Барилгын салбарт ”20 дугаар тогтоол” гаргая

Социалист нийгмийн үед Монгол Улс мөнгөн тэмдэгтээ ЗХУ-д хэвлүүлдэг байв. Одоо бидний чи-хэнд дасал болсон шиг “Банкуудын нийт актив 9 их наяд төгрөгт хүрлээ”, “Иргэдийн гар дээр 600 тэрбум орчим төгрөг эргэлдэж байна” гэх мэтээр мэдээлэх боломж байсангүй. Зах зээлд яг хэчнээн төгрөг эргэлдэж байгааг мэддэггүй байж л дээ. 742 сая гэсэн албан ёсны тоо байдаг ч үүнээс илүү их мөнгө эргэлдэж байгаа нь мэдэгдээд байж. Тагнуулынхан энэ байдлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлдэг байжээ. Гэтэл нийгэм солигдов. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг дураараа үйлдвэрлэж байсан оросууд хамаг баялгийг маань хуу хамаад арилах нөхцөл байдал үүслээ. Ийм эгзэгтэй байдал үүсээд байх үед буюу 1991 оны нэгдүгээр сарын 15-нд БНМАУ-ын Засгийн газрын 20 дугаар тогтоол гарчээ. Засгийн газар тогтоолынхоо төслийг Улсын Бага Хурал (УБХ)-д урьдчилан танилцуулж, тухайн асуудлаар УБХ хаалттай хуралдаан хийсэн гэдэг. “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 18 заалт, хоёр хавсралттай уг тогтоолын үндсэн агуулга нь бараа бүтээгдэхүүний үнийг хоёр дахин нэмж, зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний ханшийг унагаад, банкинд хадгаламжтай иргэддээ нөхөж өгөх замаар хуурамч төгрөгийг шахах байж л дээ. Сайн, муу аль алинаар нь дурсагддаг “20 дугаар тогтоол”-ыг гаргах болсон үндсэн шалтгаан нь энэ.

Болгоомжлол үнэн байсан гэдэг нь батлагдаж, төгрөгийг ЗХУ-д хэвлүүлэхээс татгалзсаны дараа дэлгүүрийн лангуу хоосорсон гэдэг юм. Монголчууд барааг нь худалдаж аваагүй байхад лангуу хов хоосон болсон байв. Банкинд хадгаламжгүй байсан иргэд энэ мөчийг санахад одоо ч гэсэн дотор нь харладаг гэдэгт итгэлтэй байна. Гэвч энэ бол зайлшгүй авах ёстой алхам байсан. Барилгын салбараар гарчиглачихаад яагаад 20 дугаар тогтоол, төгрөгийн ханш яриад унав гэж гайхаж байж магадгүй. Үнэндээ дээр өгүүлсэн төгрөгт хийсэн шиг эрс шийдэмгий алхам барилгын салбарт дутагдаад байсан гэдгийг л хэлэх гэж ингэж их нуршлаа. Өнөөдөр Монголд монголчууд өөрсдөө судсыг нь атгаж байгаа салбар гэж алга. Ноос, ноолуурын бизнес хятадуудын гарт байгаа бол автомашин засварын бизнесийг вьетнамууд хянаж байна. Төрийн өмчит Чалко компани нь “Саус Гоби сэндс”-ийг худалдаж авахыг оролдсон явдал бол хятадууд нүүрсний бизнест хяналт тогтоох гэж оролдсоны баталгаа мөн. Тэд Монголд орж ирэх ч шаардлагагүйгээр бид бүхний хэрэгцээг хангаж байна. Идэш, ууш, хэвлэмэл материал, ном, сэтгүүл гээд бүхнийг хийж өгч байна. Телевизээр “Үндэсний бүтээгдэхүүнээ аваарай, үйлдвэрлэгчидээ дэмжээрэй” гэж сурталчилдаг “Монгол бүтээгдэхүүн” Хятадаас вагон вагоноороо орж ирж байгаа. Энэ бол бодит байдал. Хятададуудад эзлэгдэж, үндэсний компаниуд нь өдрөөс өдөрт шахагдан хөл дээрээ өндийхгүй болж магадгүй байгаа ийм салбарын нэг нь яах аргагүй барилгын салбар юм. Өнөөдөр барилга дээр дандаа хятад ажилчид ажилладаг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Хятад ажилчид монгол ажилчдаас хямд цалин аваад байна уу гэвэл үгүй шүү дээ.

Цаад эзэд нь хятад учраас л тэгж байгаа хэрэг. БНХАУын иргэд, компаниуддаа бага хүүтэй, урт ху-гацаатай зээл өгч гадны улс орнууд руу бизнес хийлгэхээр явуулдаг гэсэн яриаг сонсоогүй хүн ховор биз. Ингэж зээл өгчихөөд хятад иргэдээ ажлын байраар ханга гэсэн ганцхан болзол тавьдаг гэдгийг ч дуулсан байх. Асуудлыг энэ өнцгөөс нь харвал, хятад барилгачид ажиллуулж байгаа барилгууд бүгд Хятадын хөрөнгө оруулалттай гэсэн үг. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай Монгол Улсын хуульд “Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж үзнэ” гэсэн заалт бий. Аливаа улсын зах зээлд орж ирж байгаа гадны улсын иргэд өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд нэгдмэл бодлого явуулах боломжтой. Ялангуяа Монгол шиг хууль хэрэгждэггүй улсад. Тийм ч учраас барилгын салбарыг цэгцлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Барилгын салбарыг хятадуудад алдахаасаа өмнө. Харин яаж гэдэг нь асуудал. Үнэхээр болохгүй бол өөрсдийн иргэддээ бага зэрэг хохиролтой “20 дугаар тогтоол” шиг арга хэрэглэсэн ч болно. Яаж хийж болохыг холбогдох хүмүүс нь мэдэж байгаа.

Хариуцлагыг хэнтэй тооцох вэ
Барилга бол ашиг ихтэй бизнес. Яаж ийгээд босгосон л байхад ашгаа нугалж олдог. Энэ тохиолдолд компаниуд хаанаас ч хамаагүй хөрөнгө босгоод, хаана ч хамаагүй барихыг л бодно. Үүнд тэдний буруу байхгүй. Харин зөвшөөрөл олгосон төрийн албан тушаалтнуудад гол учир нь байна. Барилга барих зөвшөөрөл авахын тулд 118 албан тушаалтны гарын үсгийг авах хэрэгтэй болдог байсан гэхээр аймшигтай байгаа биз дээ. Гарын үсэг тус бүртээ хуулийн хугацаатай, тэр хугацааг нь тооцож үзвэл 480 гаруй хоног болдог. Албан тушаалтан амарсан, эзгүй гэх мэт шалт-гаанаар хойшлогдсоор хоёр, гурван жил ч болдог байсан гэж байгаа. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан журамд барилга барих зөвшөөрөл гарснаас хойш 20 жил үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй бол газрыг нь хураана гэж заасан байдаг. Хамгийн түрүүнд зөвшөөрөл нь гардаг юм байна л даа. Ингээд бусад гарын үсгээ цуглуулсаар явтал Мэргэжлийн хяналтынхан хураана гэдэг. Ийм л хууль үйлчилж байгаа юм шүү дээ. Амьдралд нийцэхгүй энэ журмыг өөрч-лөхгүй л юм бол барилгын салбар эрүүлжихгүй.

УИХ-ын гишүүн М.Энхболд Шадар сайд байхдаа “Нэг барилга барьж ашиглалтад оруулахын тулд 118 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг байсныг 56 болгож цөөллөө. Энэ нь гарын үсэг зуруу-лахад зарцуулж байсан 480 гаруй хоногийг 180 орчим хоног болгосон нь шат дамжлага, цаг хугацаа хэмнэж, энэ хэрээр хүнд суртал ч арилж байна” гэж мэдэгдэж байв. Гэтэл үнэндээ 56 гэдэг ч их байна. Хууль журмыг компаниудын биш өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн, эцэст нь өч төчнөөн сая, тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг нь нураалгах гэж байгаа албан тушаалтнуудад л чангахан хариуцлага тооцох хэрэгтэй.

Осол, гэмтэл ихэсч байгаа юм биш, их байсан нь ил гарч байгаа юм
Шүүмжлэхээ болиод зүгээр л өөрийнхөө мэддэг барилгыг ярья. Миний бие оюутан байхдаа зуны амралтаараа барилгын туслах ажилчнаар ажилладаг байсан юм. Барилга дээрээс осол гэмтэл гарах нь жирийн л үзэгдэл байсан. Подъемтой нурж, хэн нэг нь шатны хомучккийг суллаж орхисноос болж угсарсан шатнаас барилгын суурь руу нисч үхэх шахаж байлаа. Подъемноос унасан нь даац хэтрүүлснээс, шат нурдаг нь Увсын нэг нөхрийн хариуцлагагүй байдлаас болсон хэрэг. Гэхдээ гол буруутан нь компани байсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй байсан гэдгийг баталж чадна. Анх ажилд орсон өглөө хуучны архагууд “Аваанзаа ав” гээд цагаан цаас өгч, “Гарын үсгээ зур” гэсэн. “Ажиллаа ч үгүй байхад уу” гэсэн гэнэн юм бодсоор авч хартал “Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн” гэсэн хуудас байсан юм. Би гарын үсгээ зурсан нь мэдээж. Ийм л байдлаар ажил явагддаг байв. 360 вольтын цахилгаантай кабель тасарч, бараа материал хадгалдаг төмөр гарашийг шүргэх шахаж санжганахад 10 гаруй хүн дотор нь байсан ч тохиолдол бий.

Хэдхэн сантиметр л зөрсөн бол тэр хүмүүс өнгөрөх байсан. Барилга дуусах дөхөж байхад цахилгаан шат суурилуулж байсан ажилчин давхар хооронд унаж нас барсан. Үүний дараахан аравдугаар хороололд кран нурж бас нэг хүн үхсэн. Энэ мэтээр осол, хүний амь эрсдэх явдал энэ салбарт тасардаггүй. Угаасаа маш аюултай ажил. Залуу, учраа мэдэхгүй хүн л ийм нөхцөлд ажилладаг байсан байх. 50 см-ийн өргөнтэй дам нуруун дээгүүр бетон хүрздээд гүйдэг байсан гэж бодохоор одоо нуруугаар хүйт оргидог юм. Сүүлийн үед барилга дээр ажиллах залуучууд ч ховордсон гэнэ билээ. Бас нэг яриа. Аль барилга гэдгийг нь хэлээд яах вэ. Нэг нөхөр маань “Найз нь барилгад ажилласнаасаа хойш тагтан дээр гарахаас айдаг болчихлоо” гэж билээ. Хананаас цухуйсан хоёр арматур дээр залгаж, рам зангидаад тагт цутгасан юм билээ.

Барилгын салбар арван жилийн өмнө ерөнхийдөө нэг иймэрхүү л байсан. Хүмүүс одоо л осол их гараад байгаа юм шиг ойлгоод байгаа нь буруу, өмнө нь ч тийм л байсан. Ихэнх нь чимээгүйхэн дарагддаг байсан юм, харин одоо ил гарч эхэллээ.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих