Монгол, казах хэлэнд ижил үг 3008 байна

Зохиолч, сэтгүүлч Б.Монголхүүгийн “Казах ардын аман билиг оршвой” номын нээлт Үндэсний номын санд болов. Уг ажиллагааг Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлөөс зохион байгуулжээ. Энэхүү ёслолд Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав, МУСГЗ, зохиолч П.Бадарч, Д.Гармаа, С.Султан нар болон УИХ-ын гишүүн А.Бакей тэргүүтэй төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо. П.Бадарч найрагч тэр хоёр бүр багын, оюутан ахуйн андууд бөгөөд Б.Монголхүүгийн аавынд адууны чанасан мах идэнгээ сургууль соёлоо төгссөнөө дурсав.

МУСГЗ С.Султан дээрх бүтээлийг “Зөвхөн уран зохиол бус эрдэм шинжилгээний ач холбогдолтой болсон” хэмээн үнэлээд “Монгол, казахын ард түмний гарвал, үүсэл нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Явж, явж бидний түүх Хүннү дээр очоод “мөргөлдөх” нь мэдээж. Үүнийг батлах зүйл олон байна. Тухайлбал, монгол, казах хэлэнд ижил үг яг 3008 байгаа юм” хэмээн тодрууллаа. Яруу найрагч Ш.Сүрэнжав “Б.Монголхүүгийн хөдөлмөр, бүтээлийг Монголын төр үнэлэх цаг болжээ” гэв.
Г.Мөнх (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих