Хятад, Япон хоёрын арлын төлөөх арсалдаан
Арлын Япон арал булаацалдаж, дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаа тухай бид урьд өмнөх дугаарууддаа мэдээлж байлаа. Япон, Хятад хоёрын харилцаа сүүлийн үед туйлдаа хүртэл хурцдав. Урд хөршийнхөн өөрийн нутагтаа байгаа Японы үйлдвэрийн газрууд, зоогийн газар, их дэлгүүр гээд япончуудын оролцоотой байгууллага бүр рүү дайрч байгаа. Хамгийн сонирхолтой нь эдгээр байгууллагуудад ямар ч ноцтой хохирол учруулаагүй байхад ажилчдыг нь гадагш ганцаар гаргахгүй, тэр ч бүү хэл хоорондоо чанга ярихгүй байхыг сануулж байгаа гэнэ.
Ийнхүү хятадууд таарсан японоо л барьж аван нүдчих шахаж, уурлаж хилэгнэн эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байгаа нь Японы Засгийн газрын шийдвэртэй холбоотой. Тодруулбал Японы Засгийн газар Хятадтай маргаантай байдаг таван арлын гурвыг есдүгээр сарын 11 гэхэд худалдаж авах шийдвэр гарган, энэ хэлэлцээрийн дагуу 26.28 сая ам.доллар төлнө хэмээн мэдэгдсэн юм. Японы газар нутгийн хэсэг болох өмчийн эрхээ л авч байна, энэ наймаа бусад оронтой сөргөлдөх үүсвэр болох ёсгүй, Хятадтай харилцаагаа дордуулмааргүй байна хэмээн Ерөнхий сайд нь мэдэгдсэн ч Хятадын албаны хүмүүс ч, ард иргэд нь ч энэ шийдвэрийг гутаан доромжилсон, дээрэнгүй үзэл гаргасан хэмээн эсэргүүцэж эхэлсэн юм.
Ер нь бол эсэргүүцлийн арга хэмжээнүүд өнгөрсөн бямба гаригт эхэлсэн. Тэмцэл эхэлсний маргааш нь Хятадын 60 хотод 100 мянга гаруй хүний оролцоотой жагсаал болж өнгөрсөн бол тэдний дундаас Шинжаан, Гуанжоуд эсэргүүцэл илүү хүчтэй байж, Японы хөрөнгөнд ихээр халдсан гэнэ.
“МАРГААНТАЙ АСУУДАЛ”-ААС БОЛЖ ЯПОН ЯМАР ХОХИРОЛ ХҮЛЭЭВ?
Арал худалдаж авахаар болсон Японы талыг эсэргүүцсэн хятадууд Япон барааны дэлгүүрүүд, Япон зоогийн газруудыг ёстой л нэг түйвээж өгсөн байх юм. Хятадад байх “Toyota”, “Nissan”, “Honda” автоконцернуудын төлөөлөгчийн газруудын ойролцоо гэхэд л 100 гаруй машин шатаажээ. Эсэргүүцлийн арга хэмжээнээс болж Япон компаниуд ихээхэн алдагдалд орж байгаа тул Canon компанийн төлөөлөгчийн газар 22000 хүн ажилладаг үйлдвэрээ хоёр өдрийн турш түр зогсоов.
Sony корпораци ч багагүй алдагдал хүлээсэн. Энэ корпораци Хятадад бүтээгдэхүүн борлуулалтын шинэ шугам нээхэд багагүй хөрөнгө хаясан ч япон барааг “үзэн ядах” болсон хятадуудаас болж борлуулалт нь тун сайнгүй байгаа аж. Цаашлаад зөвхөн япон бараа, үйлдвэр гэлтгүй Японы Элчин сайдын яамны гадна ч эсэргүүцэл үргэлжилжээ. “Хятадаа хамгаалцгаая”, “Японы милитаризм зайл”, “Японы барааг устгая” гэсэн уриа лоозон барьсан жагсагчид устай хуванцар сав, өндөг шидэн, Японы Элчин сайдын яамны ханыг улбар шар өнгөөр “будчихаж”. Хэдийгээр тэд эх орноо “хамгаалан”, тэмцэж байгаа ч гэлээ эмх журам зөрчсөн тул эхнээсээ баривчлагдаад эхэлсэн сурагтай. Хятадын Гуанжоу хотод гэхэд танхайн хэрэгт 11 хүнийг сэжигтнээр татан баривчилсан байх юм. Учир нь тэдний долоо нь Японд үйлдвэрлэсэн автомашин эвдэж сүйтгэсэн бол дөрөв нь дэлгүүрийн шилэн лангуу хагалж, сурталчилгааны самбар эвджээ. Ийнхүү эхнээсээ баривчлагдаад эхэлсэн тул хууль сахиулах байгууллагынхан нь арга ядахдаа ‘’Манайхаан, зөв эх оронч байцгаая л даа, эсэргүүцлийн жагсаалын үеэр хууль зөрчөөд хэрэггүй шүү дээ” хэмээн “гуйж” байгаа гэсэн.
Хэдийгээр япон угшилтай бараа бүтээгдэхүүнийг хайр найргүй хэмхчиж байгаа ч япончуудад халдсан ноцтой тохиолдол гараагүй байна. Гэсэн ч тэднийг ганцаараа явахгүй байх, гудамжинд явж байхдаа өөр хоорондоо чанга ярихгүй байхыг сануулжээ.
ХАРИУ ҮЙЛДЭЛ
Ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн хаа сайгүй өрнөж, Японтой нэр хаяг нь холбогдсон бүхнийг “хядчих” гээд байгаа тул Хятад дахь Японы Элчин сайд БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа Японы иргэд болон компаниудын аюулгүй байдлыг хангахад боломжтой бүх арга хэмжээ авахыг Хятадын талаас хүсчээ. Мөн ийм мэдэгдлийг Японы Ерөнхий сайд ч хийсэн байна. “Сэнкаку арлыг Японы тал авахтай холбоотойгоор Хятадын иргэд эсэргүүцлийн ажиллагаа явуулж байгаа тул тус улсад байх Японы иргэд болон компаниудын аюулгүй байдлыг хангахыг Хятадад уриалж байна” хэмээн Ерөнхий сайд мэдэгдэлдээ дурдсан байна. Эх оронч хэсэг бүлэг нөхөд ийн тэмцэж байгаа бол бүр есдүгээр сарын 11-нд л хоёр тал хүчээр сөргөөцөлдөх боломж бий болсон гэхэд болно. Учир нь энэ өдөр Хятадын эргүүлийн хоёр хөлөг онгоц Японы Засгийн газар хувь хүнээс гурван арал худалдан авсны дараа шууд л маргаантай хэсэг рүү явсан юм. Япончууд энэ арлыг өөрсдийн болгосныг Бээжин хууль бус, хүчин төгөлдөр бус хэмээн үзээд үйл явдал цааш хэрхэн өрнөхөөс шалтгаалж арга хэмжээ авна хэмээн “сүрдүүлсэн” юм.
АМЕРИК ХЭНИЙ ТАЛД БАЙГАА БОЛ?
Япон, Хятадын харилцаа хурцадсан талаар Японы удирдлагууд даваа гаригт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Лено Панеттатай хэлэлцээр хийх үеэрээ дурдсан бололтой. Түүнтэй уулзсаныхаа дараа Японы Гадаад хэргийн сайд Коитиро Гэмба арлыг тойрсон нөхцөл байдал аюулгүй байдлын тухай Япон, Америкийн гэрээнд хамаарна гэж мэдэгдсэн юм. Энэ гэрээг 1960 онд байгуулсан бөгөөд гэрээнд заасан ёсоор Япон руу аль нэг тал халдвал АНУ өөрсдийнх нь үндэсний аюулгүй байдалд халдсан хэмээн үзэх аж. Япон болон АНУ анх удаа ийм мэдэгдэл гаргаж байгаа юм биш. Харин Хятад үүнийг тун “эмзэгээр” хүлээн авч, хөндлөнгөөс хөлөө дүрлээ гэж Америкийг шүүмжилдэг.
Тиймээс энэ үүднээс нь аваад үзвэл Японы Гадаад хэргийн сайд мэдэгдэл хийсэн нь Хятад дахь үндэсний үзлээс үүдэлтэй уур амьсгалыг улам л дэвэргэж, Японы эсрэг шинэ эсэргүүцлийн арга хэмжээг өдөөж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Магадгүй Токиогоос Бээжинд айлчлах Пентагоны тэргүүн ирэх үеэр Хятад улс тайлбар шаардаж болох юм. Ямартай ч Хятадын тал арлын асуудалд АНУ орохгүй гэж найдаж байна.
Б.Мөнхцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: