Шар нутгийн төлөөх том гүрнүүдийн далд өрсөлдөөн

-УРАНЫ САЛБАРТ У.ХҮРЭЛСҮХ, С.БАТБОЛД, С.БАЯР НАР  АЛЬ УЛСЫГ ТӨЛӨӨЛДӨГ ВЭ?-

Хар тамхичид цагаан нунтгийн төлөө нүдээ өгөхөөс буцдаггүй бол дэлхийн том гүрнүүд ура­ны шар нунтгаас болоод дайтахад  ч бэлэн байдаг. Дэлхийн эрчим хүчний салбар түүхий эдээр өл­сөхийн хэрээр сансар огторгуйг эзэмших хүсэл бий. Энэ бүхний гол зан­гилаа бол уран юм. Ямар ч хамаагүй аргаар ураны нөөцтэй болох зорилго­той том гүрнүүд хөгжил буурай орнуудын ураны  ордуудыг цөлмөж байгаа билээ.

Дэлхийн ураны бат­лагд­сан нөөц арван сая тонн гэдэг бол Монгол Улсын  таамаг нөөц 1,4 сая тонн гэсэн тооцоо байдаг аж. Хэрвээ энэ тоо хайгуулаар баталгаажих юм бол Монгол Улс ура­ны нөөцөөрөө Австрали, Казахстан, Канад, Өмнөд Африк, Намиби улсын дараагаар орно. Одоо­гоор манайд батлагдсан ураны цэвэр нөөц 60-70 мянган тонн  гэдэг. Дэл­хийн зах зээл дээр 400 грамм ураны шар нунтаг 55 ам.доллараас эхлэн өсч байгаа аж.

УЧИР БИТҮҮЛЭГ БАЙСАН УРАНЫ УУРХАЙ

“Соц” нийгмийн үед ураны нөөц, олборлолтын тухай мэдээ­лэл хомс байдаг байв. Эрх бариг­чид маш хортой, аюултай гэхээс гадна “Ураны уурхай руу ойртвол үхнэ шүү” гэж байнга айлгадаг байлаа. Энэ айдас өнөө ч арилаа­гүй учир уран, атомын цахилгаан станц гэдэг үгнээс одоо хүртэл жийрхэнэ. Хүмүүсийн ой тойнд ураны орд гэхээр Черно­былийн осол, Хирошимагийн бөм­бөг­дөлт санаанд буудаг юм шиг байна лээ.

Монгол Улсын ураны нөөцөд оросууд  хамгийн түрүүнд хуруугаа дүрсэн гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Дорнод аймгийн Баяндун сумын нутагт байрлах Мардайн голын ордыг ашиглаж эхэлсэн аж. Германы армид бууж өгсөн А.Власовын цэргүүд   Дорно­дод уран олборлож байгаад бүгд үхэж үрэгдсэн гэдэг.  1980 он хүртэл нууцын зэрэглэлтэй  байсан энэхүү уурхайгаас хоёр сая тонн уран олборлосон, олборлохоор зэхсэн гэх яриа бий.

Өнөөг хүртэл 250 метрийн гүнд хийгдсэн 20 туннель бүхий уурхайн зам харгуй, түрдэг тэрэг, гэрэл цахилгаан музейд байгаа мэт хад­га­лаастай. Гэрэл цахилгаан нь хүртэл асч байна гэсэн. Өдгөө атомын цахилгаан станцтай томоохон гүрнүүд Мар­дай болон Дорнодын уул талд байгаа ураны ордуудын төлөө  тэмцэлдэж байгаа аж. “Соц” нийг­мийн үед энэ мэт нууцлаг ураны ордууд ажиллаж байсан гэх ул мөр бий. 1990 оноос хойш ураны ордын нэр хүнд, үр ашгийг мэдсэн улстөрч бол Н.Энхбаяр юм.

2007 онд Ерөнхийлөгч Н.Энх­баяр цөмийн энергийн комисс гэдэг эрдэм шинжилгээний байгууллагыг яам болгохоор шийджээ. Тухайн үед эрдэмтэд “Яам байгуулахаар улс төрийн хараат байдалд орчих­но. Тийм учраас улс төрийн хараат бус Цөмийн энергийн газар бай­гуулъя” гэсэн санал гаргасан бай­на. Эндээс хамаг булхай луйвар, авлигын наймаа үүсэн бий болсон аж.

Тэр онд Ерөнхийлөгч Н.Энх­баяр Франц улсад очиход өндөр хэмжээний угталт болжээ.  Английн хатан хаан, АНУ-ын Ерөнхийлөг­чийн хэмжээнд өндөр харуул хам­гаа­лалт, хүндэт харуултай  хүлээн авав. Францын сонин хэвлэлүүд ихэд гайхан, Монголын хэвлэлүүд Н.Энхбаярыг дэлхийн хэмжээний улстөрч болсныг магтан бичиж байлаа. Үнэн чанартаа бол  хөшиг­ний цаана ураны тусгай зөвшөөр­лийн талаар яриа болж байсан аж.

1997 онд орж ирсэн Францын  төрийн өмчит “Арева” групп      ураны хайгуулын 28 ширхэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 14100 ам км газрыг хамардаг байна. Аливаа нэг ураны ордын тусгай зөвшөөрөл авахад ар талд тухайн орны Засгийн газар, төрийн өмчит компаниуд байдаг аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Францын талд тусгай зөвшөөрлийнх нь аюулгүй бай­далд баталгаа өгөн гарын үсэг зурсан гэнэ.

ОХУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД В.ПУТИНЫ ЗУРГААН ЦАГИЙН АЙЛЧЛАЛЫН ЗОРИЛГО

Ямартай ч Монгол Улс ураны нөөцийг энхийн зорилгоор ашиг­лах, боловсруулах төрийн бодлого баримталж байв. Өөрөөр хэлбэл цөмийн зэвсгээр хөөцөлдөх улс орнуудад уран нийлүүлэхгүй байх үүрэг хүлээсэн аж. Технологийн дэвшилттэй Японоос гадна АНУ, Франц, БНХАУ, Канад улсадтай хамтран ажиллах бодолтой байв. Гэвч Оросын талыг илт барим­талдаг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нар Монгол-Оро­сын хамтарсан “Дорнод уран” компанид олон тооны тусгай зөв­шөөрөл өгсөн байдаг аж.

Гэвч оросуудын ураны салбарт дангаараа ноёрхох, эзэмших гэсэн сонирхол зогссонгүй. ОХУ-ын Дум  болон “Росатом” групп ил далд бусад ордуудын хувийг авах гэж ажиллаж байв. Оросууд зарим нэг орны тусгай зөвшөөрлийг шууд булаахыг тулгаж байлаа. 2009 онд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Монгол Улсад зургаан цаг айлчлах үеэрээ “Монгол Улстай ураны салбарт хамтран ажиллах болс­ноо” мэдэгдсэн юм. Тэрбээр дэлхий нийтэд “Монгол Улсын уран ма­найх шүү” гэсэнтэй ялгаагүй байв.

Үүний дараагаар С.Баяр, Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, “Монгол З000″ ком­па­нийн захирал Ц.Соёмбо тэргүүтэй нөхдүүд оросуудад олон тооны тус­гай зөвшөөрөл шилжүүлж байлаа. Ц.Соёмбо гэгч нөхөр хүү Энх­төрийнхөө нэр дээр ч гэсэн олон тооны тусгай зөвшөөрөл авч оро­суу­­дад зарж ам.долларын саят­ан болж байв. Ерөнхийдөө бол оросууд, С.Баяр, Цөмийн энер­­гийн газар, С.Энхбат, Ц.Соёмбо гэсэн гурвалжин хэлбэр­тэй пирамид үүсгэн ураны тусгай зөвшөөрлүүд урсаж байлаа.

ОРОСУУДЫН ХҮЧИРХИЙЛЭЛ

Хожим тухайн үед Монгол Улсын хууль ёсны дагуу ажиллаж байсан Канадын хөрөнгө оруу­лалттай “Хан Ресурс” компанийн ураны тусгай зөвшөөрлийг хүчин­гүй болгож оросуудад өгөхөөр боллоо. Мэдээж канадчууд Монгол Улсын  Засгийн газрыг дошин дээр нь дийлэхгүй учраас олон улсын Арбитрийн шүүхэд хандсан юм. Манай тал “Хан Ресурс” компа­нийг хувьцаагаа БНХАУ-ын төрийн өмчит “CNNC” компанид зарах санал  гаргасан хэмээн буруут­гасан.

Засгийн газрын төлөөлөл  “Канад улсын хөрөнгө оруулалт­тай “Хан Ресурс” бол жижигхэн ко­пани” хэмээн тайлбар хийж бай­лаа. Үнэн чанартаа бол Гурван булаг, Эмээлт давааны ураны ордод хөрөнгө оруулалт хийсэн “CNNC” компани хувьцааг нь худал­дан авах санал тавьсан юм билээ. Тэгээд зараа ч үгүй хувьцаа шүү дээ. Монгол Улсын Засгийн газар хүнийг өмс­сөн зүүснээр нь ялгаварлаж байгаа мэт “Хан Ресурс” компанитай гэрээ бай­гуулс­ныхаа дараа хөрөнгө, бэл муутай гэснээс үзвэл  шударга наймаа хийж чадахаа байж дээ.

Канадын “Хан Ресурс” ком­па­нийн шүүх хурал С.Батболдын Засгийн газар хүртэл үргэлжилсэн аж. Өмгөөллийнх нь хөлсөнд хүр­тэл тэрбум тэрбумаар мөнгө төгрөг цацаж ялахын тулд том гүрнүүдтэй тохироо хийсэн сураг ч байдаг юм. Энэ бүхний ард оросуудын сонир­хол тодоос тод гэрэлтэж байлаа. Үүний нэг жишээ гэвэл 2009 онд төрийн өмчит “Мон-Атом” компа­нийн захирал Р.Бадамдамдин “Хан Ресурс” компанийн тусгай зөв­шөөр­лүүдийг сэргээж орхижээ.

Тэрбээр тусгай зөвшөөрөл сэр­гээх эрх мэдэл бүхий албан тушаалтан биш байсан бололтой. Тэр ч бүү хэл долоо хоногийн дотор тусгай зөв­шөөрлүүдийг нь буцаан олгоно гэсэн гэрээг хий­чихсэн байлаа. Тусгай зөвшөөрлөө авахын тулд хэдэн тэрбум төгрөг төлөхөд бэлэн байсан “Хан ресурс” компани тусгай зөвшөөрлөө авах болсноо дэлхийгээр нэг цацаж орхив.

Энэ мэдээ гараад цаг ч болоо­гүй байхад ОХУ-ын Засгийн газар баруун таван аймгийн цахилгааныг тасалж орхисон юм. Оросууд дургүйгээ хүрэхээр юу ч хэлэлгүй шатахууныхаа үнийг нэмэх, цоргыг хаах арга хэмжээ авдаг арга барил­тай. Шадар сайд Н.Алтанхуяг Цөмийн энергийн газрын дарга Ц.Энхбатыг дуудан “Хан Ресурс” компанийн тусгай зөвшөөрлийг сэргээж орос ах нарын сэтгэлд юм хийчихлээ” гэж жижгэрлээ.

Ерөнхий сайд Сү.Батболд “Хан Ресурс” компанийн тусгай зөв­шөөр­лийг яаралтай цуцлахгүй бол оросууд цахилгаан өгөхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр нэн даруй “Хан ресурс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж мэдээллийн бүх сувгаар цацъя. Тэгэхдээ Зас­гийн газар бус Цөмийн энергийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцал­сан нь дээр” гэсэн шийдвэрт хүрсэн байна. Энэ үеэс эхлэн С.Батболд ураны тусгай зөв­шөөрөлд донтож эхэлсэн гэхэд болно.

Үргэлжлэл бий

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих