Олонх Оюутолгойн хөрөнгө оруулагчдад тал зассан уу

Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ уржигдар баталсан. Энэ үеэр нэгэн “но” гарсныг гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Д.Батцогт, О.Баасанхүү нар өчигдөр мэдэгдэв. Хуулийн төслийг өглөө нь өргөн бариад, хэдэн минутын дараа Байнгын хороогоор хэлэлцээд үдээс хойш нь чуулганаар баталдаг жишиг ээлжит бус чуулганы үед хүчээ авсан. Мөрийн хөтөлбөрийн төсөлд ийм замаар “но” оруулсан аж. Засгийн газрыг хамтарч байгуулсан “Шударга ёс” эвслийнхэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулах гол амлалт өгсөн. Мөрийн хөтөлбөрийн төсөлд ч уг заалт туссан байлаа. Мөн АН, МАН-ын тус бүр зургаа, бие даагчид, “Шударга ёс” эвслийнхэн нийлсэн 25 гишүүн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар саналаа нэгтгэж, гарын үсгээ зурсан байсан билээ.

Тэгвэл уржигдар өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал “шурхийгээд” болох хооронд гишүүн Ч.Сайханбилэгийн санаачилгаар төслөөс “Оюутолгой” гэдэг үгийг хасаж, уул уурхайн нийт ордын гэрээг сайжруулахаар тусгасан байна. Үүнийг дээрх гишүүд эсэргүүцэв. Оюутолгой хэмээн онцлон тусгасан үгийг хассанаар гэрээнд нь өөрчлөлт оруулах ажлын хүч суларлаа гэж тэд үзэж буй юм. Уг гэрээг үзэглэсэн сайд нар “Нийт ашгийн 60 хувийг Монгол Улс хүртэнэ” хэмээн тайлбарладаг. Тэгвэл гишүүн Х.Болорчулуун “Би өмнө нь уг гэрээг хөндлөнгөөс ажиглаж байсан. Монголд ямар ч ашигггүй, муу гэрээ болсон. Үнэндээ монголчууд энэ ордоосоо 30 хувийн ч ашиг авахгүй гэдгийг судалгаагаар тогтоосон. Гишүүд ч энэ тухай мэдэж байгаа. Оюутолгой бидний мэдлээс гараад явчихсан. “Рио Тинто”- гийнхон Оюутолгойн хувьцаагаар хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгоод байна. Монгол Улс Африкийн замаар орох эхлэлийг энэ гэрээгээр хийсэн. Үүнийг л ирэх дөрвөн жилд бид засах ёстой” гэлээ. С.Ганбаатар: -Уг гэрээг өөрчлөх ёстой гэж үзсэн 25 гишүүн Засгийн газартай хамтарч суугаад энэ тухай ярилцъя л гэсэн юм. Би тухайн үед гэрээ хийсэн Сангийн сайд С.Баярцогтыг халз мэтгэлцээнд уриад хүлээж байна. Түүнийг хүндэтгэж цагаа өөрөө товлог гэж бодсон. Гэтэл чимээгүй байгаа учир би ирэх сарын 8-ны 12 цагт Төрийн ордны “Г” танхимд халз мэтгэлцээнд урья. Бүх мэдээллээ дэлгэж ярилцаад ард түмэнд зөв ойлголт өгье.

Энэ гэрээг өөрчилвөл Монголын улстөрчдийн нэр хүнд унана гэж айгаад байна. Үнэндээ буруу гэрээ хийснээ мэдээд тэмцэж өөрчилсөн Латин Америкийн гурван ч орон байдаг. Тэр улсын улстөрчдийг муу гэж хэн ч хэлээгүй, харин ч энэ орнууд эрх ашгийнхаа төлөө тэмцэж чаддаг юм байна гэж дэлхий үнэлсэн. Монголчууд ч бас эрх ашгийнхаа төлөө тэмцэж чадах ёстой. Б.Бат-Эрдэнэ: -Асуудлаа хэвлэлийнхэн цөөрч, анхаарал нь суларсан оройн цагаар хэлэлцэж баталдаг заль бий. Уг нь эцсийн хэлэлцүүлгийн үеэр шууд л санал хураадаг. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хороогоор төслийн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр гишүүдийн гуравны хоёрын саналаар Ч.Сайханбилэгийн оруулсан саналыг “босгосон” байгаа юм. Ингээд мөрийн хөтөлбөрөөс “Оюутолгой” гэдэг үгийг хассан. Чуулган дээр тэд гишүүдэд “Зөвхөн Оюутолгой биш, бүх ордын гэрээг өөрчлөх боломжийг энэ өөрчлөлтөөр олгож байгаа” гэж хэлсэн. Бид УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг л шаардаж байгаа. Олонх амласандаа хүрч, Оюутолгойн гэрээг өөрчлөхийг бид иргэдтэйгээ хамтраад шахаж, шаардах болно. О.Баасанхүү: Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэвлэлд ярилцлага өгөхдөө “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэсэн байна лээ. Тэр хүнээс ч шаардана. Ер нь гэрээг ард түмний эрх ашигт нийцүүлж өөрчилж чадахгүй бол Засгийн газрын асуудлыг ч ярьж болзошгүй. Үүнээс гадна зөвхөн улсын төсвөөр хайгуул хийсэн ордын 50 хувийг төр эзэмшихээр зохицуулалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсныг тэд онцлов.

Ингэснээр хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн Оюутолгойн ордоос 51 хувиа эзэмших асуудлыг ч бүрхэг болголоо, нэг ёсондоо олонх ямар нэг өөр эрх ашгийн төлөө мөрийн хөтөлб өртөө байсан зөв заалтыг хасаж, утга санааг бүрхэг болгосон хэмээн дээрх гишүүд ярьж байлаа. Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэж гарын үсгээ зурсан 25 гишүүн Ерөнхий сайдтай уулзах гэж хэд хэдэн удаа хүсээд авч чадаагүй гэнэ. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийг үл тоож байна. Яагаад уулзахгүй байгааг нь чуулган дээр асуухад “тэр гарын үсгийн зарим нь хуурамч байна лээ” гэж хэнэг ч үгүй хэлсэн. Гарын үсгээ зурсан гишүүд нэмэгдэж байгаа юу гэхээс хасагдааг үй. Энэ асуудлаар санал хураах болоход 53 гишүүн оролцсон. Гарын үсгээ зурсан АН-ын гишүүдээс Г.Баярсайхан хуралд оролцоогүй, Б.Болор картаа сугалаад гарсан байсан. Ж.Батзандангаас бусад нь болох С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү нар намынхаа эрх ашигт хүлэгдээд ярьсныхаа эсрэг санал өгсөн” гэлээ. Мөрийн хөтөлбөрөөс Оюутолгой гэдэг үгийг хассанаараа Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчдад тал засав уу. Шууд л тэр заалтыг хасчихаж болохгүй учир бусад ордоо ч бас мартаагүйгээ сануулж “уусгав” уу гэдгийг дээрх гишүүд байнга ажиглаж, амласнаараа гэрээг өөрчлөхийг шаардсаар, тэмцсээр байх гэнэ. Одоо тэд тухайн өдрийн чуулганы ирцийг дахин нягталж, улмаар Оюутолгойн гэрээнд олон улсын экспертүүдээр дүгнэлт гаргуулахаар ажиллахаа мэдэгдлээ.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих