Шахаанд ”шатсан” МИАТ

Энэ парламентынхан ээлжит бус чуулган зарлаж байгаад шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэв. Энэ хөтөлбөрөөс нь Н.Алтанхуягийн Засгийн газарт хамгийн түрүүнд ширвэгдэх газар бол МИАТ гэж ойлгогдлоо. Төрийн гэсэн тодотголтой, бас ч гэж Монголын нүүрийг гадаадад тахалж байгаа ганц компани бол МИАТ. Нэр нь хүртэл брэнд болчихсон, үнэ цэнэтэй аж ахуйн нэгж. Бидний сайн мэддэггүй нэг нууц бол МИАТ Ази Европыг холбосон хамгийн ашигтай нислэгүүдийг хөнгөлөлттэй давуу эрхээр гүйцэтгэдэг тухай өмнө нь хэвлэлээр мэдээлж байсан нь бий. Гэвч тус компани энэ оны эхний есөн сарын байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж гэнэ. Энэ бол хувьчлах ганц шалтгаан. Үүнийг шалтгаан гэхээс илүүтэйгээр шалтаг хэмээн ойлговол зохилтой.

Учир нь МИАТ-ийг алдагдалгүй ажиллуулах боломж байгаа. Өнгөрснийг эргэн харвал МИАТ дандаа ингэж алдагдалтай ажиллаж байгаагүй юм билээ. Ашигтай, асар их орлоготой, өөдрөг ирээдүйтэй ийм л газар байсан. Тиймээс түүнийг “хайр”-ын нүдээр харж, өөрийн болгохсон гэж өдрийн бодол, шөнийн зүүд болгож яваа хүн бас цөөн биш. МИАТ-ийн хувьчлалын тухай яригдаж байгаа нь ганц энэ удаагийнх биш. Бүр 2007 оноос л ийм сураг гарах болсон. Гэхдээ тэсч өдийг хүрсэн юм. Төрийн өмчийн хороо 2007 онд хувьчлах объектын жагсаалтад МИАТ компанийг оруулж байсан боловч Засгийн газраас энэ асуудлыг хойшлуулж байсан юм билээ. Учир нь МИАТ компанийг тусгай объект гэж тооцдог тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж байж шийдвэрлэх ёстой гэж үзжээ. Ашигтай болгох нэг хувилбар нь менежментийг сайжруулах байв. Ингээд гадаадынханд менежментийг нь өгч үзэв. Том том тодотгол, гуншинтай хэдэн ирландууд ирж МИАТ-ийг мэрж идэж өөрсдөө баяжаад буцсан. Гэнэдсэн үү, шинэдсэн үү ёстой л нөгөөх чононд хонь хадгалуулав гэдэг шиг юм болсон юм даг. Үндэсний ганц нисэх компани маань энэ мэтээр гадна дотныхны хүнийрхүү сэтгэлтнүүдийн хүйтэн гараар орж, эдүгээ “алдагдалтай” гэсэн хаяг зүүчихээд хэний гарт очих вэ бол гэсэн хүлээлт үүсгэх шатандаа явж байна.

Төрийн гэсэн тодотголтой бүхэн алдагдалтай ажилладаг гэсэн ойлголтыг Монголын нийгэмд төлөвшүүлж байна. Тэгээд төрд алдагдалтай байсан компани хувьд очоод ашигтай ажилладаг гэнэ. Энэ бол их холын тооцоотой хорон санаатай явуулга. Төрийг гар хоослох гарц болгож ийм менежментийг түлхүү хэрэглэх болсон. Иймэрхүү янзаар төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад хувьчилж авдаг арга барил хэдийнэ хэвшиж тогтжээ. МИАТ ч бас ийм бодлогын золиос болох гэж байгаа нь энэ. Зүй нь алдагдалтай гэж адлахынхаа оронд ашигтай ажиллуулах арга технологийг тэнд нутагшуулах ёстой биш гэж үү. МИАТ-ийг бодлогоор дампууруулж байгаа хэмээн өмнөх засгийн үеэс л яригдсаар ирсэн шүү дээ. Энэ компанийг үнэндээ олон “толгой” хувааж идэж байгаа гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, шахааны хүн, шахааны сэлбэг хэрэгсэл, шахааны шатахуун гээд шахаанд “шатаж” байгаа газар. Үүнийг тодруулах үүднээс ганц нэг жишээ татъя. Олон улсын хэмжээнд хамгийн үнэтэй түлш хэрэглэдэг газар бол манай МИАТ. Жишээ нь, Москвад нэг тонн онгоцны түлш 740 ам.доллар, Сөүлд 700 ам.доллар байхад МИАТ-ийнх 1200 ам.доллар. Онгоцны түлш нийлүүлэх онцгой эрхийг ганцхан “Сод Монгол” групп л гартаа оруулсан гэнэ. Онгоцны шатахууны хилийн үнэ 2009 онд дунджаар тонн тутамдаа 710 ам.доллар байхад тус компани 1065 ам.доллараар үнэлэн, “шахсан” байх юм. Өөрөөр хэлбэл, тонн тутмаас 355 ам.долларын зөрүү унагаж байжээ. МИАТ-ийнхэн заавал хийх шаардлагагүй дайны эрсдэлийн даатгал хэмээн 2008 оноос хойш хууль зөрчин нэр хаяг нь тодорхойгүй гадаадын компанид нийт 5.0 сая ам.долларыг шилжүүлсэн ноцтой баримт ч байдаг гэнэ. Бас л нэг идэж завших арга байсан байх.

Ганц хоёрхон жилийн өмнө МИАТ гуравхан онгоцтой хэрнээ 1600 хүн тэнд ажилладаг гэсэн тоо баримт хэвлэлд гарч байсан билээ. Эдгээрийн олонх нь шахааны хүмүүс гэнэ. Өмнөх УИХ-ын үед гишүүн асан О.Чулуунбат “Шатахууны шахааг зогсоохгүйгээр МИАТ ашигтай ажиллахгүй. Тус компани маш олон зуун ажилтантай. Гэтэл “Изинис эйрвис”, “Айро Монголия” зэрэг компани дотоодын нислэгийг цөөхөн боловсон хүчинтэйгээр гүйцэтгэж болоод байгаа. Ер нь энэ компани руу маш олон хүнийг шахдаг. Шахааг Төрийн ордонд сууж байгаа нөхдөд хийдэг. Энэ хоёр шахааг зогсоохгүйгээр, дээр нь тус компани бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр алдагдал багасахгүй” гэж хэлж байсан нь бий. Гэхдээ энэ бүхэн асуудлын нэг тал. Харин энэ бүхнээр халхавчилсан МИАТ-ийг аль болохоор түргэн дампууруулж, үнэгүйдүүлэх асар хүчтэй лобби явж байгаа гэсэн хар сэр байгаа. Энэ лобби өмнөх Засгийн газрын үед өдөөгдөж сэдэрсэн гэх. Монгол Улсын гадаад нислэгт ганц нүүр тахалж байсан унаа болох Аэробус А-310-300 хөлгийн гэмтэл, засч засварлахын оронд олон улсын дуудлага худалдаанд оруулан маш хямд /4.7 сая ам.доллараар/ худалдаалахыг Засгийн газар зөвшөөрсөн байдаг. Гэтэл ийм онгоцны дэлхийн зах зээлийн үнэлгээ нь 2011 оны хоёрдугаар сарын байдлаар 10.49 сая ам.доллар байжээ. Эдгээрээс гадна хамгийн их анхаарал татаж байгаа нь МИАТ өөрийнхөө гадаад, дотоодод танил болсон нэрээ бусдад “булаалгачихсан” явдал. Үүнийг тодотгохын тулд бяцхан түүх өгүүлэх хэрэгтэй болох байх.

“Бодь интернэшнл” ХХК 2011 оны есдүгээр сард “Mongolian airlines” групп байгуулж, мөн оныхоо арваннэгдүгээр сард Олон улсын агаарын тээврийн ИАТА байгууллагаас олон улсын хэмжээнд агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий код авчээ. Хэн юугаа хийх нь хувь хүний хэрэг боловч асуудлын гол нь “МИАТ” буюу Монголын иргэний агаарын тээврийн компани” гэсэн нэрийг англиар “Mongolian airlines” хэмээн нэрлэдэгт байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг нэрийн англи, монгол орчуулгаар ижил үйл ажиллагаа явуулах хоёр компани байгуулагдчихаад байна гэсэн үг. Нэрээ ’’хулгайлуулчихсан” МИАТ энэ асуудлаар Оюуны өмчийн газарт хандсан боловч бүтэлтэй хариу авсангүй. “Mon­golian airlines” группийг үүсгэн байгуулагч нь наанаа “Бодь интернэшнл” ХХК гэж байгаа боловч хэрэг дээрээ Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулгыг хамтрагч нь хэмээн ярилцдаг. Хэрэв МИАТ-ийг хувьчилбал энэ хоёр эрхмийн хамтарч байгуулсан нэр нэгтэй “Mongolian airlines” групп авах магадлал хамгийн өндөр байх нь тодорхой.

МИАТ-ийг үнэгүйдүүлэх бодлого, алдагдлын шалтгаан энэ мэтээр тодорхой байхад түүнийг арилгахын оронд хувьчлахыг эхэлж шүүрч авах шалтгаан Н.Алтанхуягийн Засгийн газарт юу байна. Мөнөөх ашиг сонирхол нь яваад байгаа юм биш биз. Хувьчлах арга хэлбэр нь ийм байна гээд сайхан үлгэр ярьж, янзтай янзтай гэмээр хувилбар дэвшүүлэх амархан. Гэвч үндэсний хэмжээний асуудал учир аливаа шийдвэрийг ард түмэнтэйгээ ярьж байж гаргана гэсэн амандаа Н.Алтанхуяг Ерөнхий сайд хүрэх байх хэмээн найдаж байна. Чөдрийн ганцгүй, явган Монгол битгий байгаасай. МИАТ-ийг хувьчлах шийдвэрийн талаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг уншаарай.

П.Булган

”Өдрийн шуудан”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих