Бүсгүй хүн зөв залуурдвал ямар ч эр “уулыг эргүүлнэ”

Нэгэн улсын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр шинээр баригдаж байгаа хорооллыг сонирхож явав. Гэтэл барилга дээр эхнэрийнх нь өмнөх найз залуу шаварчин хийж байгааг хараад ерөнхийлөгч:

- Чи надтай суугаагүй бол шаварчинтай суух байсан байна ш дээ хэмээн ёжлонгуй инээхэд эхнэр нь

- Би тэрэнтэй суусан бол тэр ерөнхийлөгч болох байсан юм даа гэжээ.Энэ бол явган онигоо. Гэхдээ ухаалаг эмэгтэй хүн гэр бүлээ ямар зөв залуурдаж чаддагийг маш энгийн хирнээ шог байдлаар тайлбарласан эгэл биш онигоо.Ингээд харахаар эхнэр хүний “Хатан ухаан” айл бүрийн ирээдүйг тодорхойлдог гэвэл нэг их хэтийдэхгүй болов уу. Гэрийнхээ “тулгыг манаж”, амьдралын хүнд хэцүү толгодод өрхөө тогтвортой авч явахад эхнэр хүн дараах 4 үүргийг биелүүлэх ёстой хэмээн эртнээс үзэж иржээ.

Төсвийн эзэн байх үүрэг: Эр хүн оршихуйн үндсийг тавих жамтай. Өөрөөр хэлвэл хэрэгцээт мөнгийг олж, гэрийнхнээ муу бүхнээс өөрийнхөө ноён нуруугаар хамгаалж байх үүрэгтэй. Харин нөхрийн олж ирсэн мөнгийг яавал хэмнэлттэй, үр дүнтэй, олон талын ач холбогдолтойгоор захиран зарцуулах вэ гэдэгт эхнэрүүд санаа тавих ёстой юм. Эрэгтэй хүн байгалиасаа амьдралын нарийн ухаануудад эв хавгүй хандахаар заяагдсан. Тиймээс ч төсвийг хариуцах мэдрэмж шаардсан ажлыг эртнээс гэргий нар биелүүлж иржээ.

Дотоод хэргийн эзэн байх үүрэг: Арга билиг хослон орших учиртай хэмээгддэг. Эр хүн гадаад хэргийг, эмэгтэй хүн дотоод хэргийг бүрэн хариуцсан цагт тэр гэр бүл тогтвортой, тэнцвэртэй харилцаатай байж чадна.Эрэгтэй хүнийг компанийн захиралтай зүйрлэе л дээ. Тэгвэл бүсгүйчүүд бол менежерээс өөрцгүй. Менежерүүд захирлын ар талыг дааж, өөр том ажлуудаа санаа амар хийх нөхцөлийг бүрдүүлдэг шүү дээ. Гэргий нар ч бас нөхрөө хамгийн чухал үүргээ биелүүлэхэд нь найдвартай түшиг тулгуур, хань, ар тал нь байх ёстой аж.

Ур дүйн эзэн-соён гэгээрүүлэгч: Манай үеийн бүсгүйчүүд өрхийн менежерээ материаллаг талаас сайн биелүүлж байгаа. Харин оюунлаг талаас арай л дулимаг байх шиг санагддаг юм. Дээр өгүүлсэнчлэн эрэгтэй хүн “механик” сэтгэхүйтэй бөгөөд торгон мэдрэмж шаардсан ажлуудад ур дүйгүй билээ. Харин энэ дутагдлыг нь бид дүүргэж, нөхөр хүүхэддээ аливааг зөв талаас нь ухааруулж, ойлгуулж, соён гэгээрүүлэх нь зүйтэй. Таны нөхөр ч бас “том хүн шиг харагддаг хүүхэд” учир юмсыг эетэй, зөв өнцгөөс соён гэгээрүүлэх учиртай юм.Энэ үүргийг урд хойно нь бөндгөнөж, ая эвэнд нь тааруулах гэж гүйлгүйгээр ч биелүүлэх боломжтой гэдгийг санаарай.

Бөөч тусгаар тогтнолч үүрэг: Бөөч гэдэг нь оюунлаг, зөн совин бүхий ухаанаар юмсыг урьдаас тааварлан зохицуулахыг хэлнэ. Мөн гэр бүлээ бие даасан, хараат бус байлгахад тусгаар тогтнолч үүрэг оршино. “Бүсгүй хүн зөв залуурдвал ямар ч эр уулыг эргүүлэх чадалтай” гэсэн хэлц зүгээр ч нэг гараагүй юм.Таны нөхөр хэн болох, гэр бүл тань ямар зиндаанд байх нь гэргий таниас ихээхэн шалтгаалж байгаа юм шүү. Одооноос хатан ухаантай амьдарцгаая.

NUUTS.mn


URL:

Сэтгэгдэл бичих