХ: МАСА (“Mongolian -American Cultural Association” буюу “Америкын Монголчуудын Соёлын Холбоо”) -аас өөр Халимагийн байгууллагууд байдаг уу? МАСА- гийн тухай танилцуулна уу?

СА: МАСА гэж жинхэндээ бол зөвхөн халимагуудын байгууллага биш. Тэр дотор зөвхөн би халимаг. Бусад нь Өвөр Монгол болон халх. МАСА- ийг миний багш Хангины Гомбожав 1987 онд анх байгуулсан. Тэгэхэд Чойж ламтан бас амьд сэрүүн байсан. Соёлын байгууллагын хувиар Цэнгэлт, Балжээ, Цагаанбаатар, Тогтох, Чимэд Энх болон надтай зургуул Го багшийн хамтаар болон Чойж ламтантай хамт оролцож зохион байгуулалцсан юмаа. Тэгэхэд Гомбожав багш нутагтаа дөнгөж яваад, Эзэн Хорооны Чингисийн тахилгийн ордонд мөргөөд, тахилгийн ёслолд нь оролцоод ирсэн байсан. Тэгээд хэлэхдээх Эзэн Хорооны Чингисийн тахилганы хамаг ёслолыг нь үзээд эвгүй юм бодогдсон гэнээ. Тэр чинь манай Монголын ёслол биш. Хятадын эрхэн доор манай монголчууд өөрийн ёсоор, өөрийн дураар, өөрийн цагаан сэтгэлээр (Чингис Богдыгоо) магтаж дурсч чадахгүй. Тиймээс бид түүнийг Америкт хийх хэрэгтэй.

Учир нь зөвхөн энэ газарт л бид олон монголчуудаа төлөөлөн Чингисийг магтан тахиж болж байна. Тэгэхэд Монгол улс бас л Зөвлөлтийн нөлөөн доор, Коммунизмын доор Чингисийг дурдаж ч болохгүй. Өвөр Монголыг бол тэр хэвээр нь Хятад эзлээд авчихсан. Эзэн Хорооны ёслолыг монголчууд оролцон хийж байсан боловч цаанаас нь хятадууд цагдан хянаж өөрийн бодлогонд нийцүүлэхийг оролддог болохоор монголчууд өөрийн дур хүслийн дагуу юм хийж чадахгүй гэсэн билээ. Ийм учиртайгаар Гомбо багш мань Чингисийн Тахилгийг энд хийх ёс заншлийг буй болгосон. Тэгэхдээ Эзэн Хорооны тахилгийн ёсыг тэр хэвээр бүгдийг нь аваагүй, харин шилж сонгож засвар оруулж авсан. Шилж авахдаа Бурханы шашны хамаатай зүйлсийг нь хасч хаяад, зөвхөн хуучин Бөө мөргөлийн зүйлсийг нь үлдээж авсан. Заримийг нь өөрчилсөн ч буй. Яагаад гэвэл Го багш холын юм ухаалж, Америкт халимагууд голцуу сууж байсныг харгалзан, зарим газарт нь “дөчин Монгол“ гэж бичиж байсныг нь “дөчин дөрвөн Монгол“ гэж өөрчилсний учир нь “дөчин Монгол дөрвөн Ойрад“ гэсэн ухаантай.

Магтаалын номонд олон монголчуудын магтаал байсныг хэвээр нь үлдээсэн бөгөөд, Халх гэж байгаагүй болохоор хожим хойно ач холбогдолтой болно гэж халхыг нэмсэн билээ. Энэ мэтээр Гомбо багш маань уг хуучин номыг нь шинэчлээд 17 шадтай номыг зохиосон юмаа. Үүнд галын магтаал, хуучин бөө мөргөлийн магтаалуудыг бүгдийг нь хадгалаад их сайхан хийсэн байсан. Тэгээд 1988 онд анх удаа бид Чингисийн тахилгаа Америкт Монголчууд өөрсдөө харь бусдын эрхэн дор бус өөрсдийн дур хүслийн дагуу зохиож хийсэн юм. Го багш энэ тухай маш их бахархаж байсан. Монгол соёлд манай оруулсан нэмэр хандив гэж баярлаж байсан. Тэгээд 1989 оны зун Го багш Монголд очоод тэнд нас барсан. Бид хоёр хамт явсан юмаа. Би эндээс түрүүнд нь гарч Европод ажил хэрэг бүтээгээд, хоёул Москвад уулзахаар болсон хэр нь Го багшийн онгоц нь амжиж ирээгүй болохоор би ганцаар Улаанбаатар орж, хоёр хоногын дараа багш маань хүрэлцэн ирсэн байсан. Монголд хоёр долоо хоног байж байхад надад янз бүрийн юм яриад байсан. Урьд нь ярьдаггүй юмаа ч ярьдаг болчихлоор нь би ч гайхаж байсансан. Дэ вангийн үед юу юу болж байсан гэхчилэн гэнэт их л ярих болчихсон байсан. Го багш маань цаанаасаа нэг юм сэдэж байсан юмуу яасан юм гэж хааяа би боддог. Тэр зунаас нь багшийн бие муудаж эхэлсэн байсан. Тэгээд 10-р сарын үеэр миний зүүдэнд Го багшийн нас барсан нь мэдэгдсэн байна. 1989 оноос эхэлж хийсэн Чингисийн тахилга мань Го багшийн зохиосон зүйл. Энэ тохиолоор бид багшийгаа ч дурсдаг юмаа.

Чингисийн тахилгаас гадна бид өнчин хүүхдийн сан гэж байгуулан, Улаанбаатарын өнчин хүүхдүүдэд туслах ажил хийж ирсэн. Оюутнуудад туслах ажил ч хийж байгаа.

ДЛХ: Танай аав бас монголоор ном зохиол бичдэг байсан уу? 70-аад оны үеэр Америкаас Алтан гэсэн хүн Монголын Шинжлэх Ухааны Академид өөрийн бичсэн ном зохиолоо явуулж өгч байсан гэнэ. Тэр танай аав мөн үү? Одоо тэр бичсэн зүйлүүд нь байгаа юу?

СА: Тийм, манай аав мөн. Бичсэн хамаг зүйлээ Монгол уруу явуулчихсан. Бира багш манай аавтай холбоо барьж, Бира багшийн нэр дээр хамаг юмаа явуулчихсан байсан. Бира багшид байгаа буй. Тэр ном зохиолыг нь хэвлэхэд зохих зардал хэрэгтэй байна гэж аавыг нас барсаны дараа нэг захиа ирсэн байсан. Манай ах дүү хэдүүл ээжтэй ярьж үзээд дараагаар больё гэж хойшлуулсаар одоо нэг мэдэхэд бараг л арван жил өнгөрсөн байна шүү.

За тэгээд МАСА- гийн тухайд гэвэл, монголчуудын төлөө ажил хийж ирлээ. Монголчуудаа нэгдэлтэй байгаасай л гэж хүсч байдаг. Манай монголчууд бас сонин. Бид Нью Ёоркод Монгол Наадам зохион байгуулж, Энхсайхан сайдын санаачилгаар хамтран ажилласан юм. Тэгсэн чинь яагаад ч юм зарим нь манийг Монголын нэрийг худалдан их мөнгө хийж байна гэцгээж байна. Ийм ийм сонин юм гарч л байдаг. Би одоо бид бол нэг улс үндэстэн, нэг Монгол гэж л ойлгодог. Монголын соёлыг хадгалах л гэсэн санаа байна. Америкийн нийгэмд Монгол соёлоо дэлгэрүүлэн үзүүлэхэд монгол хүн болгон баярлах нь зүйтэй биз.

ДЛХ: Нью Жерси хавиар амьдарч байгаа халимагууд өөрсдийгөө хэн гэж таних талаар, жишээлбэл оөрийгөө монгол гэх болон халимаг гэж танихийн хоорондох харилцааны тухай юу гэж ойлгож байгаа вэ?

СА: Гол нь өөрийгөө халимаг гэж ярьдаг. Гэхдээ Халимаг нь Монголын нэгэн хэсэг гэдэг дээр ч ерөнхийдөө зөв танилттай. Манийг бага байхад, манай ээж, тэр үеийн хөгшчүүд хэлдэг билээ: “Бидэн Монгол амьтан. Бидэн нэг кэлтэй, нэг ёстой. Бидэн Монгол мөн” гэж.

ДЛХ: Ижилээс ирсэн ихэнх залуу улсууд одоо бол бид монгол биш, бид халимаг гэхчлэн яридаг. Би (Энэтхэгийн) Дхарамсалад байж байхдаа зөндөөн л тийм хүмүүстэй тааралдаж байсан…

СА: Би ч тэгж ярихийг сонсч байсан. Миний нэг дүү бэр тэндээс (Ижилээс) ирсэн, тэр бас тэгж хэлж байна: бид Монголд дургүй, бид халимаг гэнээ. Тэр чинь одоо миний бодлоор бол тэдэн улааны улс төрийн бодлогын дор төрж өссөн. Тэдэнд санаатайгаар Халимаг, Монгол, Буриад гэхчилэн ялгууртай зааж өгсөн. Халимагуудийг тусад нь бичигтэй болгож, та нар тусдаа үндэстэн гэж зааж өгсөн ёсоор нь өссөн хүмүүс байгаа. Буриад бас тийм. Бас тусдаа нэг бичигтэй. Гурван Монголд яалаа гэж гурван ондоо төрлийн бичиг хэрэгтэй байх вэ? Энэ их түвэгтэй юм байгаа биз. Зохиож өгсөн тэр бичгүүд нь алдаа буруу ихтэй. Халимаг бичиг гэж чи хараа биз? Ямар түвэгтэй. Эгшиг гэж бараг байхгүй. Буриадын хувьд бас нэгэн сонин үзэгдэл буй. Буриадын ихэнх нутгын аялгуу нь Монголын төв аялгуутай ойролцоо байж байхад, зориуд төв аялгууны нутгаас хамгийн хол байгаа нутгийн аялгууг Буриадын төв аялгуу болгон тогтоож өгсөн байна. Халимагуудийг ч бол нэн илүү будилуулж хаясан байна.

МАСА-гийн тухай бас нэг ярих юм бол, 2006 он бол Чингис Хаан Монголын тулгуур төрийг байгуулсаны 800 жилийн ойн дурсгал. Энэ бол бид бүхний дурсууштай том учир байх ёстой. Бид одоо нэгэнт оройтож байгаа. Одоо чинь 2005 он, нэгхэн жилийн дотор бид нар бэлтгэж амжина уу үгүй юу. Америкт амьдарч байгаа монголчууд бүгдээр хамтран энэ том баяраа хамтаар дурсаж чадвал их сайхан болох юм. Монголчууд юу бодож байгаа бол? Монголд ямар арга хэмжээ явагдах гэж байгаа тухай бид мэдээгүй байсаар. Америкт амьдарч байгаа хэдэн мянган халхчууд юу бодож байгааг ч мэдэхгүй байна. Хааяа Сан Францискод байх Ширчингийн Баатар доктороос л хэл чимээ сонсох юм. Танай сэтгүүлийн уншигчдад би гуйлт тавьж байна. Энэ нэг түүхэн дурсгалт жилээ бүгдээрээ хамтаар дурсан тэмдэглэе гэж хүсч байна.

МАСА-гийн сэтгүүл “Монгол Толбо” гэж байсан. Бид одоо бол үндсэндээ e-magazine буюу сүлжээн дээрх цахим сэтгүүл болгож, сүлжээн дээр гаргаж тавихад бэлэн болоод байгаа. МАСА-гийн ажилтангууд бүгдээрээ сайн дураараа, цагаан сэтгэлээрээ ажиллаж байгаа. Цалин мөнгө гэж байхгүй. Хүн бүхэнд өөрсдийнх нь гэр бүл, үр хүүхэд гэх мэт амьдралын олон асуудлууд байгаа. Тиймээс цаг завын хувьд заримдааь бас хэцүү. Манай вэбсайтыг хийж байгаа Чингилт гэж Тайванаас ирсэн Монгол хүн. Их Монголч сэтгэлтэй. МАСА-гийн найруулагч хийж байгаа.

ДЛХ: Та 4 настайдаа энд ирлээ гэдэг чинь бараг л энд төрлөө гэсэн үг байгаа биз. Тэгээд Америкийн иргэн. Нэг ёсондоо бол Америк хүн. Дахиад бас Монгол хүн. Энэ хоёрын хооронд та яаж тэнцүүрийг нь олдог вэ? Энэ тухай юу гэж ойлгодог, ямар сэтгэгдэл байна?

СА: Тэр ч нэгэн асуудал байгаа. Гэвч бид энд Америкад амьдарч байгаа, энд өсч Америк сургуулиар явсан. Би бас Америк авгай авсан. Америк хүн гэж санах нь ч зөв. Гэвч манай аав ээж хоёр бас хуучин соёлоо бас их хайрладаг. Тэгээд манийг бага байхаас тэр ёсоор өсгөсөн. Манийг бага байхад бараг өдөр бүр манай ээж маньд хэлдэг байсан: “Та нар тэнгэрээс тэмдэгтэй хүмүүс гэдгийг үргэлж санаж яваарай” гэдэг байсан. Ийм гэр бүлд өссөний хувьд манай ухаанд тийм санаа байна. Бид энэ улс гүрний хүнээс ялгавартай, өөрийн хэлтэй, өөрин ёстой өөрийн номтой, тэрийг маш ихээр хадгалан манай аав ээж зааж өгдөг билээ. Заримдаа бас хэцүү ч байдаг байсан. Тэнцүүрийн хувьд бол хэцүү л дээ. Би өөрийгөө бол Америкт амьдарч байгаа монгол хүн л гэж ойлгодог. Намайг нааш цааш явж хүн амьтантай тааралдахад зарим нь асуудаг. Цагаан арьстан биш болохоор хаанаас ирсэн гэж асуухдаа тодорхой нэгэн зүйлийн хариулт хүлээж байна гэж би мэддэг юмаа. Жишээлэхэд Хятад, Япон буюу Солонгос гэх мэт. Заримдаа би Нью Жерсигээс ирсэн гэчихдэг. Тэгэхэд зарим нь бас сандарч авдаг. Чи яагаад англиар маньтай адилхан ярьдаг юм бэ гэж асуухдаа цаанаа бол маньтай адил зүстэй биш байгаа мөртлөө гэсэн санаа ч тодорхой л доо. Цаанаа зарим нь дургүй ч байдаг.

(Ингэж ярьж явтал манай аяны эцсийн цэг – Нью Жерсигийн Хөүвэлл хот дахь Ницаан гэсэн Буддын сүм ч дөхөж ирсэн ба манай ярилцлага ч ийнхүү өндөрлөв.)

dayarmongol


URL:

Сэтгэгдэл бичих