Намаа аврах шинэхэн генсекийн төлөвлөгөө

- ТӨЛӨВЛӨГӨӨ АМЖИЛТТАЙ БОЛБОЛ Н.ЭНХБАЯР МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, АН АЦАН ШАЛААНД ОРНО -

МАН “амь авраач” хэмээн алгаа тосон гуйх боллоо. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр сонгуульд ялагдсан шокноосоо гарч амжаагүй байхад нь УИХ-ын дарга сонгогдож, уршгаар нь УИХ-д бүлэггүй болж, амаа үдүүллээ. Мэдээж, олон жилийн турш сөрөг хүчин байсан ардчиллынхан ах намын алдаан дээр дөрөөлж, өнгөрсөн хугацаанд бахаа хангаж, хүссэнээрээ авирлаж байна. Засгийн газрын танхимаа дотроосоо бүрдүүлж, төсөв, Орон нутгийн сонгуулийг өөрсдийнхөөрөө кноптож дөнгөлөө. Тэр ч бүү хэл, Орон нутгийн сонгуулийг батлахдаа алдаа гаргачихаж гэж хоёр хоногийн өмнө баталсан хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж алиалаа. Өөрөөр хэлбэл, амьгүй албатаар олонх бүрдэж, кноп дарах эрхтэйгээр үйл ажиллагаанд оролцож буйн илрэл нь энэ. Гэвч энэ бүхэнд зоригтойхон дуугарах нэг ч эрхэм гарсангүй. Харин ч МАН-ынхан намрын чуулганы эхэнд бүлгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье, найдаж байна хэмээн тал засаж, бас арга ядсан хоолойгоор гуйсаар ээлжит бус чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авч УИХ-д нэг байтугай гурван ч бүлэг байгуулах эрхтэй хэмээн онгирох МАН-ынхан аврал ирсэн захидлыг Социнтерн болон Олон улсын парламентын холбоонд хаяглах болсон билээ.

 

Харууслын нулимстай захидалд ардчиллынхан Үндсэн хуулийг үл хүндэтгэж хууль зөрчсөн алхамуудыг засаглалын үйл ажиллагаанд удаа дараа хийх болсон талаар ховложээ.

Мөн бүлэг байгуулах эрхийг нь хязгаарлаж гишүүд байнгын хороодод үг хэлэх, асуудал таслах эрхийг боомилсоор хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн болохыг тодотгосон. Товчхондоо, МАН-ын гишүүдийн хоолойг нь АН-ынхан боомилж, үг хэллүүлэхгүй байгаа тухай алтан хошуу хүргэсэн байсан. Иймд дээрх байгууллагуудаас туслалцаа хүсч буй нь тэр. Яг л экс Ерөнхийлөгчийн гэргий аргаа барахдаа гадны байгууллагууд руу нэр төрөө умартан захидал хаягласантай адил гэмээр үйлдэл ах намынхнаас гарах болсон нь энэ.

Түүнчлэн сүүлийн үед МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргасан гэх мэдээлэл чих дэлсэв. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хэлснээр экс Ерөнхийлөгч дэлхийд байхгүй өвчин тусчихаад буй. Гэтэл ийм өвчин туссан хүнтэй уулзах шалтгаан ах намын генсект бий гэж үү. Орон нутгийн сонгуульд намынхаа тугийг мандуулах үүрэг хүлээсэн түүнд төмөр торны цаана суугаа хуучин “дарга”-тайгаа буу халах онцгой шалтгаан бий нь гарцаагүй бололтой. Түүнээс биш хоёр хүрэхгүй сарын дараа Орон нутгийн сонгууль болох гэж байхад шинэхэн генсект хийх ажил мундахааргүй их байлтай. Тийм атал экстэй уулзаж байгаа нь Орон нутгийн сонгууль дээр наймаалцах санаа байж магадгүй хэмээн ажиглагчид үзэж буй юм. Уугуул нэрээ сэргээсэн ах нам шинэчлэлээ олон түмэнд сурталчилан таниулж чадаагүйгээсээ болж УИХ-д ялагдсан хэмээн тодотгож буй. Өөрөөр хэлбэл, ялагдлын шалтгаан нь МАН хэмээх нэр. Уг нь нэрнээс болж сонгуульд ялагдал хүлээвэл хар толгойгоороо хариуцана хэмээн мэдэгдэж байсан тухайн үеийн генсек У.Хүрэлсүх шат ахиж, дугуй танхимд тухалчихсан. Харин ч хааяа нэг гарын чилээгээ Г.Баярсайхан мэтээр гаргасан шигээ даахалзаж суугаа. Түүнд хэн ч хариуцлага тооцоогүй. Тэр ч хэлсэндээ хүрээгүй. Иймд УИХ-д бүдэрч, дээр нь Орон нутагт далаараа тавиулчихвал МАН дахин өндийхөд АН шиг их цаг хугацаа шаардагдаж мэднэ. Иймээс л алгаа тосон аврал гуйхаар Н.Энхбаярыг зорьж буй нь энэ бололтой.

МАН, МАХН нэгэн цул болж, нэгдэхэд гагцхүү цаг хугацаа л шаардлагатай хэмээн О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн хоёр нам Орон нутгийн сонгуульд нэгдэн, нийлэх тактик баримтлахыг Г.Занданшатар Н.Энхбаяраас хүсч мэдэх юм. МАХН бол орон нутгийн брэнд гэж тодотгож болохуйц. Хэдийгээр үүх, түүх нь МАН-д овоглогддог ч нэрний хувьд тэрхүү брэндийн дэргэд жулдаж мэдэх “шинэхэн бүтээгдэхүүн”. МАН, МАХН гэдэг хоёр намын хооронд нэрний маргаан, нэрнээсээ хамаараад үзэл баримтлалын маргаан бий. Гэвч энэ бүхнийг хойш тавьж, нэг малгайтай болох санал санаачилгыг уугуул нам гаргах болов уу. Мэдээж, Н.Энхбаяр хариуд нь том хүсэлт тавина. Нарснаас наранд гарч, тэр ч бүү хэл, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хүсэх биз. Арга нь барагдсан Ардын намынхан ч үүнийг таамаглаж буй тул хэдийнэ үг, үйлдлээ нэгтгэж, хэлэх үгээ төлөвлөсөн талаар Тусгаар тогтнолын ордон хавиар жиргэж байна билээ.

Гэхдээ “Шударга ёс эвсэл” АН-тай гэрээ байгуулахад эвслийн цаасан дээр буусан гэрээг дөрвөн жил тогтвортой байлгахын тулд Орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субьект болж оролцох тухай протоколд тэмдэглэгдсэн зүйл бий. Хэрэв Г.Занданшатар эксийг өөртөө урвуулж чадвал АН-тай байгуулсан хэлэлцээрийг цуцалж ч мэдэх нөхцөл байдал бий болно. Алга урвуулахын дайтай амархан хийгдэх ажил биш тул эргээлзээтэй л зүйл. Хачирхалтай нь, албан тушаалаас болж арцалдаж, тарах бутрах дээрээ тулж байсан эвслийнхэнд амархан ч байж болох үйл явдал. М.Энхсайханы сэтгэл санаа үүнд хэдийнэ бэлтгэгдчихсэн. Харин ч бүр, эвсэл бутрахыг мань хүн хүсч байж мэдэх талтай. Н.Энхбаярыг анхан шатны шүүхээс ял сонссоны да­раах­ан гаргасан мэдэгдлээсээ болж амаа асуулгадаг түүнд бүтэн амьс­гаа авах боломж. Тэгэхээр мань хүн хэзээ ч үүнээс татгалзахгүй болов уу.

Нөгөөтэйгүүр, МАН-ын гишүүд МАХН-ын хаяаг бараадаж, албан тушаал горилох болсон билээ. Усны гэгдэг З.Батбаяр, төвбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал гэхчлэн 300 эрхэм өнгөрсөн долоо хоногт батлахаа сэргээж, баяр ёслол хийгээд амжсан. Албан тушаал амлаж, олноор нь соронздох болсон энэ үйлдлийн талаар ч Г.Занданшатар экстэй яриа хэлэлцээр хийх биз. Хэдэн зуун мянган гишүүнтэй МАН-д 300-хан гишүүн гарах нь бага мэт боловч хаяанаасаа цуурч унаж буй илрэл болох нь гарцаагүй. Гэхдээ МАХН бараадсан эрхмүүд буцаж мэдэх талаар бор шувуу хаяахан жиргэх боллоо. Учир нь З.Батбаяр, П.Хангал нарт албан тушаал өгөх гэлээ хэмээн дошингийнхон нь хавьтуулахгүй хазаж, хайрсан сурагтай. Тэр ч бүү хэл, тэднийг намаасаа хөөнө гэж сүрдүүлсэн юм байх. Иймэрхүү арга хэмжээ орон нутагт ч хүчтэй өрнөх болсон гэнэ билээ. Хуучин батлахаа сэргээж, орон нутагт ялалт байгуулбал бялуунаас зүсэм ногдуулах тухай яриа хэдийнэ тархсан. Боловсон хүчний нөөц бололцоо муутай МАХН-д нэг сумаар хоёр туулай буудахтай л адил зүйл. Харин энэ үйл явдал МАН-ыг амаар нь шороо үмхүүлэх бас нэг үндэслэл болно. Тэгэхээр түүний уулзалт амжилттай болвол дарга нарынхаа сүүдэрт дарагдаж, хоёр талцаж байсан нэг намынхан нэгдэн нийлэх нь. Бас Н.Энхбаяр хүссэндээ хүрч, МАН алдагдлаа нөхөх алтан боломж бүрдэж мэдэх юм.

Л.НИНЖСЭМЖИД

Эх сурвалж:”Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих