“Наран” Их дэлгүүрийн “Swiss” Брэндийн бугуйн цагийг хуурамчаар үйлдвэрлэжээ

МҮХАҮТ-аас санаачилан “Оюуны өмчийг сурталчлах, Хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх” гурав хоногийн аяныг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүд улсын хилээр оруулахыг завдсан хуурамч бараа бүтээгдэхүүнийг иргэдэд нээлттэй дэлгэн үзүүлсэн юм. Тэнд Цавуу, гутлын тосноос авахуулаад “Наран” их дэлгүүрт өндөр үнээр зардаг “SWISS” брэндийн бугуйн цаг, үнэт чулуун эдлэлийг хуурамч жинхэнээр нь ялган тавьсан байв. Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт удирдлагын газрын орлогч дарга Д.Цэндсүрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.

 
-Улсын хилээр ихэвчлэн ямар төрлийн хуурамч барааг оруулж ирэхийг завдаж байна вэ?

-Яг тийм бараа бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна гэж хэлэх боломжгүй. Ер нь төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар Дууриалган хийж байна. Гадаад хэлний толь бичгийг хүртэл хуурамчаар үйлдвэрлэн оруулж ирж байна.

 
-Иргэдийн оруулж ирэхийг завдсан хуурамч бараа бүтээгдэхүүнийг чухам яаж илрүүлдэг вэ?

-Аж ахуйн нэгж байгууллагууд бидэнд санал хүсэлтээ өгдөг. Тухайлбал, ZIG ZAG компанийн хилээр тусгай зөвшөөрөлтэй оруулж ирдэг “Наалдан пад”-ыг хуурамчаар үйлдвэрлэн монголд худалдаалж байсан тул тухайн байгууллага бидэнд хандсан байгаа. Энэ дагуу манай ажилтнууд жинхэнэ “Наалдан пад”-ыг хуурамчтай нь харьцуулан улмаар шалгалт хийсэн. Шалгалтын явцад хуурамч барааг иргэд янз бүрийн аргаар оруулж ирэхийг завдсан Жишээ нь, хуванцар саван дотор хийж оруулж ирэхийг завдсан байсан.

-Иргэд хуурамч “Наалдан пад”-ыг хараад ялгаж чадах болов уу. Жинхэнээсээ ямар ялгаатай байв?

-Жинхэнэ “Наалдан пад”- ын тайлбар нь монгол хэлээр байгаа. Харин хуурамчынх нь тайлбар англи хэл дээр байсан. Мөн дотроо ямар ч цавуугүй хоосон байдаг.

 
-Хуурамч эм улсын хилээр хэр орж ирж байна?

-Ер нь хуурамч эм тариа, эмнэлгийн хэрэгсэл хилээр орж ирэх тохиолдол цөөнгүй
байдаг. Энэ бүхэнд бид иргэдийг хохироохгүйн үүднээс хяналт шалгалтаа сайжруулсаар байгаа.
-Хуурамч бараа бүтээгдэхүүн оруулахыг завдсан иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Онц ноцтой тохиолдолд холбогдох шүүх хуулийн байгууллагад шилжүүлдэг. Харин бусад тохиолдолд захиргааны хариуцлага ногдуулдаг. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн дагуу 10 сая хүртэлх төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг нь хурааж авдаг.
-Хориглоод байхад яагаад хуурамч бараа бүтээгдэхүүнийг урд хөршөөс манай хил рүү оруулж ирэхийг завдаад байна вэ?
-Ер нь БНХАУ-ын худалдаачид Монголын наймаачдын захиалгаар хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манай улсын наймаачид бараа бүтээгдэхуүний загварыг Эрээнд авч очоод, “Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлээд өг’’ гэж хүсэлт тавьдаг гэсэн мэдээлэл байгаа. Түүнчлэн хуурамч цагийг урд хөршид яг адилхан дууриалган хийлгээд өндөр үнээр зарж байсан тохиолдол бий гэнэ. Тухайлбал “Наран” их дэлгүүр ХХК-ийн мэргэжилтний хэлж буйгаар “Манай дэлгүүрт зарж байгаа цагийг урд хөршид хуурамчаар үйлдвэрлээд III, IV хорооллын дэлгүүрүүдэд яг адилхан үнээр зарж байсан. Тиймээс иргэд хуурамч цаганд хууртаж хохирохгүй байхыг сануулмаар байна. Брэнд цагийг доод тал нь 80 жил эдэлдэг. Харин хуурамч цагийг дээд тал нь гурван жил л хэргэлдэг” гэлээ.

Ч.Анна
Эх сурвалж:”Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих