”АПУ”-гийн П.Батсайханы аавын зөвшөөрөлгүй барилга хүний аминд хүрчээ
Өнгөрсөн даваа гарагт “Тэнгис” кино театрийн өмнө баригдаж буй 16 давхар офиссын зориулалттай барилгын 11 давхраас барилгын тулаас төмөр унаж 20 настай ШУТИС-ийн оюутан Ч-ийн амь насийг хохироосон хэрэг гарсан. Бид уг үйл явдлын мөрөөр сурвалжиллаа. Талийгаач ШУТИС-ийн Уул уурхайн сургуульд сурдаг байсан бөгөөд осол гарсан өдөр хичээлээ тараад гэртээ харихаар явж байсан гэнэ. Талийгаачийн эгч Н.Пүрэвжав “Өглөө хичээлдээ явах гэж гэрээсээ гарсан дүү маань орой ирсэнгүй” хэмээн уйлж байв. Түүнтэй утсаар холбогдоход “Аав, ээж нь хөдөөнөөс өглөө ирсэн. Одоо бид цагдаагийн газраас эд зүйлийг нь авахаар явж байна. Сайхан хүүгээ харамсалтайгаар алдсанд үнэхээр гомдолтой байна. Тэр өдөр дүү маань хичээлдээ явлаа гээд л гарсан. Эргэж ирсэнгүй” гэв. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмээ баримталдаггүй барилгын компаниас болж ийнхүү дахин нэг хүний амь эрсдлээ.
Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм стандарт гэж бий. Дөрвөөс дээш давхар барилга хоорондын зай 20 метрээс доошгүй байх ёстой. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайг эзлэх ёсгүй. Гэтэл “Модун спекал” ХХК-ийн барьж буй энэ барилга “Тэнгис” кино театрын барилгаас метр ч хүрэхгүй зайтай байгаа бөгөөд дээр нь автомашины замд тулчихсан байгаа юм. Энэ барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Ч.Мөнхжаргал өгсөн байна. Түүнээс яагаад барилгын норм стандарт зөрчиж, зөвшөөрөл олгосон талаар тодруулсан юм. “Надад тодорхой хэлэх юм алга. Газрын зөвшөөрлийг нь нийслэлээс олгосон. Одоо бүх зөвшөөрлийг нь эхнээс нь шалгаж байгаа” гэв. Өөрөө барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгочихоод ингэж л мэдэн будилж байна.
Энэ барилга баригдаж буй газар нь анх Ус сувгийн удирдах газрын өмч бүхий усан оргилуур байсан бөгөөд 2004 онд “Түмэн занги” компани ямар замаар хувьчилж авсан нь тодорхойгүй байгаа юм. Ингээд дараа нь 2011 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын захирамжаар иргэн К.Пүрэвийн мэдэлд очжээ. Эх сурвалжийн мэдээлснээр К.Пүрэв нь “Апу” ХХК-ийн захирал П.Батсайханы аав юм байна.
Талийгаач Ч нь өнгөрсөн жил ШУТИС-ийн Математикийн сургуулийн Германы инженерийн бэлтгэл ангид сурч байсан бөгөөд энэ жил Уул уурхайн сургууль руу шилжсэн гэнэ. Талийгаачийн ангийн багш н.Мөнхцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоо барьсан уу?
-Аав, ээжтэй нь холбоо барьж амжаагүй байна. Харин эгч нь өглөө над руу ярьж эмгэнэлт мэдээг дуулгалаа. Би талийгаачийн анги удирдсан багшаар хоёр жил ажилласан. Математикийн сургуулийн Германы инженерийн бэлтгэл ангийн оюутнууд хоёр жил энд сурч байгаад Герман улс руу шилжин сурдаг. Энэ жил манай ангийн хүүхдүүдээс тал нь Герман яваад үлдсэн хэсэг нь эндээ өөр, өөрсдийн сонирхсон чиглэлээр цааш суралцдаг юм.
-Ангийнх нь багшийн хувьд талийгаачийг сайн мэдэх байх. Ямархуу оюутан байсан бэ?
-Мэдэлгүй яах вэ. Ангийнх нь багш байсан юм чинь. Миний хайртай шавь нарын нэг байсан юм. Хичээл номондоо сайн дээр нь спорт тэр дундаа сагсан бөмбөг их сонирхдог хүүхэд байсан. Манай ангийнхан ч хоорондоо их дотно байдаг байсан. Өглөө найзууд нь ирээд бөөн л юм боллоо. Багш нь ч гэсэн сэтгэл тогтож өгдөггүй, өглөөнөөс хойш зургийг нь хараад уйлаад л сууж байна.
-Талийгаачийнх хотын айл уу?
-Үгүй. Төмөр замын нэг өртөөнд гэр нь байдаг гэж сонссон. Аав, ээж нь өглөө ирсэн. Одоо цагдаа сэргийлэх гээд л явж байгаа.
-Аав, ээж юу ярьж байна гэнэ?
-Хүүгээ алдсан эцэг, эх зовж л байгаа байх. Хүний сайхан хүүхдийг алаад хаячихсан юм чинь тэр барилгыг нь нураах л хэрэгтэй гэж бодож байна.
-Барилгын компанийн эзэд нь зөвхөн уучлал гуйгаад л өнгөрч байна?
-Тийм юм байж таарахгүй. Мөрөөрөө явж байсан хүүхэд үрэгдчихээд байхад хариуцлага хүлээлгэх байлгүй дээ.
Иргэн К.Пүрэвийн захиалан бариулж буй уг барилгын гүйцэтгэгч нь “Эко констракшн” ХХК гэх мэдээлэл байсан ч “Модун спекал” нэртэй компани энэ барилгын ажлыг хийж байгаагаа мэдэгдсэн. Тус компанийн ажилчид өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. “Модун спекал” ХХК-ийн захирал Т.Батбилэг “Манай компани энэ барилгын ажлыг хийж байгаа. ”Өчигдөр (уржигдар) манай ажилчдын санамсар болгоомжгүй байдлаас болж харамсалтай осол гарлаа. Үүнээс болж эрдэнэт хүний амь нас хохирсон хэрэг гарсан байна. Одоогийн байдлаар хууль, хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас илүү мэдээлэл хийх боломжгүй байна” гэв.
Т.Батбилэг: Яах ч аргагүй л ийм зүйл болчихлоо
“Модун спекал” ХХК-ийн захирал Т.Батбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хохирогчийн ар гэрийнхэнтэй холбоо барьсан уу?
-Одоогоор холбоо барьж чадаагүй байгаа. Хохирогчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Барилгын салбар бол маш эрсдэлтэй, олон хүн ажилладаг салбар байдаг. Манай компани боломжийн хэрээр аюулгүй ажиллагааны дүрмийг баримталдаг. Яах ч аргагүй л ийм зүйл болчихлоо.
-Унасан төмрийг юунд ашиглаж байсан бэ. Хамгаалалтыг нь яагаад хийгээгүй юм бол?
-Тэр төмөр бол барилгын тулаас төмөр байсан.
-Танай барилгыг зөвшөөрөлгүй, усан оргилуур барих гэж байсан газарт хууль бусаар барилга барьж байгаа гэсэн яриа байна. Үүнд ямар хариу өгөх вэ?
-Энэ газрыг анх “Түмэн занги” гэдэг компани авсан юм билээ. Түүнээс хойш 2011 онд иргэн К.Пүрэв гэдэг хүний нэр дээр шилжээд тухайн үедээ 500 метр квадрат газрын зөвшөөрөлтэй байсан бол нэмээд 1049 метр квадрат болгосон байсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрээр ярьж байна. Зөвшөөрөл аваагүй энэ тэр гээд л. “Түмэн занги” гэдэг компани байхдаа нийслэлийн Өмчийн харилцааны газартай гэрээ байгуулаад тухайн усан оргилуурыг өөр газарт шилжүүлж барьсан юм билээ. Баримт, тамга тэмдэгтэй бичиг баримтууд нь байгаа учраас үзэж болно.
-Энэ барилга “Эко констракшн” компанийн барилга байхад яагаад нууцлаад байна вэ?
-Бид “Эко констракшн” ХХК-тай хамтарч ажиллаж байсан. Энэ компаниас бетон зуурмаг авдаг байсан.
-Иргэд энэ барилгыг нураахыг шаардаж байна. Нураах шийдвэр гарвал нурааж чадах уу?
-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Хууль хяналтынхан нь шийдвэрлэх байх.
-Энэ барилгыг нийтийн эзэмшлийн талбай руу оруулаад бас цаад барилгатай нь наах шахам ойрхон барьчихсан байна. Ер нь барилгын норм стандартыг зөрчиж байгаа нь тодорхой байна шүү дээ?
-Бидэнд бүх зөвшөөрөл нь байгаа учраас та үзэж болно.
-Хүний амь хөнөөчихөөд зүгээр л уучлалт гуйгаад өнгөрч байгаа юм уу?
-Бидэнд өөр нэмж хэлэх зүйл алга. Хууль хяналтын байгууллага юу болсныг тогтоох байлгүй дээ.
secret.mn
URL: