Барилгын ажилчдыг даатгалд хамруулахыг анхаарууллаа
Барилгын компаниудын шуналаас болж хүний амь нас эрдэж буйг салбарын сайд тодотголоо. Сүүлийн үед барилга дээрээс хүн унаж амь эрсдэх, эсвэл дэргэдүүр нь өнгөрч явсан жирийн иргэд баригдаж буй барилгын хариуцлагагүй үйлдлээс болж нас барах болсон билээ. Нас барагсдын тоо дахин нэгээр нэмэгдээд буй. Үүнтэй холбогдуулан Барилга хот байгуулалын сайд Ц.Баярсайхан Хөдөлмөр аюулгүй ажиллагааны албан тоот гаргажээ. Мөн салбарын сайдын хоёр ч албан тушаалыг барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон хөрөнгө оруулагч нарт хүргүүлэхээр болсон тухай өчигдөр Ц.Баярсайхан сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хэдийгээр барилгыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын байгууллага олгож, хяналт тавьдаг ч бодлого хариуцсан яамны хувьд асуудалд анхаарлаа хандуулж, хөдөлмөр аюулгүйн хамгааллыг сайжруулах чиглэлээр юу хийх ёстой чиглэлээр шийдвэр гаргалаа” хэмээн тодотгосон. Түүнчлэн сайдын 2012 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 01 албан даалгаварт болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээний тухай тусгагдсан байна. Түүнчлэн даалгаварын биелэлтэд хяналт тавих зорилгоор Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан салбар хороо ч байгуулсан тухайгаа энэ үеэр дуулгасан юм. Мөн салбарын сайд барилгын компанид ажиллаж буй ажилчдыг заавал даатгуулах арга хэмжээ авахыг тухайн компаниудад анхаарууллаа.
Л.НИНЖ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: