Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт аппарат, түргэн тусламжийн машин бэлэглэжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайх дүүргийн эмнэлэгт бөөрний цус шүүгч таван аппарат бэлэглэжээ. Уг аппаратуудыг өнгөрсөн долоо хоногг эмнэлэгт суурилуулсан бөгөөд араас нь түргэн тусламжийн хоёр ч машин явуулсан гэнэ. Мөн тус дүүргийн эмнэлгийн эмч, техникч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй дөрвөн хүнийг Японы анагаах ухааны “Токүшюкай” нийгэмлэг дээр дадлага хийлгэхээр болсон байна. Кёкүтэнхо Н.Цэвэгням тус нийгэмлэгийн тэргүүн Т.Токүдатай уулзан Налайх дүүргийн эмнэлэгт шаардлагатай байгаа аппарат, тоног төхөөрөмжийн талаар ярилцжээ. Ингээд тус нийгэмлэгийнхэн Монголд өгөх бөөрний цус шүүгч аппаратыг нийлүүлжээ.

Мөн ирэх онд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 500 ортой эмнэлэг барихаар болж бэлтгэл ажилдаа орсон гэнэ.

Н.Цэвэгням Налайхын харьяат бөгөөд 2009 оны наймдугаар сард түүний аав Нямжав нь бөөрний дутагдалд орж байжээ. Гэвч дүүргийн эмнэлэгт шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж байгаагүйгээс ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэнэ. Тэр үед Кёкүтэнхо “Хэрэв эмнэлэгт аппарат хэрэгсэл байсан бол аав минь амьд үлдэх боломжтой байлаа. Над шиг зовлон үзэх хүний тоо ганц нэгээр ч болов багасаасай гэж хүсэж байгаа учраас Налайхын эмнэлэгт бөөрний аппарат бэлэглэнэ” хэмээн амлаж байжээ.

С.АЛТАН


URL:

Сэтгэгдэл бичих