Би Чингэлтэйд Уянга, Зоригтыг хага дарсанд иргэний хувьд их баярладаг

Энэ удаагийн “Toп ярилцлага” буландаа Барс группийн ерөнхийлөгч, Орон зай хөгжлийн ассоциацийн тэргүүн, Монгол-999 төв зөвлөлийн гишүүн Ц.Амарбаатарыг урьж ярилцлаа.

-Бизнес хийх боломж байна, бас боломжоор хангана гэдэг ч төрийн дарамт их байна гэх шүүмжлэл хувийн хэвшлийнхний зүгээс их гардаг л даа. Замын- Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай салбарын сайд танилцах үеэр ч хувийн хэвшлийнхэн хийж чадах юмыг төр урдуур нь орж хийгээд эсвэл хийх гээд байдаг юм байна даа гэх бодол төрж байсан?
-Төрийн зүгээс бизнесийг хааж байна гэвэл биш юм аа. Санаачилга бол байна. Гэвч хэрэгжүүлж буй арга барил нь буруу учраас худлаа болчихож байгаа юм. Зөв харж, зөв тооцох хэрэгтэй. Гол нь энэ. Уг нь бизнесийн салбарт төрийн оролцоо бага байх хэрэгтэй. Гэхдээ Монгол Улсын онцлог гэж бас бий. Товчхондоо төрийн оролцоог масс нь нэхээд байдаг юм. Энэ нь нэг талаар бизнесийн байгууллагууд маань тодорхой түвшинд хүрч чадаагүй, өсч өндийгөөгүй л гэсэн үг шүү дээ. Мэдээж, төрийн хянадаг, шаарддаг маш олон үүрэг бий. Дотоодын зах зээлээ хамгаалах, иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах гэхчлэн… Үүргээ биелүүлж байна гээд бизнесийг харьцангуйгаар дарамталдаг асуудал байдгийг нуух аргагүй. Тэглээ гээд шууд утгаар нь төр бизнесийг дарамтлаад байна гэж ойлгож болохгүй. Төр биш, төрийн албан хаагчдын сэтгэхүйн алдагдлаас болж үүсдэг нөхцөл байдал гээд ойлгочиход болно. Гагцхүү хэрэгжүүлж байгаа доод болон дунд шатны, гаалиас эхлээд мэргэжлийн хяналтын байцаагч нарын байгаа байдал өнөөдөр бизнесийг дарамтлаад байгаа юм.

Түүнээс гадна Алтанбулаг болон Замын-Үүдийн чөлөөт бүс хоёрын хооронд асар том зөрүү бий. Нэгэнд нь тодорхой эрхийг нь олгочихсон боловч яг үйл ажиллагаа явуулах гэхээр Орос хамаг юмаа хаачихсан. Цэвэр Оросын төрийн эдийн засгийн стратегийн бодлого. Нэгэнт худалдан авагч орж ирэхгүй л бол Алтанбулаг мянга сайхан чөлөөтэй байгаад ажиллахгүй. Гэтэл Замын-Үүдийн тухайд Хятадын тал нээлттэй. Хятадад бизнесийн хөдөлгөөн хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөгжилд хэн саад болоод байна вэ гэдгийг ангилж үзэх ёстой байгаа юм.

-Хэн саад болж байгаа гэж?
-Нэгд, Хятадад байгаа Хятадын хил дотор байж байгаа шимэгчид. Хятадын төрийн гэхээсээ илүү зуучлагч байгууллагууд гэж ойлгож болно. Хоёрт, Хятадын машин Монголын хил рүү орж ирэх боломжгүй учраас зуучилдаг бизнесийн сонин орчин бий болчихсон. Жолооч нар тодорхой хэмжээний сүлжээнд орчихсон. Дээрээс нь хил дөнгөж гараад ирлээ гэхэд Монголын төмөр зам асар том зөрчил үүсгэчихдэг. Тэр болгон чинь бүгдээрээ нэг нь хоёр, нөгөө нь долоо, гурав дахь 10-н хоног гэхчлэн уясаар cap болгочихоор бизнес цаг хугацаа алдаад, алдагдалд ордог. Харин машинаар үйлчилж буй нөхдүүд нь өөрийнхөө зардлаа явсан ч, зогссон ч авч л байдаг. Энэ бүхэн л бужигнуулаад байгаа юм. Асуудлыг шийдье гэсэн хүсэл хэнд ч алга. Мэргэжлийн хяналтад ч, машинуудыг зохицуулдаг улсуудад ч, төмөр замд ч байхгүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүхнийг нэгтгээд засаг, төр дарамтлаад байна гэж хэлж болохгүй болчихож байгаа юм. Гагцхүү төрд очсон, засгийн ажил хийж байгаа улсуудын сүлжээ л бүх юмыг дарамталж байгаа. Би энд Монголын төмөр замыг тодотгож хэлмээр байна.

-Ингэхэд төр биш юм бол өнөөдөр Монголын бизнест яг юу саад болоод байгаа юм бэ. Асуудлын гол нь төрийн албан хаагчид гэх гээд байна уу?
-Монголын бизнест хамгийн их саад болдог зүйл нь тээврийн асуудал. Монгол автозамаа хийж чадахгүй байна. Байгаа нь ганц төмөр зам. Нөгөө төмөр замынх нь нэвтрүүлэх чадвар бага, дээр нь маш тойруу замтай. Ийм нөхцөлд бүх л юм хүндрээд явчихдаг. 1949 онд анх гэрээ байгуулагдахад төмөр зам байгуулагдаж байсан үеийг өнөөдөртэй харьцуулж болохгүй. Асар их ялгаатай. Энэ хугацаанд манай төмөр зам хөгжиж, урагшлаагүйд л асуудал байгаа юм. Яагаад хөгжихгүй байна вэ гэхээр төмөр зам бол Монгол-Орос дундын өмч. Оросын тал Монголын хөгжлийн төлөө санаа зовж, анхаарал тавихгүй нь мэдээж. Асуудал энд л байгаа юм. Эцсийн бүлэгт эзэнгүй шахам л юм байж байдаг ш дээ. Хэрвээ төмөр зам хувийн өмч байсан бол өөр байх байсан. Дор хаяж л Ерөөболдын төмрийн хог дээр ачаа хүргэж өгсөн вагонууд буцахдаа хоосон явахгүй. Уг нь төмөр замд ачаа хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэвч өнөөдөр бол хамаагүй л байгаа байхгүй юу. Өнөөдөр хоосон буцсан ч хүргэж өгсөн, мөн буцаж ирэх зардлынхаа хөлсийг авчихсан учраас тэр. Хэрвээ хувийн өмч байсан бол аль хэдийн цементийн асуудлыг шийдчих байсан.

-Үнэндээ ч цемент толгойн асуудал болчихоод байна шүү?
-Өнөөдөр мэргэжлийн бус улс цемент хийгээд байна. Ардаа ямар ч сав суулга, вагонгүй. Цементээр борлуулалт хийж байна л гэдэг. Улаанбаатарт ирчихээд вагоноо суллахгүй хэд хонуулдаг. Хатуухан хэлэхэд бизнест хаа хамаагүй хүмүүс дур дураараа ордог нь онолын хувьд буруу л даа. Асуудлыг олон талаас нь, зөв өнцгөөс нь харж, бие бие рүүгээ чичлэхгүйгээр шийдэх хэрэг их л байх юм.

-Бизнесийн хувьд чиглэлийн хүн биш учраас энэ салбарын бизнес эрхэлж болохгүй гэдэг ч юм уу, зохицуулах боломж байхгүй биз дээ. Хувь хүн ашигтай гэж үзвэл тэр салбар руу анхаарлаа хандуулж, үйл ажиллагаа явуулах нь ардчиллын бас нэг зарчим гээд бодохоор өнөө хүний эрх, чөлөөт зах зээл гээчийн мөн чанартай зөрчилдөөд эхэлнэ биз дээ?
-Импортын зөвшөөрөл гэж өгдөг юм. Импортын зөвшөөрөл гэж их сонин юм байдаг. Мэргэжлийн хяналтын газар өгдөг. Хуучин Гадаад явдлын яамнаас олгодог байсан. Яагаад тэд цементийн зөвшөөрлийг ямар ч нөхцөл бололцоогүй улсуудад олгоод байгаа юм бэ гэвэл цаана нь нөгөө л авлига, хээл хахууль байж байгаагийн л илрэл. Нэг салбар хариуцсан нөхөр, цемент ашигтай юм байна гээд л мэргэжлийн бус нөхцөл нь бүрдээгүй ах дүү, танил талдаа зөвшөөрөл олгочихдог. Энэ бүгдийг бүтэн талаас нь харах ёстой юм. Товчхондоо өнөөдөр Монгол хүн жаахан мэргэжлийн болох хэрэгтэй гэсэн үг. Би л болж байвал гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Цемент яах аргагүй ашигтай байна. Төр, 40 мянган айлын орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ цементийн проблем их байсныг мэдсэн. Өнөөдөр 100 мянган айлын орон сууц төсөл хэрэгжүүлэх шаардлага гарлаа, тунхаглалаа… Эцсийн эцэст барилга гэдэг хайрга, цемент, металл арматур… Энэ бүхнийг бид өөрсдөө хийж болно ш дээ. Хийхгүй байгаа биз дээ. Засаг хийх ёстой ажлаа хийхгүй тэр их мөнгийг тараачихаад сууж байж болох уу. Тэр тараасан мөнгөөр үйлдвэр байгуулж болох л байсан. Төрийн зохицуулалт гэж энийг л хэлдэг юм. Өөр юм биш шүү. Энэ утгаар нь яривал төрийн зохицуулалт гэдэг юмаа арай өөр өнцгөөс харж сурцгаах хэрэгтэй байгаа юм.

Хэрвээ бид цементээ хийж чадахгүй л бол бүх юм худлаа л гэсэн үг. Эцсийн эцэст хил дээр овооролдсон ачааны хүндрэлүүдийг бизнес эрхлэгчид үүсгээд байгаа юм биш. Төр цементээ дотооддоо үйлдвэрлэх ёстой ч үйлдвэрлэж чадахгүй учраас өнөөдрийн хүндрэл үүсээд байгаа юм. Хэрвээ үнэхээр чадахгүй байгаа бол төр цементийн үйлдвэрээс нь шуудайгаар нь бус задгайгаар зөөлгөх асуудлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд тохирч болно ш дээ. Шийдье гэвэл гарц бий. Эрээний төмөр зам дээр очоод шууд ачаад гаргачихаж болох л байхгүй юу. Хийхгүй байгаадаа л асуудал байгаа юм. Угаас хувь хүн, хувийн компани хийж чадахаа больсон юмыг зохицуулах л ёстой. Тухайлбал, төрийн төлөөлөл болох яамд, төрийн аж ахуйн нэгж болох төмөр зам оролцох л ёстой. Улаанбаатар руу орж байгаа ачааг заавал Замын-Үүдээс ачна гэдэг хөлдүү тогтоолоос болоод л асуудал хүндрээд байж байна даг. Угаас аливаа асуудлыг бүтнээр нь буюу цогцоор харах шаардлагатай байдаг юм. Дутуу хийсэн ажлынх нь хамгийн энгийн жишээ, ногоо тарих явдал. Ногоо тарь гээд хэлчихлээ. Баахан улс ногоо тарилаа. 1000 төг байсан төмс 700,500,150 төгрөг болчихлоо. Гэвч энэ хэнд сайн юм бэ.

-Хэрэглэгчдэд хэрэгтэй юм биш үү. Хямд гэдэг утгаараа?
-140-өөр худалдаж авч байгаа тохиолдолд худалдан авагчдад хэрэгтэй ч юм шиг санагдаж байгаа байх. Гэтэл хөөрхий үйлдвэрлэгчдийн хувьд 140-өөр зарж буй төмс нь тээврийн зардлаа ч олж чадахгүйд хүрчихээд байна. Ийм тохиолдолд үйлдвэрлэгчид дампуурахаас өөр зам байхгүй. Үйлдвэрлэгч банкны зээлээр техник, тоног төхөөрөмж, үр тариа авсан л байж тарна. Дээр нь газрын зардал, өөрийн зардал байж байгаа. Тэгээд гурав, дөрвөн cap хүлээж хүлээчихээд эцэст нь дампуурал. Тэднийг та нар зэрлэг капитализмаараа яв гэж хэлж болохгүй.

Хэрвээ эхнээсээ л оролцсон бол эцсийн бүлэгт үйлдвэрлэгчид ашигтай байхаар, үгүй юмаа гэхэд алдагдалгүй байх хугарлын цэгийг нь олж бизнес хийх ёстой. Үнэхээр бизнесийг хөгжүүлье, дэмжье гэж уриалж байгаа юм бол, тэр цэг хүртэл ажлыг хийж дуусгах ёстой. Тэгдэггүй учраас ямар нэг санаачилгын араас заавал нэг хүндрэл үүсээд байгаа юм.

-Атрын III аяны үеэр тариаланчдаа “шатаахгүй” гээд төр, үр тариаг нь худалдаж аваад нөөцөлчихсөн. Тэгсэн өнгөрсөн долоодугаар сард гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үр тариагүй болоод төрөөс худалдаж авах гэхээр өндөр үнэ хэлээд, үйлдвэрлэгчид авч чадахгүй гээд зарим нь бүр үйл ажиллагаагаа зогсоосон шүү дээ?
-Эдийн засгийг эдийн засгийн аргаар удирдвал ийм асуудал бага л гарна. Эдийн засгийн бус захиргааны аргаар удирдаж, дээрээс нь авлигын асуудал үүсээд бас яамдын хэдхээн хүний эрх мэдлийн хүрээний асуудал болоод хувирчихаар наад асуудал чинь худлаа болчихож байгаа юм. Яг цагаа тулахаар тэр будаа нь байгаа ч юм уу, үгүй ч юмуу. Хий бичилтүүд их байна. Тэрийг шалгаж байгаа байгууллага байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Мөнгө нь бол төвлөрдгөөрөө төвлөрөөд, зарлагаддагаараа зарлагадаад, очдогоороо очоод, түгээдгээрээ түгээчихсэн. Харин нөгөө юм нь байна уу гэдэг асуудал нь их сонин. Худлаа асуудлыг хүндрүүлж байж ч болно. Нөгөөтэйгүүр нэгэнт л тариаланчдыг дэмжих гэж байгаа юм бол үйлдвэрлэгчийг дэмжих ёстой. Тэр байтугай борлуулагчийг дэмжих учиртай. Тэр юм чинь борлуулагчгүйгээр ард түмний гар дээр очихгүй ш дээ. Зорилго нь ард түмэндээ хямдхан будаа, гурил үгүй юм аа гэхэд стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх явдал. Зорилго нь ийм л юм бол тэр зорилгоо эхнээс нь дуусан дуустал биелүүлэх ёстой. Тэнд оролцож буй хэлхээ, сүлжээ болгоныг бүх хүнд тэгш хуваарилж тодорхой хэмжээний үүрэг ролиор нь олгож болно ш дээ. Гэтэл энэ гинжин хэлхээний зөвхөн нэг хэсгийг дэмжээд, нөгөө хэсгийг нь дарамтлаад байдаг. Яаж дэмжсэн, үр дүн тэгж л гарна. Аль нэг хэсэгт нь түгжрэл үүсч л таарна. Тиймээс л юмыг аль болох цогцоор харж, хийгээч гэж хэлээд байгаа юм. Сүлжээнд багтаж, оролцож буй бүх аж ахуйн нэгж чинь Монголын компани. Тариаланч, тээвэрлэгч, үйлдвэрлэгч бүгд… Эцсийн бүлэгт бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очно. Дуустал нь харж, дуустал нь асуудлыг анхааралдаа авах ёстой. Нэг нэгээр нь салгаж дэмжихээр нөгөөдөө очиж хүндрэл үүсгээд байгаа юм. Энэ тохиолдолд тэр хүндрэлийг яах вэ гэдгээ ерөөсөө боддоггүй. Дахиад хэлчихье. Эдийн засгийг эдийн засгийн бус аргаар удирдаж буйгийн хамгийн том жишээ бол Атрын III аян. Би бодлоо хэлчихье. Эцсийн эцэст төмс тарих нь дээр үү, эсвэл мод тарьсан нь дээр үү гэж…

-Юу гэсэн үг вэ. Төмс чинь хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн ш дээ?
-Өөд уруугүй рапс тариад байвал манай хөрс үржил шимгүй болно. Манайхан их тарьдаг болсон. Рапс тарихаар хөрс өөрөө өөрийгөө даах чадваргүй болдог. Бид ийм юмны төлөө тэгтлээ хичээх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу бодох л асуудал. Хоёр сая хүнийг хүнсний ногоогоор хангахын тулд хөрсөө хог болгох хэрэггүй л байхгүй юу”. Яахав, ургах газар нь ургаг, ургахгүй газар нь хэрэггүй гээд байна. Заавал атар энэ тэр гээд бөөн ажил болгоод яах юм бэ. Хамгийн хэцүү нь ургасан юмаа алдахгүйн төлөө асар их мөнгөөр тоног төхөөрөмж, техник авч, агуулах сав барьдаг. Их хөрөнгө оруулалт шаарддаг. Гэтэл хөрөнгө оруулалтын эргэлт нь жилдээ ганц. Эдийн засгийн өндөр хөгжилтэй, байгаль цаг уурын таатай нөхцөлтэй улс хоёроос гурав эргүүлж байна. Манайх ганц циклтэй байж жилийн гурав, дөрвөн циклтэй газартай өрсөлдөж болохгүй ш дээ. Яг тэр нийт хэрэглээ маань өнөөдрийн Монголын хувьд ямар вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Бодоод үзэхээр өчүүхэн юм байдаг. Тухайлбал чи өөрийнхөө өмсөж зүүж буй зүйлийнхээ талаар бод. Хэд нь импортынх, хэд нь дотоодын үйлдвэрийнх байна вэ. Ноолууран цамцнаас өөр нэг ч ширхэг хувцас чамд байхгүй. Гоо сайхны хэрэглээний чинь 99,9 хувь нь гадаадынх байгаа. Зөвхөн ус нь Монголынх. Мэдээллийн технологи, унаж буй машин, хэрэглэж буй түлш, барьж буй байшингийнх гээд бүх юмаа аваад үзэхээр атрын гуравдугаар аян, мөн мах нэг хувьд нь ч хүрдэггүй. Гэтэл бид аймаар ач холбогдол өгөөд л байдаг. Ний нуугүй хэлэхэд шал дэмий юманд ач холбогдол өгөөд байгаа юм. Тариаланчид гурав, дөрвөн cap идэвхтэй байлаа гэхэд бусад сард юу хийх юм бэ. Тэр үед нь засаг ямар санал тавьчихаад тариаланчдыг ашигтай байлгах гээд байгаа юм бэ.

Үнэхээр ашигтай байлгамаар байвал үйлдвэрлэлийн орчин нь орчин үеийнх байх ёстой. Орчин үеийнх байна гэдэг маань цаг агаараас үл хамаардаг. Байгалийн нөлөөллөөс бага, мэдээж үр өгөөжтэй байх ёстой. Тэр байтугай бүтээмжээ яаж дээшлүүлэх вэ гэдгээ бодолцсон байх ёстой. Тэрэндээ хүрвэл бид нарийн ногоо, навчит ургамлуудыг шилэн дарлагын аргаар тариална уу гэхээс зүгээр л хэдэн төмс газарт булж хаячихаад одоо болчихлоо гэж үзэж болохгүй ш дээ. Асуудлыг бүтэн цогцоор нь хар гээд байгаа нь ийм учиртай. Нэгэнт хүнийг чи ийм юмаар занимаалд яамд зээл тусламж олгочихлоо гэсэн юм бол тэр хүнийг цаг үетэйгээ цуг алхуулах ёстой. 60-70- аад онд ийм байсан гэсэн вариантаар хандаж болохгүй. Түүнээс гадна бензин үнэгүй байхад бүх нийтээрээ том том сангийн аж ахуйнуудад ажиллаад дотоодын хүнсний ногоо, хүнсний программаа шийдэж чадаагүй гэдгээ мартаж болохгүй. Тийм нөхцөлөөс л бид чөлөөт зах зээл рүү шилжсэн. Одоо бензин, цалин ямар үнэтэй болсон билээ. Тээврийн асуудал ямар үнэтэй байна вэ гэдгийг авч үзчихээд хүний хөдөлмөрийг бүтээмжтэй уялдуулсан бизнесийг хийх ёстой. Түүнээс биш бүтээмж “сервер” болчихсон юм руу түлхэж болохгүй. Тийм сүрхий ашигтай юм бол өөрсдөө үр хүүхдээ тариаланч болгохгүй яасан юм бэ. Тэр байтугай малчин ч болгохгүй байгаа биз дээ. Тийм сүрхий тооцоолсон юм бол төрийн оролцоог уриалж буй өнцгүүдээ өөрөө хийх хэрэгтэй. Өөрөө ингэж хийж болдог юм гэж үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй.

-Үнэндээ ч жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжээд л байх шиг байдаг ч үр дүн хангалттай сайн мэдрэгдэхгүй байх шиг санагдаад байдаг нь цогцоор нь ажил асуудлаа шийдээгүйн балаг байх нь ээ?
-Үнэхээр зөндөө харж үздэг, жижиг дунд үйлдвэрлэгчдийг. Буруу биш л дээ. Гэхдээ бас зөв биш.

-Яагаад?
-Татвараас эхлээд бүх юмыг нь хөнгөлөөд өгөхөөр нөгөө нөхөр чинь өсч хөгждөггүй. Татвар өгдөггүй, тэр жижигхэн талбайдаа л байх гээд байдаг байхгүй юу. Гэтэл бүх тендерүүд татвар хэр төлдөг вэ гэдэг шалгуураар олгогддог. Ингээд л нөгөө нөхөр чинь жижиг, дунд үйлдвэр гэдэг юман дээр мөнхийн хадагддаг. Татвар төлөхийг хүсэхгүй байна ш дээ. Тэгээд хэдхээн компани төрөөс хуваарилагдаж байгаа, төрийн захиалгаар хийгдэж буй тендерт ялж л бүх юм хийгддэг. Тийм биз. Байдал ийм л байгаа. Тэгсэн атлаа бид уул уурхай, эрдэс баялгаасаа нэг ч татвар авдаггүй. Зөвхөн есөн хувь л байдаг. Харин импортлогчдоос импортоллоо гээд 10 хувийн НӨАТ авдаг. Эрдэс баялгийн тухайд гадагшаагаа гарлаа гээд НӨАТ авдаггүй шүү. Гол юмнаасаа л татвар авахгүй байгаа юм. Монголд 60-аад мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Үүнээс 40-өөд мянга нь тайлангаа өгдөг. Яг НӨАТ төлдөг нь гурваас дөрвөн мянга хүрэхгүй дээ. Дөрвөн мянган компани гэдэг чинь наана цаана болоод группдээ хуваагдаад ирэхээр бас сонин. Манай Барс группийн долоо найман компани НӨАТ төлдөг. Тэрүүгээр багцлаад үзэхээр 500-гаад компани л татвар төлдөг болчихоод байгаа юм. Үлдсэн нь татвар төлдөггүй гээд ойлгочиход болно. Дэндүү эмгэнэлтэй санагддаг. Хэрвээ хуулийн өмнө хүн бүр тэгш эрх, үүрэгтэй л юм бол татвар төлдөг орчин адилхан л байх ёстой. Жижиг нь ч, дунд зэрэг нь ч, том нь ч төлөх л ёстой. Уул уурхайн компаниуд том уу том. Эргэлт нь том уу маш том. Гэтэл тэндээс татвар авч чаддаггүй. Төмөр зам ч, Эрдэнэт ч НӨАТ төлөгч биш. Тэгээд хэн НӨАТ төлөгч болох гээд байгаа юм бэ. Хэрэв юмыг бүтнээр нь харахгүйгээс болоод ийм хачин хачин хууль гаргаад байгаа юм бол хүн бүр аж ахуйн нэгж болгон төлдөг татварын дунджийг олох ёстой. Бидэнд Германы систем таарахгүй. Монголын сургалтанд Кембрижийнх таарахгүй л байхгүй юу. Тэр барууны стандартыг Монголд нэвтрүүлнэ гэсэн ч таарахгүй. Тэнцдэг нэг ч аж ахуйн нэгж олдохгүй. Бид байтугай Унгар, Польшийн аж ахуйн нэгж дампуураад байхад бид яаж тэнцэх юм бэ. Тэнд бол германууд эзэлчихэж, болж байна. Манайд хэн эзлэх вэ, хятад, солонгосууд л эзэлнэ. Тэгээд бид нар юу хийх юм бэ… Тийм үү.

-Барууны стандарт гэж их ярих болсон. Одоохондоо маньд ахадна гэх гээд байна уу, та?
-Стандартыг яагаа ч үгүй байж хамаагүй оруулж ирж болохгүй. Бид юу ч мэдэхгүй байхдаа олон сангуудын дэмжлэг туслалцаатайгаар хуулиа зохиох гэж очоод барууны хуулийг хуулаад ирсэн. Дотоодын зах зээлээ хамгаалдаг юм байна гээд бас олзуурхсан гэж байгаа… Гэтэл тэд түүхий эдийг гадагшлуулахад татвар авдаг гэсэн ойлголтыг бидэнд өгөөгүй л байна ш дээ. Бодоод үз. Орос Дэлхийн худалдааны байгууллагад орно гээд л байсан, өнөөдүүл нь оруулахгүй гээд л байсан. Бараг 20-иод жил болж байж манайхаас хойно орсон. Ингэхэд бид Дэлхийн худалдааны байгууллагад орохдоо юу үйлдвэрлэдэг байсан юм бэ. Юу ч үйлдвэрлэдэггүй байсан. Зүгээр л тэд Монголыг түүхий эдтэй гэдгийг мэдэж байсан байхгүй юу. Монголын түүхий эдийг үнэгүй, татваргүй авахын тулд бүх юмаа хийчихсэн. Өнөөдөр бид Оросыг яаж ч муулаад татвараа авч чаддаг л орон байхгүй юу. Оросын эдийн засаг хий газ, нефтин дээрээ тогтдог. Экспортын гаалийн татвар нь маш өндөр. Тэрүүгээрээ Орос гүрэн оршин тогтнож, өөрийнхөө программыг хэрэгжүүлж чадаад л байгаа биз дээ. Гэтэл манайх иргэддээ 21- хэн мянган төгрөг өглөө гээд зөндөө олон юм ярьж байна. Тэртээ тэргүй дээр дооргүй идэж байгаа юм чинь яадаг юм бэ. Ард түмэн 21 мянган төгрөг авч болно. Тэр байтугай 100 ам.доллар авч болно. Би мөнгө олгох нь буруу гэж боддоггүй. Иргэддээ өгч байсан 21 мянга юу юм бэ. Эцсийн бүлэгт юу ч биш. Үзээрэй, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг. Монголын талд хуваарилсан юм нь үнэхээр инээдтэй. Гэхдээ тэрний дараа, хэрмийн цаана хуваарилагдаад байгаа юм арай өөр. Тэр нь хэнд очиж байгаа юм бэ. Ард түмэнд ч ямар ч хамаагүй, өөр улс л хүртээд байдаг. Газрын хэвлий доорх баялаг ард түмнийх гээд тунхаглачихсан мөртлөө ард түмэн яг юу хүртэж байгаа юм бэ. Хүртэхгүй л байгаа байхгүй юу. Манай Монгол-999 нэгдэл энэний төлөө явж байж ямар ч гэсэн 39 дүгээр тогтоолыг гаргуулж чадсан. 20 хувийг ард түмэн, 10 хувийг ард түмэн эзэмшинэ гэж… Гэвч өнөөдөр тэр асуудал ч эцэслэн шийдэгдээгүй байна. Асуудлыг шийдээгүй Засгийн газар бүтэн дөрвөн жил юу ч хийгээгүй байж ямар ч хариуцлага хүлээгээгүй.

-Иймэрхүү байдал хаа сайгүй л байна. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ гарц байж л байгаа, тийм үү. Яг яах ёстой гэж та боддог вэ?
-Ямар ч байсан татвар авдаг болъё. Татварынхаа дагуу хүн арддаа мөнгө цаасаа тараадаг юм бол тараая. 21 мянган төгрөг тараагаад архидалт газар авчихлаа л гэдэг. Үнээн үнэн. Архи уусан. Олигтой юм тараасан бол архины мөнгө болохгүй, хөрөнгө оруулалт болох л байсан. Хоёрын хооронд өчүүхэн юм тараасан учраас асуудал үүсч байгаа юм, нэгдүгээрт. Хоёрт, 21 мянган төгрөг тараахаас өмнө яг яасан юм бэ. Юм хийх боломж асар их байсан ш дээ. Яагаад Монголд нэг ч ширхэг цементийн үйлдвэр нэмэгдээгүй юм бэ. Яагаад нефть боловсруулах, коксын үйлдвэр барьчихаагүй юм бэ. Бүгдээрээ л асуулт байгаа биз дээ. Тэр мөнгөөр цэцэрлэг, сургууль барих байсан л гээд байдаг. Замаа барих нь яасан юм бэ. Тийм биз. Ингээд бодохоор манай 160 мянган хүнтэй төрийн албан хаагчдын арми яг ямар бүтээмжтэй байсан юм бэ. Асуулттай л байгаа байхгүй юу. Өмнө нь, 21 мянган төгрөг тараахаас өмнө 16-18 жил байж л байсан ш дээ, бид. За, Жасрай даргын Засгийн газрыг болчихъё, ардчиллын 2000 он хүртэлх Засгийн газрыг орхичихъё. 2000-2008 хүртэл ямар бүтээн байгуулалтыг төрийн хөрөнгө оруулалттай хийж чадсан юм бэ. Яагаад бид нар босоо тэнхлэгийнхээ ганц төмөр замаа олигтой болгож чадаагүй юм бэ. Яагаад замаа дуусгаж чадаагүй юм бэ асуултууд байгаа биз дээ. Энэ бүх болохгүй, болоогүй чинь ард түмэнд байгаад байгаа юм биш шүү дээ. Удирдлага өнөөдөр нэг номерын хөрөнгө оруулалт гэж юу юм бэ, нэгийн а-д нь юу байх юм бэ. Б-д юу байх юм бэ гэдгээ тодорхойлох ёстой ш дээ. Өнөөдөр бид нар гурав долоо бүр есөн номероосоо эхлээд байна.

Бүгдээрээ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ бүсээ чангалах үедээ чангалаад хийх ёстой юмаа хийх л ёстой байхгүй юу. Гутал хувцас, гоо сайхны бараа авах хэрэгтэй. Мэдээж идэж уух, жуулчлах ч хэрэгтэй. Гэвч чи байр сууцгүй бол яах ёстой юм бэ. Би хүн юм чинь гээд яваад байж болохгүй биз дээ. Нэн түрүүн хуримтлалаа бий болгож, орон гэрийнхээ асуудлыг шийднэ дээ. Эхлээд байртай болчихьё. Дараа нь ланд авах уу эксел авах уу гэдэг асуудал байж байна. Манай хөрш лексус унаад байна гээд лексус авч унаж болохгүй биз дээ. Гэтэл өнөөдөр Монголд бүх зүйл урвуу. Бүгдээрээ л ланд, лексус унаад байдаг. Хамгийн супер жийпнүүд Монголд л байж байна. Яах ч аргагүй, хувь хүний сонголт. Гэхдээ улс маань өөр байх ёстой. Байгаа мөнгөнөөсөө сургалт, боловсрол, эрүүл мэндэд зарах ёстой. Гэхдээ ямар ч байсан мөнгө олдог нэг юмтай болчих. Тэр нь өнөөдрийн өндөрлөгөөс харахад зам, үйлдвэр байгаа юм. Ийшээгээ анхаарах л хэрэгтэй. Гол юм маань энэ байна гээд цементийн үйлдвэр барих л ёстой байхгүй юу. Бидэнд Эрдэнэт гээд стратегийн асар том бааз байж байна. Дархан гээд тэртээ тэргүй дэд бүтэц гээд асуудлаа шийдчихсэн хот байж байна. Тэгсэн атал Сайншандад юм хийх гээд байдаг. Болно л доо. Буруу биш. Гэхдээ манайд байж байгаа хамгийн супер гарцынхаа хүчин чадлыг ашиглаж чадаагүй байж илүү юм ярих хэрэг юу байгаа юм бэ.

Орос бидэнд тарифын хөнгөлөлт өгөхгүй байна. Ийм нөхцөлд бид аймаар их мөнгөөр шандын төмөр замыг босгож болохгүй л байхгүй юу. Эрүүл ухаан байдаг л юм бол тэр шүү дээ. Төмөр зам барьдаг үе чинь их олон, 200 жилийн өмнөх явдал. Бид өнөөдөр агаарын тээврийн асуудлыг шийдэх түвшинд очих ёстой. Өнөөдөр Монголын төмөр замаар хамгийн хямдхан бүтээгдэхүүнийг зөөдөг. Төмөр замаар түүхий эдээ л гаргадаг. Хэрвээ нүүрсээ коксжуулчих юм бол арай өөр аргаар зөөж болно. Өмнө нь нэг ам.доллар хүрдэггүй байсан махыг Оросын хилээр хөлөөр нь гаргадаг байсан бол өнөөдөр Монголын махыг 5-8 ам.доллараар авах зах зээл нь байж байна. Онгоцоор л зөөх ёстой байхгүй юу. Бүтээмж өндөртэй юмны тухай л яриад байна шүү дээ, би. Байшин м.кв нь 200-300 мянган төгрөгийн өртөгтэй байхад хэн ч байшин бариагүй. Байшин 1000 ам.доллараас даваад ирэнгүүт хүн бүр байшин бариад эхэлж байна. Энэ чинь зах зээлийн хууль. 200 ам.долларт босохгүй юм чинь 400 ам.доллараар байшин барьчихаад 200-гаар хэн зарах вэ дээ. Яг тэр хугарлынхаа цэгийн дээр гарсныхаа дараа л бизнес хөгжиж эхэлдэг. Бүх л юм өөрийн гэсэн зүй тогтолтой байдаг юм. Мэдээж засгийн үед бол болно. 400 ам.доллараар бариад 200 ам.доллараар зарж болно. Зөрүүг нь засаг өгөх ёстой, барилгын компанид. Ядаж л дэд бүтцийг нь татаад, замыг нь тавиад, газрыг нь үнэгүй өгөөд наадхаа 300-гаар зар, босго гэвэл зарим нэг компани босгоно л доо. Гэхдээ чанар муутай хямдхан юм гарна. Ингэж байхаар ард түмэнд хөхүүрийг нь өгөх ёстой. Мөн үү.

-Жаахан тодруулахгүй юу?
-Шугамыг нь тавьчихсан, байшин баригдчихсан харин дотоод заслыг нь хийхгүй. Хүн өөрийнхөө бэл бэнчинд тааруулж засвал арай хямд тусна. Сонирхуулахад Хятадад гинжин хэлхээнд орсон бүх юмаа бодчихсон политек байдаг. Манайд болохоор байшинг заавал бүтнээр нь хүлээлгэж өг гэдэг. Уг нь хувь хүнд 800 ам.доллараар авчихаад өөрөө дотоод заслаа хийх нь дээр ш дээ. Засахгүй байсан ч болно. Цементэн дээрээ хэвтэж байсан ч болох л байхгүй юу, ер нь бол. Хүн тэндээ 100 ам.долларын жорлон тавих уу, эсвэл 100 юанийн жорлон тавих уу тухайн хүний эрхийн л асуудал. Харамч хүн хоёр дахин төлнө гэдэгчлэн хэзээ нэгэн цагт 100 ам.долларын жорлон авдаг л байхгүй юу. Ер нь бол би Улаанбаатарыг үнэтэй хот байлгахыг төлөө байдаг.

-Яагаад?
-Өнөөдөр хөдөө хэн үлдэв. Бүгдээрээ хотод шавчихсан хөдөө нь эзгүй л байна ш дээ. Үнэн хэрэгтээ тэр малчид чинь Монголын эзэн юм байна лээ ш дээ. Хамгаалж буй улс нь малчид. Гэтэл малчдын арми багасаад л байдаг. Бүгдээрээ л “муухай“ Улаанбаатарт шавцгаагаад байдаг. 500 мянган хүнд байх ёстой газар сая гурван зуугаараа шавааралдчихаад хөдөлгөөн, утаа униарын тухай яриад байж болохгүй ш дээ. Тийм л хэцүү байгаа юм бол Улаанбаатараас явуулах л хэрэгтэй. Нэгэнт улс төрийн аргаар шийдэж болдоггүй юм бол эдийн засгийн аргаар хүн амьдрах аргагүй болгох хэрэгтэй.

-Тэгээд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын нэг болгоно гэх гээд байна уу?
-Өртөг өндөртэй. Энд гуйлга гуйж байсан дор нутагтаа очоод малаа маллаад, махаа найман ам.доллараар зараад сууж байя гэж бодно ш дээ. Амьдрал нь хамаагүй дээшилж, хамаагүй жаргалтай аж төрнө дөө. Улаанбаатарт юу хийхээ мэдэхгүй бухимдаж суухын оронд… Тийм ч учраас Улаанбаатарыг жирийн хүн амьдрахад хэцүү газар болгох ёстой. Тэгэхгүй бол Монгол Улс эзэнгүйрэх гээд байна. Өмнө нь би энэ бүхний эсрэг л боддог байсан юм, юуг нь нуухав. Энэ олон сум, аймгаар яах гээд байгаа юм бэ гэж… Бүх юмыг эдийн засгийн өнцгөөс хараад байж л дээ. Гэтэл яг Монгол эх орон, бүрэн бүтэн байдал гэдэг талаас нь харах юм бол огт өөр харагдаж байна. Өмнөговийн Гурвантэс суманд гурван том уурхай байж байна. Синхуа МАК, МАК гэхчлэн. Тэгсэн атлаа цахилгаанаа гаднаас авдаг. Тэгээд нөгөө цахилгаан нь унтарчихна. Яаж ч чадахгүй. Тог байхгүй учраас ус дулаан байхгүй, амьдрал барзайгаад явчихдаг. Тог, усгүй бол давхар байшингаар яах юм бэ. Төвийн халаалттай, устай байгаад яах юм бэ. Ажиллахгүй юм чинь. Гэтэл тэндээс өдөрт мянган машин нүүрс гарч байна. 100-гаар үржүүлэхэд 100 мянган тонн нүүрс гэсэн үг. 100 мянган тонн нүүрс гарч явчихаад Гурван тэсдээ нэг цахилгаан станц барьчихаж болдоггүй. Гаднаас цахилгаан аваад л сууж байдаг. Том юмандаа буруу л байгаа байхгүй юу. Ядахдаа том юм нь зөв явж байсан бол бас учиртай ш дээ. Замын-Үүдийн нөхдийн ярьж байгааг сонсоо биз дээ. Ямар нэг байдлаар шийдэлд хүрье гэж ярьж байгаа хүн тун цөөн. Эрх мэдэл булаацалдсан өчүүхэн, жижиг сажиг хог яриад байдаг. Ерөнхий том, хөгжлийн юм ярьж байгаа нэг ч хүн байхгүй. Өнөөдрийн байдлаар Замын- Үүдийг хөгжүүлэх хамгийн гол юм нь тээвэр ложистик л байгаа юм. Асуудлаа зөв шийдэж чадвал зөв тийшээгээ хандаад л эхэлнэ. Замын-Үүдэд гараад ирсэн барааг бид яаж ийж байгаад Улаанбаатарт хүргэчихнэ. Зам баригдчихвал…

Одоо зам баригдаагүй байхад л нүүрсний борлуулалт багассантай холбоотойгоор төмөр замын ачааллаас болоод хүмүүс том том машинаар зөөгөөд эхэлчихсэн ш дээ. Түүнээс гадна Замын-Үүдийн чөлөөт бүсийг ажиллагаанд оруулахын тулд Хятадын талтай нэлээд олон тохиролцоог зөв хийх хэрэгтэй. Дор хаяж, хятад машин, хятад жолооч, хятад иргэнийхээ үнэмлэхтэйгээ Замын-Үүдийн чөлөөт бүс рүү орж ирж чадвал учир бий. Түүнээс гадна барууны гэдэг систем байна… Монгол шиг алслагдсан улсад их хэцүү систем. Энийг ойлгохгүй байгаа учраас өнөөдөр Говь-Алтайд литр бензин 1980 төгрөг байна. Улаанбаатарт 1550 орчим. Барс дээр 100 төгрөг байдаг усыг аймагт 400, суманд 600-гаар зарж байна. Юу гэсэн үг вэ. Ийм алслагдмал орон нутаг байж болохгүй ш дээ. Бензиний үнийн 30 хувийг засаг өгөх л ёстой. Гэвч засаг өгөхгүй байна. Эсвэл Улаанбаатарт бензин зарж буй нөхдүүдтэй хариуцлага тооцох ёстой. Чи энд хэдэн литр бензин зарах гэж байгаа бол хөдөө орон нутагт төдөн литрийг зар. Яаж ийж байгаад адилхан үнээр зар гэдэг юм уу, яадаг юм бэ. Яг энд л төрийн оролцоо хэрэгтэй байна. Төр татвар авч чадсан юм бол иймэрхүү зүйлээ зохицуулах л ёстой. Төрийн оролцоо, яаж орон нутгийг хүнтэй байлгах вэ, яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр хүчтэй байх учиртай. Орон нутаг руу оруулсан хөрөнгө оруулалтыг татвараас чөлөөлөх ёстой. Орон нутагт бий болгосон ажлын байрны тоогоор тухайн аж ахуйд тодорхой хэмжээний урамшуулал өгөх хэрэгтэй. Улаанбаатар бол ёстой падлий ч алга. Улаанбаатар хөгжихгүй ч байсан болно. Улаанбаатарт хүн амьдрахад хэцүү болгох хэрэгтэй. Орон нутаг руу тэмүүлэх байдлыг бий болгох хэрэгтэй… Би эсэргүү юм яриад байна уу.

-Зөв л дөө. Хэрэглээ зардал нь хэвийн, магадгүй хотоос хямд төсөр бол иргэд хөдөө орон нутагт амьдрахыг илүүд үзнэ шүү дээ?
-Би Говь-Алтай аймгийн Жаргалант сумын иргэн болох гэж байгаа.

-Яаж байгаа юм бэ?
-Хэчнээн сайхан нутаг гэж бодно. Гэтэл би энд ийм их хэрүүлтэй, проблемтай газар байж байх ямар хэрэгтэй юм бэ. Би жаахан удаан мэдээж жаргалтай амьдармаар байна ш дээ. Бясалгал хийнэ гээд хаа байсан Энэтхэг рүү хүн амьтан яваад байна ш дээ. Үнэндээ жинхэнэ жаргалын орон Монголд байж байна. Алтай уулын орой дээр байна шүү дээ.

-Та Жаргалант сумын хүн үү?
-Миний аавын нутаг. Би Улаанбаатарын хоёрдугаар төрөхийн хүүхэд л дээ. Хоёрдугаар төрөх чинь юу билээ… Тэнд очоод хөрвөөгөөд байх чинь сонин байна ш дээ. Манай Жаргалант ямар сайхан нутаг гээч. Тэгсэн чинь манай сум 1900-хэн хүнтэй 300-гаад өрхтэй, хамгийн цөөн хүн амтай сумдын тоонд ордог болчихож. Гомдмоор байгаа биз дээ.Тийм сайхан нутгаас хүн дайжна гэдэг чинь… Юундаа дайжаад байгаа юм бэ. Ер нь бид нар амьдралын сайн сайхан гэдэг юмыг өөр өнцгөөс харж сурах хэрэгтэй юм шиг байгаа юм. Амьдрал мөнгөн дээр тогтдоггүй. Амьдрал сэтгэл дээр тогтох ёстой… Арай л өөр юман дээр тогтох ёстой. Би хэдэн төгрөг хийчихээд ингээд байгаа юм биш. Явж явж эцсийн үр дүнд миний хийсэн юм, бүтээсэн баялгийг бүтээгээгүй улсууд л устгана шүү дээ. Би ч яахав өнөөдөр хямгадаад байж л байдаг юм гэж бодоход… Мянган жил амьдрах гэж байгаа юм шиг бүтээгээд л байдаг. Цагаа тулаад ирэхээр сонин л байгаа байхгүй юу. Тиймээс бүтээсэн, бий болгосон зүйлийнхээ хэсгээс эцэг, өвгөдийнхөө нутгийн бүтээн байгуулалтанд зориулах зарцуулах ёстой юм байна гэсэн итгэл үнэмшил төрөөд байгаа. Өөрийн гэсэн эзэмшил газартай болно гэж ойлгосон ч болно. АНУ-ын Ерөнхийлөгч Буш ч гэсэн Ху Жиньтаог Техас дахь эзэмшилдээ л хүлээж авч байсан биз дээ. Цагаан ордонд суудаг байхдаа. Цаашлаад сонгуульд оролцсон ч яадаг юм бэ, Жаргалантаасаа… Харин ч Бат-Үүлийн баг ялж, нийслэлээс энэ муухай улсуудыг зайлууллаа шүү дээ, шуудхан хэлчихэд. Жаахан ч гэсэн итгэл үнэмшил төрөөд байгаа.

-Ингэхэд бизнест хөлөө олсон хүмүүс улс төр рүү орохгүй бол алдаа болно гэдэг жаяг тогтох шинж ажиглагдах болсон. Улс төрөөс ангид байхгүй бол яагаад байдаг юм бэ. Улс төр рүү юу татаад байна вэ. Улс төрд хөл тавихгүйгээр юм хийж болдоггүй юм уу?
-Болноо, би байна ш дээ.

-Тэгээд та яагаад сонгуулийг гэнэт сонирхов?
-Би иргэн хүнийхээ хувьд сонгуульд оролцох ёстой. Түүнээс биш улс төрд орох гээд байгаа юм биш. Би сумын Засаг дарга болохыг санаархаад байгаа юм огт биш шүү. Надад ямар ч хамааралгүй Чингэлтэй дүүрэгт байж байсан дор надаас хамаардаг газар байх нь дээр юм болов уу гэж бодоод байгаа юм. Угаасаа улс төр миний сонирхдог асуудал биш. Түүнээс гадна би засгаас тендер, зээл авалгүйгээр уул уурхайд шунаж газар нутгаа сэндийчилгүйгээр, Улаанбаатарын газрыг заралгүйгээр амжилтанд хүрсэн цөөхөн хүний нэг. Үүгээрээ би бахархдаг. Би мөнгөө Монголынхоо банкинд байршуулж мөнгө хүүлдэг. Ойлгож байна уу. Би мөнгөнөөсөө ичихгүй, айхгүй. Тиймээс засгийн дэмжлэггүйгээр өөрөө өөртөө эзэн байгаад амжилтанд хүрч болдог гэдгийн үлгэр жишээ болдог гэж дотроо боддог. Өнөөдөр их мөнгө хийсэн улсууд мөнгөө ил гаргаж чадахгүй байна. Айдаг нуудаг. Тухайлбал, гаалийн байцаагчийн хүүхэд жаахан ухаан ороод ирэхээрээ яах вэ. Д.Зоригтын Монголын газрыг зарж олсон хэдэн төгрөгөөр нь хүүхдүүд нь яах юм бэ. Асуулт байна. Би Д.Зоригт гэж цохоод байгаа шүү. Жаахан хальчихад би Чингэлтэйд Уянга, Зоригтыг хага дарсанд иргэний хувьд их баярладаг. Д.Зоригт асар их мөнгө зараад ялагдсан байхгүй юу. Эцсийн эцэст Монголын ард түмэн ухаантай. Мөнгөнд зодуулаад байдаг ард түмэн биш гэдгийг дэлхий нийт үзэг. Үзсэн үү гэвэл үзсэн.

З.Урансүх

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих