Ялтан Н.Энхбаяр гадаадад зугтаж гарах бололтой
МАХН-ын дарга, яллагдагч Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхээс түүний эсрэг гаргасан дөрвөн жилийн хорих ялыг эсэргүүцэн өнгөрсөн сарын 16-нд Нийслэлийн давж даалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Түүний гомдлыг Нийслэлийн шүүх ирэх сарын 26-ны өдөр авч хэлэлцэнэ. Монгол Улсын иргэн хэнбугай ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Тэр л эрхээ эдлэн МАХН-ын дарга, ялтан Н.Энхбаяр давж заалдаж байгаа. Энд онцгойроод байх сонин байхгүй.
Харин ноён ялтан маань Сүхбаатар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнийг алдаатай шийдвэр гаргасан хэмээн гомдол мэдүүлсэн.
ээд 26-нд болох Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдааны ерөнхий шүүгчээр Г.Алтанчимэг оролцохоор болсон нь л ихээхэн сонирхолтойгоос гадна бага зэрэг сэжигтэй санагдаад байгаа юм.
Ёстой л “Үхсэн буурын толгойноос амьд ат айх”-ын энэ цагийн сонгодог жишээ гэвэл үүнийг л хэлнэ. Ер нь МАХН-ын дарга эрхэм ялтан Н.Энхбаярын одоогоор олонд ил болж, Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрөвхөн жилийн ял авсан хэргийн зах зухаас сонирхуулбал Соёлын төв өргөөний хойно байрлах нэг муу балгас болсон байшинг хувьчлаад авчихсан.
Бас Засгийн газрын ордны баруун талд орших хэн ч сонирхдоггүй, орлого гэхээр юмгүй нэг муу зочид буудлын тантанг идчихсэн, дээр нь буддын шашинтнуудаас телевизийг нь шалихгүй хэдхэн тоног төхөөрөмжтэй нь дээрэмдчихсэн л хүн. За дээр нь ялихгүй хэдэн тэрбумыг нааш цааш нь гувчуулсан л байх.
Ард түмнийх нь ихэнх хэсэг нь эх орны хишиг 21мянган төгрөгөөр амьдралаа подхийтэл аваад явчихдаг алтан дээр сандайлсан Монгол шиг баян улсын Ерөнхийлөгч байсан хүн тэрүүхнээр гараа угаагаа л биз. Яадаг юм, юун ч сүртэй юм билээ дээ.
Харин ойрдоо эрхэм Ерөнхийлөгч агсны бие тун ч базаахгүй байгаа сурагтай. Ямар сайндаа л Эрүүл мэндийн шинэхэн сайд Н.Удвал ахайтан “Даргыг яаралтай гадаадад эмчилгээнд явуулах ёстой” хэмээн сандраад гүйгээд байх вэ дээ. Саяхан манайдаа л цол гуншин, алдар сүрээрээ зартай нэгэн сүрхий зайран баахан дэвхцэж, цовхчиж онгод нь ороод “Одоо болох шүүх хурлын үеэр Н.Энхбаяр даргын бие нь огцом муудаж гадаадад яаралтай эмчилгээ хийлгэхээр явна. Түүнийг саадгүй явуулах урьдчилсан тохироо, нам хоорондын яриа хэлэлцээ яг одоо ид хийгдэж байгаа” гэж хэлээд хойшоо савж унасан байгаа юм. Хөөрхий тэр зайрангийн онгод мөн ч сүрхий орсон хэрэг л дээ. За энэ ч яах вэ.
Хөөрхий бие нь барагтай байгаа МАХН-ын дарга, ялтан Н.Энхбаярын талаар “Thomson Reuters” сайтад саяхнаас нэгэн таагүй мэдээлэл тавигдах болсон гэнэ. Банк санхүү, улс төрийн талаар бараг 100 хувийн магадлалтай үнэн зөв мэдээлэл цацдагаараа ихэд нэр хүндтэй тус сайт эрхэм ялтан Н.Энхбаярыг Сингапур, Хонконгийн банкуудад олон сая ам.доллар угаасныг нь барин тавин нотолсон сурагтай.
Харин тэр олон сая ам.долларыг Сингапур, Хонконгийн банкуудад угаасан нүгэлтэй хэргээ ганцаараа биш хуучин Бирм буюу одоогийн Мьянмарын удирдагч нартай цуг хийсэн нь яамай даа. Зүүн Өмнөд Азийг шуугиулаад байгаа банк, санхүүгийн тэр том луйвар илэрвэл ганцхан манай муу Н.Энхбаяр биш Мьянмар зэрэг орны хуучин удирдагчид дээлээ толгой дээгүүрээ нөмөрвөл аштай юу, та минь.
За, за яадаг ч байсан 26-ны өдрийг л чих тавин хүлээх үлдлээ. Зайрангийн онгодод бууснаар бол АН, “Шудрага ёс” эвслийн дарга нар хэн хэндээ татгалзах эрхгүй санал тавьж, ялтан Н.Энхбаяр иргэн, өвчтөн Н.Энхбаяр болоод суман цагаан онгоцоор шунгинуулаад хил даван одох байлгүй дээ, хөөрхий.
Сүх жанжны талбайн өмнө орших өвөрмөц хийцтэй олны нэрлэдгээр “Заазууран барилга” буюу “Blue sky”-ыг экс эрхмийнх гэдгийг нь манай тагнуул, цагдаагийнхан нотолсон ч гэх шиг. Тэрхүү байшиндаа гадаад дотоодын баахан мөнгө угаасан. Мөн дүү охин Н.Энхтуяаг нь интерполоор эрэн сурвалжлаад гадаадаас бариад ирсэн ч гэх шиг хачин янзын таамаг, таамаглал экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дагах юм даа.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: