Сэтгүүлчдийг сэтэртнүүд ангуучилдаг болжээ

Албан тушаалаа урвуулан ашиглаж ашиг хонжоо хайгчид олширчээ. Ард түмний хөрөнгийг амин хувьдаа завшран төрийн түшээд Авлигатай тэмцэх газарт ээлж дараагаараа шалгуулж байна. Хуулийг гууль болгосон тэдэнд хяналтын байгууллагууд хүчин мөхөсдсөөр. Тухайлбал, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүхтэй холбоотой мэдээлэл бий. Тэрбээр сайдын албан тушаалд суугаад багагүй хугацаа өнгөрөөжээ. Харамсалтай нь хийсэн гэхээсээ илүү ашиг хонжоо хайсан нь их аж.
Түүний эл булхайтай үйлдлийг дэлгэн бичсэн сэтгүүлч АБаатархуяг, Г.Уянга нарыг шүүхэд өгсөн байна. Хэвлэлийн эрх чөлөө гэж хараат бус зүйл. Хэн нэгний эрх ашигт баригдах учиргүй. Үнэ я бодит мэдээллийг олон нийтэд ил тод байдлаар хүргэх учиртай. Гэтэл албан үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлч нарыг хуулийнхантай хүч хавсарч дарахыг санаархжээ. Нэг үгээр хэлбэл амыг нь хамхих арчаагүй ороддлого хийсэн байна.
Мөн сэтгүүлчдийг өөрөөсөө уучлалт гуйхыг шаардсан нь зүй бус үйлдэл хэмээн Г.Уянга хэлсэн юм. АБаатархуяг, Г.Уянга нар хэвлэлийнхэнд хандах үедээ сайдаас уучлалт гуйхгүй гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн Л.Гансүхийн хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. Тэдний үзэж буйгаар Л.Гансүх нь “Орчлон” хотхонд өндөр үнэтэй хаус худалдаж авсан нь асуудалтай. Тэрбээр 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараахан хаусаа 165 сая төгрөгөөр худалдаж авчээ.
Уг хотхонд өндөр үнэтэй хаусыг худалдаж авахад сайдын цалин хүрэлцэхгүй гэдгийг АБаатархуяг хэлж байсан. Төрийн түшээ Л.Гансүх хувийн эзэмшлийнх нь талаар олон нийтэд дэлгэсэнд дургүйцэж хоёр сэтгүүлчийг Сүхбаатар болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хүсэлт гаргасан байна. Үүний дагуу цагдаагийнхан сэтгүүлчдээс байцаалт авч эхэлжээ. Гэтэл хуулийн хугацаанд мөрдөн байцаалт дуусаагүй байхад сайд Л.Гансүх дур мэдэн хавтаст хэргээс баримт авч телевизээр төлбөртэй нэвтрүүлэг цацуулсан гэнэ.
Сайдын эл үйлдэл нь Эрүүгийн хуулийн 189 дүгээр зүйлийг зөрчжээ. Тиймээс сайдын энэ үйлдлйиг холбогдох газруудад шалгуулахаар болсноо тэд мэдэгдэв. Г.Уянга хэлэхдээ “Эрүүгийн хэргийн хавтаст хэргийн материал нууц байх учиртай. Гэтэл хэн нэгний эрх мэдлээр хавтаст хэргийн материалыг олон нийтэд цацсан нь хууль зөрчсөн хэрэг юм. Л.Гансүхийн булхайтай үйлдлийн цаана “Эм Си Эс” компанийн удирдлага бий.
Тэр компанийн хотхонд манай төрийн томчууд бүгд амьдардаг. Санаандгүй тохиолдлоор нэг дор амьдарна гэж баймааргүй. Л.Гансүх сайд үнэн бодит байдлыг харуулах нэрээр сэтгүүлчдийг гэртээ урьсан байдаг. Бид очиж үзэх хэрэгтэй.
Төрийн албан хаагч тэр дундаа сайдын цалин дор хаяж нэг сая төгрөг байгаа. Гэтэл цалингаараа амьдардаг сайд 165 сая төгрөгөөр дээд зэрэглэлийн тансаг хаус авч чадна гэж үү. Энэ эргэлзээтэй асуудлыг хуулийн байгууллагаас шалгуулах хүсэлтэй байгаа. Манай хуулийнхан тэр тусмаа цагдаагийнхан сай­дын тушаалаар хөдөлдөг болчихсон гэхэд хилсдэхгүй. Үүнтэй холбоотой Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс болон цагдаагийн ахмад Н.Баттөмөрийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт гаргасан” гэлээ.
Зарим хэвлэлийн төлөөлөл А.Баатархуяг, Г.Уянга нараас “Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг. Тэгэхээр хавтаст хэрэг задалсан цагдаагийн алба хаагчийг Авлигатай тэмцэх газарт биш, Прокурорын мө­рдөн байцаах газарт шал­гуулах нь зөв байсан юм биш үү” гэсэн асуултыг тавьж байсан юм. Үүнд А.Баатархуяг хариулахдаа “Л.Гансүх захиалгат нэвтрүүлэгтээ “Энэ хоёр сэтгүүлч албан тушаалтнуудтай зууралдаж байж мөнгө олдог” гэсэн мэдээлэл өгсөн.
Сэтгүүлчид албан тушаалтантай биш авлигын хэрэгтэй зууралддаг. Монголын шүүх зөвхөн эрх баригчдад л үйлчилдэг. Шүүх цагдаад дуудагдаагүй сэтгүүлч гэж байхгүй. Тэднийг заавал буруутан болгох гэж зүтгэдэг. Ямар нэгэн байдлаар хэрэгтэн болгох гэж оролддог. Гэтэл шүүх нь буруутай хэмээн дүгнэлт гаргана. Бидний талд хэн ч ордоггүй. Харин цаг хугацаа л биднийг буруугүй гэдгийг харуулдаг. Үүнд олон жишээ дурьдаж болно” хэмээлээ.
Эрхэм сайдтай холбоотой мэдээлэл үүгээр дууссангүй. Тэрбээр өөрийнх нь талаар бичсэн сэтгүүлчийг дарамталдаг нэгэн бололтой. Түүний эд хөрөнгийн үнэт бодит мэдээллийг бичсэн “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Н.Мөнхчимэгийг өрөөндөө дуудаж уучлалт гуйхыг шаардаж байсан удаатай аж. Гэтэл төлбөрт нэвтрүүлгээрээ дамжуулан сэтгүүлч Н.Мөнхчимэг “Надаас уучлалт гуйсан” хэмээжээ.
Н.Мөнхчимэг “Сайд намайг өрөөндөө дуудаж “Би их мөнгөтэй хүн. Чихрийн бизнес эрхэлж мөнгөтэй болсон. Чи надаас уучлалт гуйгаад залруулга гарга” гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед би юу ч хэлээгүй гараад явсан юм. Гэтэл саяхан захиалгат нэвтрүүлгээрээ миний нэрийг дурьдаж уучлалт гуйсан мэтээр худал мэдээлэл цацсан” гэж байлаа.

А.Лхагважав

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих