Гэмтлийнхэн хөл тавих зайгүй болтлоо өвчтөнд дарагджээ

Нийслэлд осол эндэгдэл ойр ойрхон давтагдаж байна. Энэ хэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төв ачааллаа дийлэхээ больжээ. Үүдээр нь ормогц Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг угтана.

Тэнд дугаарлан зогсох иргэдийн хөл хөдөлгөөн тасардаггүй аж. Гар, хөлөө гэмтээн уйлж унжих бага насны хүүхдээ тэвэрсэн аав, ээжүүд, өвдөлтөө тэсэн ядан шаналах залуус, хөгшчүүл гээд урт дараалал хэдийнэ үүссэн байв.

Энэ бол Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зөвхөн нэг өдрийн өнгө. Тус төвийн хувьд үүднээсээ л ийм дүр зураг харагдана. Харин цааш нэвтэрвэл бүр ч ажил ихтэй, хүн олонтой юм. Бусад клиникүүдэд өдөрт нэг эмч 15-20 хүн үзэх нормтой байдаг. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг эмч өдөрт 60 өвчтөн үздэг жишиг тогтжээ.

Тус төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч Г.Амармэндийн хэлж буйгаар тэднийх өдөрт гурав гурваар ээлжинд гардаг байна. Ингэхдээ тухайн өдрийн ээлжийн эмч нь 24 цагаар ажилладаг. Хоногтоо 280-320 орчим өвчтөн үзэж яаралтай тусламж үзүүлдэг гэж байсан. Гэвч энэ тоо сүүлийн үед ихээр нэмэгдэх хандлагатай байгааг тэд хэлсэн.

Үйлдвэр, зам тээвэр, барилгын гээд осолд орж, эрүүл мэндээрээ хохирогсод тасрахаа байжээ. Ачаалал ихэссэнтэй холбоотойгоор сүүлийн үед өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчлэх ор ч үгүй болжээ. Арга буюу эмнэлгийн коридорт гудас дэвсч, дусал залгах, тариа хийх зэргээр эмчилгээ явуулдаг болоод удсан гэнэ. Зарим тохиолдолд өвчтөний оношийг нь тогтоож, харьяа дүүргийн эмнэлэгт нь шилжүүлдэг болжээ.

Ийнхүү насанд хүрэгчдийн гэмтлийн тасгаар орлоо. Тэнд ч мөн адил ор гарахыг хүлээсэн өвчтөнүүд коридорт гудас дэвсч, эгнээд суучихаж. Тэдгээр эмчлүүлэгсэдтэй уулзлаа.

ОР СУЛАРТАЛ ХҮЛЭЭХЭЭС ӨӨР АРГА АЛГА

Дорнод аймгийн дөрөвдүгээр хорооноос ирсэн Г.Уранчимэгийн хэлж буйгаар “Энэ сарын 18-нд шөнө айл руу явж байгаад ухсан нүхэнд унаж хөл, гараа хугалсан. Ор олдохгүй болохоор эмнэлгийн коридорт гудсан дээр хэвтээд ч болов эмчилгээ хийлгэж байна. Хэзээ ор сулрахыг мэдэхгүй. Энд ирээд хоёр хонож байна. Миний хувьд орон нутгаас ирсэн болохоор ор сулартал хүлээхээс өөр гарга алга” гэв.

ЭМЧ НАР КОРИДОР, ТАСАГТ ГЭЖ ЯЛГАЛГҮЙ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА

Баянгол дүүргийн IV хорооны иргэн Б.Эрдэнэсайхан “Манай ээж хөлнийхөө үе солиулах хагалгаа хийлгэж байгаа. Ээж маань энд хэвтэн эмчлүүлээд 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд би ах, эгчтэйгээ ээлжлэн сахисан. Миний ажигласнаар олон иргэд Насанд хүрэгчдийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлэх гээд коридорт нь ор сулрахыг хүлээж олон хонодог. Эмч нарын хувьд өвчтөнүүдийг коридор, тасаг гэж ялгалгүй эмчилгээгээ сайн хийдэг юм билээ. Өдөр бүр л шинэ өвчтөнүүд ирдэг. Энэ тасаг асар их ачаалалтай ажилладаг юм байна” гэлээ.

ОР СУЛРАХЫГ ХҮЛЭЭГЭЭД ТАВ ХОНОЖ БАЙНА

С.Нямсүрэнгийн хэлж буйгаар “Хувийн компанид геологи хийдэг. Ажлаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд газар өрөмдөж байгаад хөлөө хүнд гэмтээсэн. Ор сулрахыг хүлээгээд тав хонож байна” гэв.

БАРИЛГААС УНАЖ ХҮНД ГЭМТЖЭЭ

Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн Б.Ганцэцэгийн “Цагдаагийн академийн хашаан дотор баригдаж байсан таван давхар барилгаас есдүгээр сарын 1-нд унаж гэмтсэн. Бэхэлгээний бүсээ бүслээгүйн улмаас хоёр давхраас унаж хоёр хөлөө хугалсан. Хагалгааны зардал болон эм тарианы мөнгийг манай компани даасан. Хүнд гэмтэлтэй байсан тул ор хүлээгээгүй шууд хэвтэж эмчлүүлсэн” гэв.

АВТОБУСАНД МӨРГҮҮЛЖ ХҮНД ГЭМТЖЭЭ

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Балдандорж “Бэлхийн орчимд энэ сарын 3-нд өглөө 08.00 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явж байгаад гарцгүй газар зам хөндөн гарч яваад хурдтай явж байсан автобусанд мөргүүлж хүнд гэмтсэн. Нэгдүгээр баазын Бэлхийн чиглэлд явдаг автобус байсан. Жолооч нь байнга эргэж тойрж байгаа. Биед маань олон гэмтэл учирсан тул Хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.

Харин Эрчимт эмчилгээний тасагт нийт 15 ортой аж. Хамгийн хүнд өвчтөнүүдийг хүлээж авдаг тул хамгийн хариуцлагатай ажиллах ёстой тасаг аж. Харин Эрчимт эмчилгээний тасагт газраар хүн хэвтүүлж эмчлэх боломжгүй гэнэ. Бие нь сайжирч байгаа өвчтөнүүдээ өөр тасаг руу шилжүүлж шинээр ирсэн хүнд өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчилдэг байна.

Бодит байдал дээр Гэмтэл согог судлалын үндэсний төв хэт их ачаалалтай ажиллаж өвчтэй иргэдээ хэвтүүлэх газаргүй болоод байгаа аж. Зарим өдрүүдэд эмнэлгийн коридор хөл гишгэх газаргүй болдог гэж эмч мэргэжилтнүүд ярьсан юм.

Л.Алтанхишиг

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих