Уучлаарай, Ардчилсан нам үүдээ түгжчихэж…

Улстөрийн ууган хүчин биш ч Ардчилсан  хүчин гэдгээрээ 20 жил ялгарч ирсэн Ардчилсан намыг  ардчилалгүй  нам болж гэдгийг хүлээн зөвшөөрөхөд болохоор байна.  Тус намын  Үндэсний зөвлөлдөх хорооны 34 дүгээр хуралдаанаас  намынхаа үүдийг нэг жил дангинатал түгжих шийдвэрийг гаргачихаад байна. Жил бүр Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийнхээ  гуравны нэгийг ротацийн  буюу эргэлтийн сонгуулиар сонгож, шинэчилдэг уламжлалаа тэд үгүй хийв.  Бүх шатны ротациа энэ жил  явуулахгүй байхаар тогтлоо гэж буй ч, намын бүх шатанд жил бүр ротаци буюу дотоод сонгууль явуулна гэж заасан  намын дүрмээ зөрчин ийм алхам хийсэн нь, тус нам ардчиллын бус замаар цаашид зүглэхээр шийдэв үү гэмээр харагдаж байна.

Ардчиллын тулгуур үзэл санаа нь хүн бүр тэгш эрхтэй гэсэн ойлголт билээ.  Энэ нь төр улсаа удирдах эрхийг иргэн бүр эзэмшинэ гэсэн үг.  Гол нь,  тэр оролцоог  та биднийг төлөөлөн  төр гэдэг байгууллагад  алба хашиж буй эрхмүүд ханган ажиллах ёстой. Гэхдээ биднийг тэд төлөөлж буй нь үнэн учраас биднээс  хол давуу эрх мэдэл олж авдаг  нь төлөөллийн ардчиллын зайлшгүй нэгэн шинж чанар юм.

Харин засгийн эрхийн төлөө эрмэлзэж, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, тодорхой зохион байгуулалтай нам гэдэг  нийгмийн институт  нь  Төрийн хэмжээнд засаглалыг авах, эсвэл түүнд оролцох,  Нийгмийн том бүлгийн эрх ашгийг илэрхийлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өөрийн удирдах болон орон нутгийн байгууллагыг багтаасан зохион байгуулалтай бүтэцтэй, төрийн засаглалыг авахын тулд сонгогчдоор дэмжүүлэх гэсэн том эрмэлзэлтэй  юм.

Туйлын зорилго нь  сонгуульд ялж, засаг төрийн эрх мэдлийг авах,  төр засгаас гарах шийдвэрт  нөлөөлөхөд чиглэж байдаг.  Тэгвэл Ардчилсан намын тухайд   улс нийтийн эрх ашгийн төлөөнөө өнгөрсөн жилүүдэд  зүтгэж ирсэн, улс орны хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргаж, гаргалцаж ирсэн хүчин.  Гэвч  өнөөдөр тус намын хэдэн нөхдүүд санаа нийлэн намын дотоод ардчиллаа үгүй хийж байгаа нь анхаарал татаж байна.

Ардчилсан намын удирдлагууд   намын дүрэмд, өөрчлөлт шинэчлэлт оруулах тухай яригдаж буй энэ үед  намын дотоод сонгууль     нэмж зөрчил үүсгэнэ гэж үзсэн.  Намын удирдлага  Н.Алтанхуяг  “Ардчилсан намынхан дотроо маргалддагаа давуу тал гэж боддог. Гэтэл энэ нь сул тал болоод байна” гэж байна лээ.

Мөн 11 жилийн турш намын дотоод сонгуулийг явуулсаар ирсэн ч цаг үе өөрчлөгдөхийн хэрээр дүрэм өөрчлөгдөх зайлшгүй шаардлагатай байна.   ҮЗХ –ны  2/3-ыг сонгох ротаци нь тодорхой хэмжээний шинэчлэлийг авчирдаг байсан ч,    сүүлдээ намын дотор элдэв зөрчилдөөн, авлига бий болоход нөлөөлсөн тул  гишүүдийн шинэчлэлийг явуулахдаа өөр аргаар хийдэг байх ёстой болох нь  гэж  үзэж буйгаа намын зарим нөхдүүд хэлж байгаа юм.

Тэд ийн хэлж, ярьж байгаа ч тус намын нөхдүүдийн энэ алхам нь Ардчилсан намын төлөө гэхээсээ одоо албан тушаал дээрээ байгаа хүмүүсийг сандалтай нь улам наалдуулах гэсэн, хэдхэн хүмүүст АН-ыг өмчлүүлэх гэсэн  углуургын санаа гэдэг нь ч харагдаж байна. Жил бүр явагддаг ротаци авлигыг бий болгосон гэж хэлж байгаа нь, авлигыг бий болгож эрх мэдлийг өмчлөх хүсэл, шунал намын нөхдүүд дунд бий гэдгийг баталж буй. Ер нь ийм хандлага хаана ч, бас хэзээ ч амь  бөхтэй оршино.  Намын дотоод сонгуулийг үгүй хийж дотоод ардчилал, бас гишүүдийнхээ эвлэлдэн нэгдэх эрхийг дээр суугаа хэд нь  уландаа гишгиж,  эрч хүчтэй шинэ төлөөллүүдээр намынхаа   “цусыг  сэлбэх”-ийн эсрэг байгаад гол аюул бий.
Хэдийгээр  удахгүй батлах намын шинэчилсэн  дүрэмдээ ротацийн талаар нарийн заана гэж байгаа ч, дүрэмдээ  түргэн түүхий хандахгүй гэдгээ ч хэлсэн. ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү   “Ротаци явуулахаа больсноор асуудал шийдэгдэх гарц нь хаана байна вэ. Үүсээд  буй асуудал дүрэмтэй биш хувь хүмүүстэй холбоотой. Дөрвөн дүүргийн асуудлаар барьцаа хийж намын дүрмийг өөрчлөх гэж байна. УИХ дээр гишүүд өөрсдөдөө хангамж баталдаг шиг ҮЗХ-ны гишүүд өөрсдийнхөө эрх ашгийг хадгалахаар ийнхүү шийдэх хэрэгтэй юм уу. Энэ заалт нь Ардчилсан намын дүрмийн амин чухал заалт. Ардчилсан намын ҮЗХ-д орж ирэх гээд байгаа хэний өмнө хаалга хаах гээд байгаа юм бэ. Өнгөрсөн жил, түүний урд жил яагаад тэгвэл хаагаагүй юм” гэж байсан. Түүнтэй ижил саналыг цөөнгүй эрхмүүд хэлж байсан юм.

Ер нь Ардчилсан намынхан өөрсдийгөө “Мөнхийн залуу”лидерүүд гэж итгэсэн гэхэд болох юм. Тэд залуу үедээ шатаар гарах боломжийг олгож харагддаг бол,  МАН-ын ахмадууд харин цахилгаан шатаар  гарах боломжийг олгож чаддаг зангарагтай.

Гэтэл хамгийн ардчилсан, уян хатан,  үлгэр дуурайлалтай байх учиртай Ардчилсан намын акулууд “Алтан гадас” , МоАХ. Ардчилсан хүчний холбоо гэж хуваагдан, Ардчилсан намаа фракцийн өмч болгохын төлөө уралцаж байна.  Намынхаа үүдийг нэг жил дангинатал түгжээд,  “Уучлаарай, энэ жил хүн хүлээж авахгүй ээ” гээд суух болсон нь үүний улбаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих