Түрээсийн гэрээнд нийгмийн даатгалыг тусгана
Нийгмийн даатгалын Ерөнхий газраас “Зах, худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах нь” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалтад нийгмийн даатгалын байгууллагууд, МҮЭХ, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй зах худалдааны төвүүдийн удирдлагууд оролцов.
Уулзалтаар, албан бус сектор, тэр дундаа зах, худалдааны төвүүдэд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нарийвчилсан тоо, тэдний сайн дурын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан судалгааг гаргах талаар хэлэлцэв. Мөн тухайн салбарт тулгамдсан асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм.
Үндэсний статистикийн хорооны 2010 оны судалгаагаар албан бус секторт 154.3 мянган хүн ажиллаж байгаагаас 50 мянга орчим нь сайн дурын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байжээ. Энэ тоог нарийвчлан гаргаж, нийгмийн даатгалд хамрагдах хүний тоог нэмэгдүүлэх талаар эхний ээлжинд худалдааны төвүүдийн удирдлагууд, тухайн төвийн үйлдвэрчний эвлэлд хамтран ажиллах санал тавьж байгаа аж.
Зах болон худалдааны төвүүдэд хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хувьд нийгмийн даатгалын талаарх мэдээлэл сайн байдаггүй тул нийгмийн даатгал төлөх нь ховор байдаг. Ихэвчлэн 08:00-20:00 цагийн хооронд ажилладаг учраас нийгмийн даатгалын байгууллагуудаар явах зав гардаггүй.
Мөн 1990 оноос өмнө улсын байгууллагад ажиллаж байгаад хувиараа худалдаа наймаа эрхэлж байгаа иргэдийн нас нь 40-өөс дээш гарсан байгаа. Тэд одоо нийгмийн даатгал төлөөд нэмэргүй гэсэн бодолтой хүмүүс их байдаг талаар хуралд оролцогчид хэлж байлаа.
Харин Нийгмийн даатгалын Ерөнхий газраас худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэдийн цаг завийг харгалзан үзэж, нийгмийн даатгалд хамруулахдаа зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай нь хамтран ажиллаж, түрээсийн гэрээнд нийгмийн даатгалын талаар тусгах санал тавив. Харин нийгмийн даатгалын мэргэжилтнүүд томоохон худалдааны төвүүдээр явж шимтгэлээ авах боломж ямар байдаг талаар ажил олгогчид сонирхож байсан юм.
Өнөөдрийн мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн даатгалаа нөхөн төлж болохгүй байгаа. Үүнийг өөрчилж нөхөн төлөх боломжийг олговол нийгмийн даатгалд хамрагдах иргэдийн тоо эрс өсөх талаар ч яригдав.
Уулзалтын үеэр оролцогчдын төлөөллөөс зарим зүйлийг тодруулсан юм.
“Наран туул”-ын худалдаачдын
11.2 хувь нийгмийн даатгалд хамрагдсан
-“Наран туул” худалдааны төвд өнөөдрийн байдлаар хэдэн хүн хөдөлмөр эрхэлж байна. Тэдний хэдэн хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг вэ?
-30 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. Үндсэндээ манайх хулгайчаас нь авахуулаад тэрбумтнуудыг тэжээдэг газар. Тэдгээрийн 11.2 хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж байгаа.
Гар дээрээс наймаа хийхийг хориглосон нь манайд хөдөлмөр эрхэлдэг зарим иргэдэд хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, гар дээрээсээ тамхи, ундаа, ширхгийн хоол зарж, амьдралаа залгуулж байгаа хүмүүсийн ажлын байр нь үгүй болчихоод байна.
-Нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа иргэдэд ямар шалтгаан байдаг юм бол?
-Хуучин нийгмийн үед хүн бүхэн хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалаа төлдөг байсан. 1990 оноос хойш хувийн хэвшлийнхэн сайн дурын үндсэн дээр төлж ирсэн. Тухайн үед өнөө маргаашийн хоолоо яаж олох вэ гэж байсан хүмүүс нийгмийн даатгал төлөхгүй нь ойлгомжтой. Одоо төлөх гэхээр 20-иод жил завсарлачихсан байгаа учраас төлөөд яах юм гэсэн бодолтой хүмүүс их байдаг. Мөн цаг зав гардагүй нь нөлөөлдөг байх.
Эх сурвалж:”Өглөөний Сонин”
URL: