Ам, ажлын зөрүү буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын 30 хоног

Ашиг сонирхлын зөрчил ба айж  ичмээр томилгоонууд

“Шинэчлэл”-ийн гэх хамтарсан Засгийн газар  эхний  сарын ажлаа дүгнүүлэх  цаг  болжээ. Эдийн засаг, улстөрийн салбарт сүйдтэй шинэ­чил­сэн ажил одоогоор мэдрэг­дээгүй, улс орны амьдрал ажин түжин л байна. Үзэгдэж хараг­даж байгаагаас  Ерөнхий сайдын цээжээрээ хамгаалсаар бүтэц, бүрэлдэхүүнийг нь батлуул­сан хамтарсан Засгийн газар 19 сайдтай болж, өмнөх Засгийн газраас дөрвөн сайдаар норм хэтрүүл­сэн.

Үүнийг байдаг л асуу­дал гэвэл яамдын тоог олш­руулж, агентлагуудыг хумьснаар цээж нь данхайж, хөл нь хатин­гаршсан тун ч адармаатай бүтэц бүрэлдчихээд байгаа. Энэ нь 100 ямаанд 60 ухна гэгчээр  яамдын үйл ажиллагааг гар­дан гүй­цэтгэдэг мэргэшсэн мэр­­гэ­­жилт­нүүд нь хумигдаж,  төрийн мөн­гөөр тансагладаг цагаан гартнууд  олширсон гэсэн үг.

Хамгийн сонирхолтой нь агентлагуудын дарга, яамдын хэлтсийн дарга нарын томилгоонд “тоон дотор үсэг цохиж явах”  мэт  “ашиг сонирхлын зөрчил” гээч нь хэрээс хэтэрчихэж. Гайхмаар, адармаатай томилгоог Ерөнхий сайд оройлон  гүйцэтгэж, хүргэн Г.Дэнзэнгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар, СХЗГ-ын даргаар 2008 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт хамт­даа хүч үзэж байсан “Алтан гадас” фракцийн гишүүн найз Г.Энхтайваныгаа суга дэвшүүлэн томилов.

Тэгтэл “Ашиг сонирхлын зөрчлийг үзэж чаддаггүй” хэмээн цээжээ дэлддэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин төрсөн дүү Х.Хулангаа БШУЯ-ны Хуулийн газрын даргаар,  С.Эрдэнэ  сайд хамаат­наа суга татаад мөн л дарга болго­чих­сон. Түүнтэй барьцалдан УИХ-ын байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж төрсөн ах Ш.Төмөр­баатарыгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агент­лагийн даргаар тавьж орхив.

Дарга нарын гайхаж балмагд­маар ёс бус томилгооны сонго­дог жишээг УИХ-ын гишүүн асан, өнөөдрийн УИХ-ын даргын зөвлөх Г.Батхүү мяндагтан ч үзүү­лэх шиг л болно лээ. Түүний туслах байсан Н.Оюунчимэг гэгч нь БШУЯ-ны Хяналт, мониторингийн газрын дарга болчихоод  зөөлөн сандалдаа тун ч ихэмсэг заларч сууна.

Арвилан хэмнэдгээрээ алдаршсан БШУЯ-ны шинэхэн сайд Лу.Гантөмөр бүтцийн өөрч­­­лөлт нэрээр хөдөөгийн сур­гуулиудын тогооч, цэвэрлэгч, эмч, багш зэрэг 3000 орчим хүнийг ажилгүй болгож дөн­гөсөн хэр нь сардаа сая шахам төгрөгийн ца­линтай төрийн албыг өөрт нь таалагд­сан нэгэндээ гарынхаа са­лаа­гаар цувруулан тарааж явна.

 “Мянгуужингийн үлгэр” шиг төсөв

Төрийн албаны томилгоонд ашиг сонирхлын зөрчил гээч нь ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байхад Монгол Улсын 2012 оны нэгд­сэн төсөв тун ч тааруухан дүр зурагтай харагдаж байгаа. Төлөвлөж байснаас бараг нэг их наяд төгрөгөөр дутуу төсөв батал­чихаад хэнэг ч үгүй сууцгааж байна.

Шинэхэн баталсан төсвийн то­дот­­голын хүрээнд Монгол Улсын 2012 оны төсвийн орлогыг 800 ор­­чим тэрбум төг­рөгөөр танаж ор­хи­сон нь тун удах­гүй ард түмэн ёс­той л хойд хормойгоороо урд хор­мой­гоо нөхөхийн дохио, сануул­га мөн.

Хамгийн хачирхалтай нь  ойрын үед 100 мянган айлыг орон сууцаар хангах үүрэгтэй БХБ-ын сайд Ц.Баярсайханы төсвийн багцад ганцхан тэрбум төгрөг баталсан хэрнээ ам ажил нь алд  дэлэм зөрсөн ашиг сонирхлын зөрчилтэй Х.Тэмүүжин сайдын багцыг 303.5 тэрбум, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн төсвийн багцыг хамгийн их буюу 569.4 тэрбум төгрөгөөр баталсан нь гайхаж балмагдмаар.

Монгол Улс ойрын жилүүдэд үсрэнгүй хөгжиж, нэг хүнд ногдох ДНБ 30 мянган ам.долларт хүрнэ гэж үлгэрийн зүүд ярих хэрнээ ЭЗХ-ийн сайд Н.Батбаярын төсвийн багцыг 16.7-хон тэрбум төгрөгөөр баталсан нь ёстой л “Мянгуужингийн үлгэр”-ийн энэ цагийн хувилбар гэлтэй.

“Хавтгайрсан халамжийн бодлогыг халж ажилтай, орло­готой монгол хүнийг бүх талаар нь дэмжиж ажиллана” гэж ярих боловч “Хүүхэд бүрт сар болгон 20.000 төгрөг олгоно” гэх нь баруун гараараа бичсэн зүйлээ зүүн гараараа арил­гахын үлгэрийг санаг­дуулна.

Ойрын хоёр жилд хавт­гайрсан халамжийн бодлого Мон­гол Улсын эдийн засгийг боомилж, инфляци  өдөр сараар хянал­таас гарах дүр зураг хамгийн бо­дитойгоор хараг­даж эхэлсэн. Харин дарга нарын ам ажлын нэгдэл нь  ан­галын ирмэг, ёроол нь хараг­дахгүй хар нүх хоёр шиг улам л холд­соор, ард түмний итгэл бүд­­гэр­сээр л.

Дэлхийн эдийн засаг их хям­ралын өмнөх аймшигт нам гүмд автаад байгаа энэ эгзэгтэй үед  өнөө­дөртөө Монголын эдийн засгийн аврагч болчихоод байгаа нүүрс­­ний үнэ Азийн зах зээлд тасралт­гүй буурч байна. Магад­гүй дэлхийн эдийн засгийн  сүүлчийн найдвар  нь байж мэдэх Хятадын дотоодын зах зээлийн байдлаас шалт­гаалан Монголын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ мөд­­дөө сэргэхгүй ч байж бол­зош­­гүй.

Эдийн засгийн энэ их эрс­дэлийн өмнө Н.Алтанхуягийн тэр­­гүүл­сэн ганц­хан сарын түүх­тэй Засгийн газар хэрхэн тэсч үлдэж, ирээдүйн их бүтээн бай­гуулалтуудыг хэр­хэн сан­хүү­жүүлж авч үлдэх эсэх нь өнөө­дөртөө оньсого төдий л бай­на.

Таван толгой, Оюу толгойн ирээ­дүйн үлгэрт итгэсээр элгээрээ хэв­­тэх шахсан Мон­голын эдийн засаг, сан­хүүгийн өнөөд­рийн хоос­ролтыг зогсоох уу, золигт гаргах уу гэдэг  нь шинэч­лэлийн Засгийн газ­рын хувьд тун ч бүрхэг  байх бо­лол­той.

Сайхан амлаж, садан төрөл, найз нөхдөө дарга болгосноор улс орон хөгждөггүй л бай­маар.

“Ам алдвал барьж бол­дог­гүй, агт алдвал барьж бол­дог”  хэмээн зүгээр ч нэг хэл­чихээгүй л байл­­тай.
Эх сурвалж:”Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих