Ц.Цолмон: Бид олигархиудаас төрийг цэвэрлэнэ
Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмонг “Ярилцах танхим”-даа урилаа.
- Үндэсний шинэ нам, Монголын уламжлалын нэгдсэн нам хамтран “Үндэсний эрх ашиг ба тусгаар тогтнол” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /өчигдөр/ зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь юундаа оршиж байна вэ?
- Улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд хамтарч ажиллаж байгаа. Бид гол, гол улс төрийн ойлголт, зорилгоо нэгтгэж, бие биеэ сонсч, дүгнэлтэд хүрье гэдэг үүднээс хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өмнө нь улс төрийн намууд гэсэн сэдвээр хийсэн. Үндэсний эрх ашгийн төлөө ярьдаг мэргэжлийн байгууллага, улс төрийн нам, хөдөлгөөнүүд нийлээд хийж байна. Хүн бүр үндэсний эрх ашиг гэж мэддэг боловч өнөөдрийн Монголын гадаад, дотоод орчин, нөхцөл цоо шинэ болчихлоо. Тэгэхээр энэ нөхцөлд яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Урьд нь монголчууд гадны анхаарлыг бага татдаг, хаалттай улс байсан бол одоо маш их баялагтай, геополитикийн хувьд сонирхолтой дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж эхэллээ. Ийм үед хэрхэн үндэснийхээ эрх ашгийг авч үлдэх юм, хэрхэн бага хохиролтой давж гарах вэ гэсэн асуудал байна. Сүүлийн 20 жилийг авч үзэхэд Монгол Улс хөгжиж, хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Гэтэл хүн амын талынх нь ахуй амьдрал сайжирсангүй. Үүнээс дүгнэхэд үндэснийхээ эрх ашгийг хамгаалж, зөв бодлого явуулахгүй бол улс орон нь хөгжөөд, хүн ам нь ядуурах ийм нөхцөл үүсч мэдэх юм. Өнгөрсөн 20 жилээ бид шилжилтийн үе гэж ярьж байгаа.
- Харин Ардын намын удирдлага “Шилжилтийн үе дууссан” гэж байгаа. Таныхаар шилжилтийн үе дууссан уу?
- Шилжилтийн үе нэгэнт дуусч байгаа юм бол Монголын сэргэн мандалтад тохирох улс төрийн шинэ тогтолцоог бий болгох ёстой л гэж үзэж байна. Тиймээс Үндсэн хуулиа шинэчилье, улс төрийн тогтолцоог харилцан хянадаг, тэнцвэртэй байлгах тогтолцоо руу оруулах хэрэгтэй. Ийм бодлогын үүднээс манай нам Үндсэн хуулийн төсөл боловсруулсан, олон зүйл дээр санал, санаачилга гарган ярьж байгаа. Ер нь шилжилтийн үе дууссан гэвэл бүх хуулийг шинэчлэх талаар ярих ёстой. Жишээ нь 10 жилийн өмнө уул уурхайг зохицуулж байсан хуулийг дэлхийн улс орнууд манай улсын баялгийг сонирхож, хамтарч ажиллахыг зорьж байгаа энэ үед өөрчлөх хэрэгтэй. Зарим нэг сольсон заалт нь монгол хүний эрх ашиг гэхээсээ илүү гадныхны эрх ашигт нийцсэн байгаа шүү дээ. Уул уурхайн салбарын хуульд Монголын оролцоо 30 хувиас дээш байж болохгүй гэж заасан байгаа. Үүнийг үндэсний эрх ашгийн үүднээс авч үзвэл манай эрх ашиг дээшээ байх тусмаа л сайн байна. Гэтэл 30 хувиас доош байж болохгүй гэж заах ёстой байтал дээш байж болохгүй гэсэн нь гадныханд зориулсан байгаа юм.
- Үндэсний эрх ашиг гэхээр хүн бүр л өөр, өөрийнхөөрөө томъёолох байх. Харин та өөрийнхөөрөө томъёолвол. Үндэсний эрх ашгаа авч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ?
- Монгол үндэстний хамгийн чухал эрх ашиг юу вэ гэдэг асуудал юм. Улс орны хувьд энгийн бөгөөд хамгийн хэрэгтэй зүйл бол Монгол үндэстэн тусгаар тогтнолтой байх, улс төрийн хүрээний олон эрх ашиг бий. Харин эдийн засгийн хувьд хүнээс гуйдаггүй, бусдаас илүү баян, дэлхийн түвшинд хүрэх гэсэн зорилт, эрх ашгийг тавина. Нөгөө талаас монголчууд даяаршлын нөхцөлд гадны нөлөөнд уусахгүй, Монголоороо үлдэхийн тулд түүх, соёл, хэлээ хадгалж, хамгаалах, улам хөгжүүлэх эрх ашиг байна. Гэтэл эдгээр ерөнхий эрх ашиг хүнд байдалд орсоор байгаа. Хамгийн чухал эрх ашиг бол монголчууд сайн сайхан амьдрах ёстой. Гэтэл энэ эрх ашгийг өнгөрсөн 20 жил биелүүлж чадсангүй. Энэ нь л үндэснийхээ эрх ашгийг хангаж чадахгүй байгаагийн илрэл. Тэгэхээр үүнийг хангах бодлого, зорилго, зорилт нь ямар байх ёстой юм гэсэн асуудлаар бид санал солилцож байна.
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өнгөрсөн чуулганаар баталсан. Танай нам Үндсэн хуулийн төсөл боловсруулсан гэсэн. Чухам ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй юм бол?
- Бидний үзэж байгаагаар үндэсний эрх ашиг, монголчуудын нийтлэг эрх ашгийг сахин хамгаалах заалтыг илүү тусгаж, гадны нөлөөлөл Монголд орж ирэхийг хязгаарлан, далд эдийн засгийн аюул, заналхийлэлд автахгүй байх зэрэг заалтыг оруулж өгөх ёстой. Чухам ийм зүйлүүд одоогийн Үндсэн хуульд хангалтгүй байна. Энэ хууль ардчиллын давалгаан дээр гарсан учир хувь хүний эрх ашгийг давамгайлсан байдаг. Бидний боловсруулсан тавдугаар Үндсэн хуулийн төсөлд яриад байгаа энэ зүйлийг л тусгая гэж байгаа юм.
- М.Энхсайхан дарга “Бид гадаад бодлогод өөрийн гэсэн эрх мэдэл, эрх ашиггүй байна” гэж илтгэлдээ дурьдаж байсан. Үнэхээр өөрийн гэсэн эрх мэдэлгүй байгаа юм уу. Та юу гэж үзэж байна?
- Манайх үндэснийхээ эрх ашиг, бодлого, хэтийн зорилгоо бүрэн тодорхойлоогүй шүү дээ. Тиймээс гадныхан юу гэж хэлнэ түүнийг дэмжих хандлага бий. М.Энхсайхан илтгэлдээ социализмын үед Орос юу гэж байна, тэдний зөв хэмээн гар өргөдөг байсан. Энэ байдал одоо ч ажиглагддаг. Харин одоо ийм сэтгэхүй, байдлаасаа гарах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Түүний хэлсэн яах аргагүй зөв. Үндэсний эрх ашиг, монголчуудын нийтлэг эрх ашгийг юун түрүүнд чухалчилсан бодлогыг гадаад бодлогодоо тусгах нь маш чухал юм.
- “Муу Засгийн газар гэж байхгүй. Харин сөрөг хүчин байхгүй байгаа нь л хамгийн муу” хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаяр хэллээ. МАХН-ыг ирээдүйдээ хүчтэй сөрөг хүчин болж чадна гэж бодож байна уу?
- Сөрөг хүчин гэдэг маань парламентад суудалтай Ардын нам, Ардчилсан намынхантай холбоотой. Ардчилсан нам ард түмнээс авсан мандатын дагуу сөрөг хүчин байх үүргээ биелүүлээгүй. Харин жижиг намууд парламентад суудалгүй учир тэдний хувьд сөрөг хүчин гэж ярьж болохгүй. Бид гаднаас буюу иргэдийн дуу хоолой болон дуугарч байна. Н.Энхбаяр даргын хэлснээр муу Засгийн газар гэж байхгүй. Харин сөрөг хүчин байвал муу Засгийн газрыг бий болгодоггүй гэдгийг хэлсэн. Ард түмний индэр дээрээс болж бүтэхгүй байгаа зүйлийг хэлж, хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна. Гэхдээ байнга хэлэлцүүлэг өрнүүлэхдээ бус хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, санаачилгыг хөтөлбөр болгон иргэдэд таниулах, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана.
- Чуулган эхэлмэгц хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал бол Сонгуулийн тухай хууль. Сонгуулийн тогтолцоонд ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй вэ. Та бүхэнд аль нь илүү ашигтай юм?
- Сонгууль ямар ч тогтолцоотой байсан эрх мэдэлтнүүд аливаа зүйлийг өөрсдийнхөө талд эргүүлдэг. Тиймээс манай намын хувьд Сонгуулийн хуулийн талаар санал өгөөгүй. Ямар ч тогтолцоо байсан бидэнд хамаагүй.
- Танай нам, Амлалт нэхэх ард түмний холбоо хамтран “Ард түмний их хуралдай”-г зохион байгуулах гэж байгаа. Хэзээ хийх гэж байна?
- “Ард түмний их хуралдай” дөрөвдүгээр сарын эхээр болно. Нам, хөдөлгөөнүүд хамтран ажиллахаар хөдөлгөөн байгуулаад ажиллаж байгаа. Манай намаас зохион байгуулж байгаа боловч бусад нам, хөдөлгөөнүүд биднийг дэмжиж оролцоно. “Ард түмний их хуралдай”-н бэлтгэл ажлыг хийж байна.
- Үндэсний шинэ нам МАХН-д түрүүлж очсон, зарим нь МАХН-д Үндэсний шинэ нам очсон гэж яриад байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
- Хэн нь хэн дээрээ очсон гэдэг асуудал байхгүй. Жижиг намууд болон иргэний хөдөлгөөнүүд нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхнийг шүүмжилж, тэр бүхний төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулах гэж нэгдсэн. Гэхдээ аливаа зүйлийг шүүмжлэх амархан. Тиймээс дандаа шүүмжлээд л байна гэж ойлгож болохгүй. Бидний зорилго бол олигархиудаас төрийг цэвэрлэж, улс орныхоо хөгжил, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана.
- Та бүхэн “Олигархиудтай тэмцэнэ” хэмээн нэгдсэн. Н.Энхбаяр, М.Энхсайхан нар парламентад байхдаа мөн л олигархи гэж хэлүүлж байсан шүү дээ. Ер нь олигархи гэж хэнийг хэлээд байгаа юм. Эсвэл хэн нэг улстөрчийг хэлээд байна уу?
- Төрийн мөнгөөр хөлжсөн, ард түмний төлөө юу ч хийхгүй тийм улстөрчдийг олигархи гэж хэлээд байгаа юм. Бизнес эрхэлдэг баян хүн бүр олигархи биш. Парламентад олигархиуд бий. Гэхдээ нэр цохож хэлэхдээ гол нь оршихгүй. Ямар ч байсан парламентад цөөнх олигархи байгаа.
URL: