Б.Бат-Эрдэнэ: Аль ч талаасаа аваад үзэхэд хоёр хөршөөсөө холдох бололцоо байхгүй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцээд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдлээ. Гэхдээ та бүхэн энэ гэрээнд заавал өөрчлөлт оруулах гээд байгаагийн зорилго юу юм бэ?

-УИХ-ын 25 гишүүн Оюу толгойн гэрээг өөрчлөх ёстой, үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах хэрэгтэй гэдэг шаардлагыг тавиад байлаа. Өмнөх парламентад энэ шаардлагыг тавьж байсан гишүүд бий. Тэдний зарим нь УИХ, Засгийн газарт дарга болчихоод сууж байна. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Оюу толгойн гэрээг шинэчилнэ гэсэн заалт оруулж, нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг нь хийсэн юм. Тэгсэн дөрөвдүгээр хэлэлцүүлгийн үвэр энэ заалтыг унагаж, оронд нь тэс өөр зүйл заалт оруулаад ирсэн. Энэ нь өөрөө төрийн бодлогыг тогтвортой бус гэдгийг харуулж байна. УИХ-д олонхи болсон нам, Засгийн газрыг толгойлж байгаа Ерөнхий сайд ч ялгаагүй хүч түрсэн байдалтай ажиллаж байгаа нь үүгээр харагдаж байна. Ер нь УИХ-ын гишүүдийнхээ үзэл бодлыг хайрцаглаж, Монголд бий болсон ардчиллын хүрсэн түвшинг ухрааж байна. Үндсэндээ Монголд дарангуйлал тогтох байдал ажиглагдаад эхэллээ. УИХ цөөнхийн тавьсан асуудалд анхаарал хандуулж, үгийг нь сонсдог уламжлалтай шүү дээ. Бодоод байхад өмнө нь эрх барьж байсан МАН дотоод ардчилалтай байжээ. Манай нам олонхи байхдаа эх орны нийтлэг эрх ашгийг бодож ажилладаг байсан. Үүнийг иргэд олон түмэн мэдэж байгаа. Харин өнөөдөр тийм биш болж. Нам юу гэж дуугарна түүнийг дагадаг. Даргын далайсан гарыг дагаж далдичдаг болсон байна гэж ойлголоо. УИХ, Засгийн газрын ажлаа эхэлж байгаа өнгийг харахад тийм ч таатай биш байна.

-Зүтгэсээр байгаад Оюу толгойн гэрээнд өөрчлөлт орууллаа гэхэд хөрөнгө оруулагч тал хөрөнгөө татчихвал яах вэ. Тэгвэл Монголд ямар ашигтай юм?

-Оюу толгой Монголыг тэжээж байна л гээд байх юм. Энэ ойлголтоосоо салах хэрэгтэй. Монголын ард түмэн үеийн үед өвөг, дээдсийнхээ үлдээсэн өв соёл, үнэт зүйлээр амьдраад, эх орондоо эзэн болоод ирсэн. Тийм учраас Монголыг зөвхөн гадны нэг компани тэжээж байгаа гэдэг үзэл бодлоо хаях хэрэгтэй. Бодит байдлыг ярья л даа. Оюу толгойн хөрөнгө оруулагч компани улсын төсөвт төвлөрүүлэх ёстой зургаан тэрбум төгрөгөө төлөхгүй гэсэн шүү дээ. Монголчууд бид газрын гагнаас гэгддэг үнэт баялаг руугаа улайран дайрсан “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр юу болсон билээ. Монгол орны байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал алдагдсан байна. Байгаль орчин сүйрлийн ирмэгт ирчихлээ. Монгол хүн олон жил байгаль дэлхийгээ аргадан, малаа маллаад ирсэн. Гэвч өнөөдөр энэ байдал алдагдахад хүрээд байна. Монголын нийт ард түмний өмч болсон баялгаа алдаад, эмгэнэлтэй байдалд орчихоод сууж байна. Стратегийн томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Монголын талд, ард түмний эрх ашигт нийцсэн, амьдрал ахуйд нь нэмэр болохуйц гэрээ байгуулах ёстой. Үүний төлөө л бид яваад байна. Түүнээс биш гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийг гацаая, зогсооё гэсэн санаа өвөрлөөгүй. Ийм бодол хэнд ч байхгүй.

-Анх хийсэн гэрээндээ ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулна гэвэл хөрөнгө оруулагч тал хөрөнгөө татаж магадгүй. Тэгвэл Монголын эдийн засаг хямарч эхлэнэ гэдгээс болгоомжилж УИХ энэ гэрээг хэвээр нь үлдээхээр шийдсэн гэж ойлгоод байна л даа..

-Оюу толгойн гэрээг анх хэлэлцэж эхлэхээс ингэж ярьж байсан. Гэсэн ч бид нарийн тооцоо судалгааны үндэс дээр Монголын том эрх ашгийн төлөө гэрээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзээд тууштай явсан. Тухайн үед бидэнтэй хүсэл зориг нэг, энэ шаардлагыг тавьж явсан хүмүүс өнөөдөр УИХ-ын дарга, сайд болчихоод сууж байна шүү дээ.Тэгэхээр Оюу толгойн гэрээний асуудал нааштайгаар зөв шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. Нөхдүүд маань баримталж байсан байр суурин дээрээ хэвээрээ зогсч байгаа гэдэгт итгэж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар анх хэлэлцэж байх үед дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал байсан шүү дээ. Энэ үед асуудлыг бид хамтдаа тавьж байсан.

-Нөгөө талаар бид өнөөдрийг хүртэл ур хойд хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд хараат байсан. Харин Оюу толгойг ашиглахдаа гураав дахь хөршийн бодлогыг оруулж ирсэн нь зөв болсон гэж боддог уу?

-Орос, Хятад хоёр улстай бид үеийн үед хаяа залгаж амьдарсаар ирсэн. Тийм учраас зах зээлийн эрэлтээс эхлээд аль ч талаасаа аваад үзэхэд хоёр хөршөөсөө холдох бололцоо байхгүй. Гадаадын гэж нэрлээд байгаа энэ хөрөнгө оруулагчид ашиг, хонжоо л харж яваа. Хоёр хөршөө түшсэн бодлого манай салбар бүрт бий шүү дээ.

-Тэгэхээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын одоогийн гэрээг цуцлаад хоёр хөршөө түшсэн нь дээр гэж үзэж байгаа хэрэг үү?

-Үгүй. Би тэгж хэлээгүй. Оюу толгойн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа татна гэж хэлээгүй байх. Тэд тэнцвэргүй их ашиг олох санаа нь бүтэхгүй бол хөрөнгө оруулалтаа татаж магадгүй. Түүнээс биш харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлд хөрөнгө оруулагч тал юу юуны духанд хүрэлгүй хөрөнгөө татахгүй. Бидний хувьд Монголын талд хэт ашиггүй байдлаар хийсэн гэрээгээ өөрчлөөч. Ингэхдээ муйхар аргаар биш УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэхийг шаардаж байгаа юм.

Ер нь гуравдагч орны хөрөнгө оруулалт гэдэг бол харьцангуй ойлголт. Дэлхийн улс үндэстнүүдийг дамнаж яваа компаниуд зөвхөн ашиг орлогын төлөө байдаг. “Айвенхоу майнз”-ын мэдлийн “Саусгоби сэндс” компанийн эзэмшилд байгаа Монголын ордыг Хятадын “Чалко” компанид худалдах хэлэлцээ хийлээ шүү дээ. Бидний хэдэн гишүүн явж байж энэ ажлыг зогсоосон. “Айвенхоу майнз” компани манай гуравдагч орны хөрөнгө оруулагч мөн юм бол, үнэхээр Монголд хайртай юм бол яагаад “Саусгоби сэндс”-ийн эзэмшиж байсан Монголын ордыг Хятадад худалдах гэв. Энэ компани “Бид Монголд хайртай юм чинь” гэсэн сэтгэлээр хандахгүй, өөрсдөдөө ашигтай зүйлийг эрж хайна. Монгол үндэстнийг юу ч мэдэхгүй, зах зээлийн ямар ч ойлголт байхгүй, эх орны тусгаар тогтнолын ойлголтгүй хүмүүс учраас яаж ч хандаж болно гэж бодож болохгүй.

Хэдхэн улстөрчидтэй харьцаад өөрсдийн эрх ашгийг хэрэгжүүлнэ гэж бодсоны хэрэггүй.

-Оюу толгойгоос Монголын талын эзэмшлийн хэмжээг 50 хувьд хүргэнэ гээд аль ч үгүй юм болбол яана. 34 хувь ч үгүй болчихбол монголчууд бид өөрсдийгөө тэжээж чадах болов уу?

-Би хэлээд байна шүү дээ. Монгол Улс оюу толгойгоос тэжээгдээд байгаа юм алга. XX зууны бүтээн байгуулалт болсон “Эрдэнэт” үйлдвэр улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлээд явж байна. Өөр олон аж ахуй нэгж байна. Монголын ард түмнийг тэжээж тэтгээд ирсэн үндэсний баялаг мал байна шүү дээ.

-Мал байлаа гээд мах нь үнэд ороод л байх юм. Дотооддоо улсаа тэжээх боломж нөхцөл бидэнд бий юу гэдэг нь асуудалтай…

-Би хэлээд байна шүү дээ. Оюу толгойн 34 хувийг өндөр хүүтэйгээр та нарт өгсөн. Түүндээ зургаан тэрбумаа суутгана гээд яриад сууж байна шүү дээ, энэ Оюу толгойн хөрөнгө оруулагчид. Ийм байж таарахгүй.

-Үнэнийг хэлэхэд Монгол Улс 1990 оноос өмнө Оросоор тэжээлгэсэн гэхэд болно. Ингээд эдийн засгийн хувьд бие дааж, Оросоос хараат бус болж эхэлсэн 1980-аад оны сүүлээр дэлгүүрийн лангуун дээр хар талх, хөндий гоймонгоос өөр зүйлгүй болсон гэдэг шүү дээ. Гадны хөрөнгө оруулалт орж ирснээр бид өдий дайны болсон юм биш үү?

-Монголын ард түмэн 100 жилийнхээ тэмцлийн үр дүнд алдагдсан эрхээ баталгаажуулж, устаж мөхөх шахсан улсаа цоо шинээр бий болгосон гэж боддог. Улс орноо бүрэн хэмжээгээр босгож ирсэн. Магадгүй өнөөдрийнх шиг хэт тасархай баян, чинээлэг хүмүүс тэр үед байгаагүй байж болно.

Гэхдээ өнөөдрийнх шиг хүн болгон архинд живж, ийм олон хүн хог түүж, гуйлгачилж амьдардаггүй байсан. Улстөрчдийн увайгүй үйл ажиллагаанаас болж ийм байдалд хэзээ ч орж байгаагүй шүү дээ. 1990 оны шилжилтийн хүнд хэцүү байдлыг түүнээс өмнөх үетэй харьцуулж болохгүй. Нийгмийн огцом өөрчлөлтөөс болж тийм хүнд үе гарсаи. Гэхдээ та нарын ойлголтоор 1990 хүртэл бид тарчиг байсан юм шиг ярьж байна. Үгүй шүү дээ. 1990 оноос өмнө монголчууд чанартай хүнс, бараа хэрэглэдэг, эрүүл орчимд амьдрах боломжтой байсан. тийм биз дээ.

Одоогийнх шиг уул уурхайн бүх баялгаа гадныханд ашиглуулж, улс дамнасан корпорациудад хувааж өгөөгүй. Харин ч таны ад үзээд байгаа малынхаа мах сүүг экспортод гаргаж, оронд нь орчин үеийн машин техник болон өргөн хэрэглээнийхээ барааг авч, ард түмнээ гэдэс цатгалан мөр бүтэн явуулсаар ирсэн нь үнэн. Үүнийг залуу үеийнхэн та нар сайн ойлгох ёстой. Гудманд гараад хар л даа. Хичнээн хүүхэд гудамжинд амьдарч байна. Хэдэн хүн хог түүж байна. Хичнээн хүн архинд орсныг хар даа. Энэ бүхний бурууг хэнээс хайх вэ.

-Тэгэхээр Монгол Улс 1990 оноос өмнөх хуучин үе рүүгээ буцсан нь дээр гэж үзээд байгаа юм уу?

-Хуучин үеийн амьдралын амьжиргааны түвшинг одоо бий болгох хэрэгтэй.Түүнээс биш хуучин үе рүүгээ очих ёстой гэж хэлээгүй. Ардчилсан чөлөөт нийгмийг байгуулж байгаа юм бол хүн болгон сэтгэл хангалуун байх дундаж давхаргыг бий болгомоор байна. Хэдхэн баячуудын амьдарч байгаа чинээлэг байшинг хараад сэтгэл ханаж байгаа юм уу. Тийм учраас л ард түмнийг ингэж харж байх шиг байна л даа.

-Оюу толгойн хөрөнгө оруулалт зогсчихвол та оронд нь Монголыг ярьж байгаа шигээ сайхан болгож чадах уу?

-Дахиад хэлье. Оюу толгой гэдэг ганцхан хөрөнгө оруулагчийн тухай өрөөсгөл ойлголтоосоо салах хэрэгтэй. Эх орныхоо эрх ашигт иймэрхүү байдлаар хандаж байгаад чинь сэтгэл дундуур байна шүү.

Я.Мөнгөнцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих