Б.Болдбаатар: Сэтгэгдэл бичиж байгаа хүнийг IP хаягаар нь илрүүлж болно
Харилцаа холбооны салбарын зохицуулалтын талаар-
Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага” болон “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”-ыг гаргаад удаагүй байгаа.
Тоон контентын тухай журамд өдгөө бидний өргөн хэрэглэх болсон вэб хуудас, цахим хэрэглэгээ, үйлчилгээ гээд орчин үеийн техник технологийн бүх төрлийн үйлчилгээ хамаарч байгаа юм. Тиймээс энэхүү журмыг илүү тодорхой ойлгуулах үүднээс Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Болдбаатартай ярилцлаа.
-Мэдээлэл технологи хурдацтай хөгжиж байгаа учраас энэ төрлийн журам гаргах нь цаг үеийн шаардлага болсон болов уу. Хүмүүс ч энэ журмын талаар сонирхож байгаа байх?
-Манайд мэдээллийн технологи тэргүүлэх салбарын нэг болон хөгжиж байна. Тиймээс цаашид хөгжих боломжийн суурь тавих, хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлох шаардлага гарч ирж байгаа юм.
Өнгөрсөн 5 жилд манай улсын интернэтийн хэрэглээ 80-90 дахин өслөө шүү дээ. Үүнийг дагаад харилцаа холбооны сүлжээг ашигласан, олон төрлийн үйлчилгээ бий болж байгаа. Тиймээс энэ үйлчилгээнд гарч байгаа асуудлуудыг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх шаардлага тулгарсан учраас тоон контентын үйлчилгээний тухай хуулийг батлан гаргасан. Тиймээс харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа бүхий л төрлийн контент энд хамаарна.
-Тоон контент, агрегатор гэдэг нь юу гэсэн үг юм бэ?
-Контент буюу агуулга гэдэг нь харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа, дүрс бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт багтаасан бүтээгдэхүүн. Харин контентын агрегатор гэдэг нь контентыг хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болгодог хүмүүсийг хэлж байгаа юм.
-Тэгэхээр тоон контентын тухай нөхцөл шаардлагад аль аль үйлчилгээ эрхлэгчид хамаарч байна гэсэн үг вэ?
-.Үүрэн телефон, интэрнэт, IP болон мобайл телевизийн үйлчилгээ эрхлэгчид хамаарч байгаа. Жишээ нь вэб хуудсын үйлчилгээ эрхлэгчид зөвшөөрөл авлаа гэхэд тодорхой хэмжээнд шаардлагууд тавьж байгаа. Үүнд агуулгатай холбоотой шаардлага голлох байр эзэлж байна. Зохиолчийн эрх, хүүхдийн эрх, нийгэмд мөрдөгддөг ёс зүй, дэг журмын талаарх Монгол Улсын хуулийг мөрдөх ёстой. Мөн энэ төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс орлогоо яаж хувааж авах вэ гэдгийг журамд заасан байгаа.
Хүмүүсийн шүүмжлэл дагуулдаг нэг зүйл бол вэб хуудасны үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой гардаг. Монголд 30 орчим мянган вэб хуудас байна. Үүнээс арилжааны зорилготой үйл ажиллагаа эрхэлж байгаа, олон хандалтыг бий болгох зорилготой вэб хуудас эрхлэгч хариуцлага илүү хүлээж байгаа.
Тухайлбал, тухайн вэб хуудсаар дамжиж байгаа мэдээлэл нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байвал түүнийхээ төлөө хариуцлага үүрнэ гэсэн үг. Сэтгэгдэл бичих ч үүнд хамаарна. Ер нь хүмүүс сэтгэгдэл бичихдээ намайг гэж хэн мэддэг юм гэх байдлаар дураараа бичдэг. Тэгвэл интернэт хэрэглэгч хүн бүрт IР хаяг гэж байдаг. Энэ бол утасны дугаартай адил зүйл шүү дээ. Түүний дагуу сэтгэгдэл бичиж байгаа хэнийг ч илрүүлэх боломжтой. Энэхүү шинэ шаардлага мөрдөгдснөөр хамгийн гол нь энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид зах зээлийн зарчмаар хөгжих боломж гарч ирж байгаа юм.
Жишээ нь уран бүтээлчид зохиогчийн эрхийнхээ дагуу бүтээлээ харилцаа холбооны сүлжээгээр цацсаны төлөө орлого олох болно. Энэ бол хориглож хязгаарлаад байгаа журам биш. Харин ч эсрэгээрээ энэ төрлийн зах зээлийн хөгжлийн суурь нь тавигдаж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Вэб нээхэд тусгай зөвшөөрөл авна гэхээр блог хамаарах уу?
-Блогыг хамааруулж үзэхгүй байгаа. Блог бол вэбээр дамжуулж харилцаж байгаа. Гэхдээ тэр нь нийгмийн тодорхой хэсэгт нөлөөлөх эсвэл мөнгө олох зорилготой байвал хамаарна.
-Арилжааны зорилготой, үгүйг яаж ялгах юм бэ?
-Вэб хуудсын хандалтын тоог бид харах бололцоотой. Түүгээр нь хэмжинэ. Сарын туршид өдрийн дундаж гурван мянгаас дээш байвал манайд хандаж зөвшөөрөл авах ёстой гэж журамд заасан байгаа. Мэдээж огт ашиг олохгүйгээр томоохон вэб портал эрхэлнэ гэж байхгүй шүү дээ.
-Шинэ журмыг хүмүүс хэр хүлээж авч байна. Хэрэгжилтийн явц ямар байна?
-Тусгай зөвшөөрлийг эхнээсээ авч байгаа. Энэ журмыг зөв алхам боллоо гэсэн хүмүүс ч гарч байна. Шүүмжилж байгаа тал ч бий. Хэвлэлийн эрх чөлөөг хаалаа гэсэн яриа байгаа. Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд, ардчилал хөгжсөн бусад улсын жишгээр зохицуулж байгаа журам. Ер нь харилцаа холбооны зохицуулах хороо мэргэжлийн, техникийн дүгнэлт гарган шийдвэр гаргах эрхтэй байгууллага шүү дээ.
-Манайд оюуны өмч зөрчигдөж байна гэж ярьдаг ч байдал өөрчлөгддөггүй. Харин энэ журам гарснаараа өөрчлөгдөнө гэж ойлгож болох нь ээ?
-Энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн явуулж байгаа харилцааг тодорхой болгосон нь өмнө нь үгүйлэгдэж байсан зүйл гэж болно. Тухайлбал, үйлчилгээ эрхлэгчийн тухайн үйлчилгээнээс авах орлого нь 10-20 хувь үлдсэн нь контентын агрегаторт очно гэж заасан байгаа. Ер нь энэ ерөнхий нөхцөл шаардлага гарснаар мэдээлэл технологийн салбарт томоохон дэвшил боллоо гэж хэлмээр байна.
-Үүнийг хэрэгжүүлэхэд хяналт сайн байх хэрэгтэй байх?
-Тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд, хувь хүмүүстэй бүгдтэй нь гэрээ байгуулдаг. Үүнийхээ дагуу хяналт тавина. Гэрээнд харилцан хүлээх үүрэгт мөнгөн торгуулийг тодорхой заасан байгаа. Тоон контентын үйлчилгээ, телевизийн үйлчилгээний аль аль нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл учраас юу юугүй хаана, цуцлана гээд болохгүй л дээ.
Д.Пүрэвсүрэн
URL: