Миний өвөө хэнтэй, яах гэж байлдсан юм бэ?
Саяхны хэдэн өдрөөс Япон гэж улсад газар хөдөлж донслоод түүнээс улбаалан их давалгаа далай тэнгист нь босоод хүн зоныг нь хамарсан ихээхэн гамшиг болов гэнэ. Түүнээс улбаалан цөмийн цахилгаан үүсгүүр нь эвдэрч, гацаад дэлбэрч түүнээс ч хувь илүү аюул болов гэнэ. Ай бас гаслантай яа, ядрахад яр, яарахад шээс, даарахад нус гэдэг шиг ханиад томуу ч дэгдлээ гэнэ. Зовсон нэгэндээ тусалдаг нь хүний ёс юм хойно улс болгон л өөрийн хэрээр жаахан жаахан будаа гоймон, хэд гурван хөнжил гудас, эм тариа, зоос мөнгө өөр юу юу ч билээ илгээж байна. Зарим нэг нь хүүр ухах хүн хүчдээ хүрз зээтүү бариулаад явуулж байна, бас. Хөөрхий үүр нь сандайлагдсан шоргоолж шиг л амьтад зурагтаар харуулах юм, хэцүү ч юм аа даа. Америк улсаас санхүүждэг шашин сурталчилдаг нэг телевизээр хүмүүс утсаар шууд холбогдоод тэнд байдаг үр хүүхэд төрөл саднаа сураглаад бас зарим улс нь уй гашууг нь хуваалцаж, эмгэнэл илэрхийлэхийн сацуу өөрсдийн хэрээр туслахыг уриалах юм аа. Тийн байтал нэгэн хутгуурчин этгээд утсаар “Бид нар ямар багтаж шингэхгүй байгаа биш, нэг аймгаа өгье, тэр Японд” гэв. Энэ лав яавч монгол хүн биш, Монгол улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдалд хорсож явдаг харь элэгтэй хар санаатан чулуу шидэж байна гэж бодож байтал дөнгөж нөгөөдөр нь “Монгол 999” гэдэг нэр нь томдсон хэд гурван ашиг хайсан компаниудын нэгдэл бас л хандив цуглуулж юу юугаа ч өгч гийгүүлж байна гэнэ вэ, хажуугаар нь бас Японоос орон гэргүй болсон улсыг ирвэл орон гэртээ байлгаж амьдруулахдаа баяртай байгаагаа мэдэгдэв. Урьд нь утсаар хатгалга хийсэн хар санаатны арай сайжруулсан хувилбар. Юу болоод байна аа? Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэн нэгэн солиотой этгээд хийгээд хэд гурван ашиг хайсан компанийн эзэд мэддэг болоо юу? Энэ их дэмий солиорол мэт санагдавч далд санаатай хорон ажиллагааг яагаад хэн ч зогсоохгүй байна. Эрүүл ухаантай монгол хүн байна уу, ер нь.
За яах вэ, хэн нэгний солиорсон зоргоор газар таслаад өгчихдөггүй юм гэхэд орон гэргүй болсон гээд харь хүмүүсийг хэдэн зуугаар нь авчирч орогнуулвал юу болох вэ? Би нэг их ухаантай болох гээд хашгираад байгаа юм биш, захын тэнэг нь бодоод үзсэн ч сүүлийн үед дэлхий нийтээр газар сайгүй газар хөдлөл, гал түймэр, ган зуд гээд гамшиг бүхэн нүүрлэж байна. Японтой зэрэгцээд Хятадад газар хөдлөөд 25 хүн үхэж нэг тосгон сүйдлээ, түүнийг бас та нар авчирч орогнуулах уу. Одоо дэлхий нийтээрээ экологийн сүйрэлд өртөж эхэлчихээд байна.
Энэ дэлхий чинь дээр нь язганаад байгаа хэдэн тэрбум хүнээ хоол хүнс, хэрэглээгээр нь хангаж дийлэхээ болиод байна. Энэ экологийн сүйрэл улам даамжирна, эргэн тойрон хаа сайгүй гамшиг үргэлжилнэ, бүр илүү хүчтэй, илүү талбайг хамарна. Үүнийг дэлхийн хэмжээний эрдэмтэд хүлээн зөвшөөрч, сануулсаар байна. Өнөөдөр хэдэн японы тухай яриа мэт байвч эргэн тойрон Хятад, Солонгос гэх мэтчилэн дараа дараагаараа гамшиг нүүрлэвэл яах вэ? Монгол улс дүрвэгчдийн хуаран болох уу? Гол нь асуудал эхлэхдээ л байдаг юм.
Өнөөдөр хэд гурван дүрвэгч орогнуулж буй мэт харагдавч гамшиг болвол Монгол улс амь хоргодох найдвартай оромж гэсэн хандлага үүснэ. Угаас цөөхөн хүн амтайн дээр газар нутаг уудам, геологийн тогтоцын хувьд Төв Азийн тэгш өндөрлөгт үер усны аюулаас хол гээд л харь улсын хэдийнээс хараад нүдний хор оруулж байсныг нь ёстой манай хэдэн махан толгой хэлээд загатнасан газар нь маажаад өгөв. Нэгэнт тийм хандлага тогтоод эхэлбэл гамшгийн үед хэдэн мянган дүрвэгсэд хилээр зүгээр л алхаад ороод ирнэ. Яагаад ч зогсоож дийлэхгүй, буудаад ч сум хүрэхгүй, булаад ч газар хүрэхгүй ёстой чукчагийн онигоо шиг юм болно доо.
Ийм юм болохгүй юун сүртэй юм бэ гэж хэлэх хүн ганц нэг гарч магадгүй, тэгвэл Японд ийм сүртэй юм болно гэж чи мэдэж байсан уу гэж асууя? Дахин хэлэхэд тийм болчимгүй нийгэмд маш хортой үр дагавар авчирч мэдэх Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын эсрэг чиглэсэн гадаадын нөлөөтэй хорон явуулга байж болзошгүй мэдэгдлийг яагаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр юу ч болоогүй мэт дахин дахин гаргаад байна аа? Үүнийг олон нийт яагаад чимээгүй өнгөрөөгөөд байна вэ? Бага ангид үзэж байсан түүхийн номон дээр 1939 онд халх гол, хамар давааны чиглэлээр Японы милатристууд манай хилийг даван халдан довтолж, дайн өдөөсөн тухай тухайн үеийн Япон улс Солонгосын хойг, зүүн хойд Хятадыг эзлээд манай улсад санаархан халдан довтолж квантуны арми гэгчийнхээ хүчээр Монгол газрыг эзлэх, цаашлаад эх газарт өөрсдийн эзэмшлээ тогтоох стратегийн түшиц болгон бэхжих ганцхан санаатай дайн өдөөсөн нь шарх нь аниагүй байна. Япончууд үүнийгээ хилийн будилаан мэтээр ярьж тайлбарладаг. Далайн цаадах самурай яаж будлихаараа хоёрын хоёр улсын хилийг анзааралгүй өнгөрөөд Монгол улстай хилийн будилаан мэт ярьж байсан байж таарах вэ? Хэзээнээс миний Монголын газар нутагт санаатай байсан эдгээр арлын хүмүүс аргаар эзлэх санаа өвөрлөн 90-ээд оны эхээр Чингисийн онгоныг хайх гурван гол экспедиц гэсэн нэрээр манай орныг хөндлөн гулд доншуучлан нууц ажиллагаа, тандалт хийж байсан. Үүнээс хойш байнга л хөнгөлөлттэй зээл тусламж, хандив нэрээр хэд гурван уут цагаан будаа, хэдэн цэнхэр автобус, аан бас нэг хуучин телевизийн тоног төхөөрөмж өгсөн гэсэн, сүүлд түүнийг нь нэг лам орчуулагч хоёр баахан булаалдаад байсан. Харин тэр мөнгө төгрөгийг нь би л лав мэдэхгүй юм. Ямар авсан биш, угаас өгсөн ч авахгүй. Одоо тэр мөнгө төгрөгийг нь авсан хүмүүс нь сандраад байгаа юм уу, бүү мэд?
Энэ зурагтаар туслах уриалга гаргаад байгаа хүмүүс түүнийг нь бараг нулимс унагаж ирээд л ярих юм билээ. Өө нээрээ гол асуух юмаа мартах шахлаа 1939-1945 оныг дуустал хэдэн зуун монгол эрс газар шороогоо хамгаалан ирт мэс исгэрэх сум сөрөн дайтаж, халуун амь, бүлээн цусаа өргөсөн. Бас хэдэн зуун ээж, эцэг, эхнэр нулимсаа залгин өнчирсөн бол. Миний мэдэхийн өвөөгийн маань нутаг голоос үе тэнгийн 11 залуу дайнд мордоод хоёулхнаа амьд ирсэн гэж ярьсныг нь санаж байна. Тэд Дандар баатрын морьт дивизэд алба хаасан гэдэг.
Япончуудын хордуулсан худгаас ундаалсан гээд ходоодны шархаар бурхан болтлоо л тарчилсан даа, хөөрхий. Тодруулж хэлбэл, одоо чиний авчирч туулын усаар ундлах гээд байгаа япон андын чинь өвөөгийн хордуулсан худгаас тэр буурай уусан байна. Намайг туйлширч байна энэ тэр гэж хэлэхээс чинь өмнө нэг зүйл асууя, анд минь. Миний өвөө хэнтэй, яах гэж байлдсан юм бэ? /Зураг дээр Дандар баатар/ Сайн Ноён-Хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны Саарал адуу овгийн малчин ард Ах ламхай
URL: