С.ЖАВХЛАН МАЛЧИДТАЙ ХАМТРАН ТЭМЦЭНЭ

“Эх оронч” хөдөлгөөний тэргүүн С.Жавхлан Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажилласан тухайгаа, тэнд ямар асуудал тулгараад байгаа талаар мэдээлэхээр өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.

Өнөөдрийн байдлаар нутаг дэвсгэрийн нь 70 гаруй хувь хайгуул, ашиглалт олборлолтын 66 лицензтэй, үлдсэн 30 хүрэхгүй хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог Өмнөговь аймгийн Гурвантэс суманд МУГЖ С.Жавхлан очиж тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн аж.
Өмнөговь аймгийн Гурвантэс сум Монгол Улсын хэмжээнд хамгийн том нутаг дэвсгэртэй улсын урд хилийн хамгийн том сум юм. Одоогийн байдлаар Гурвантэс суманд 16 томоохон компани олборлолт хийж байна. Эдний дунд 14 жил олборлолт хийсэн компани ч байгаа гэнэ.

С.Жавхлан, “Гурван том уурхайн 120-140 тонын даацтай 1500 орчим машин тус нутгийн баялгийг өдөр шөнөгүй хятад руу зөөж байна. Эрдэнэсийн энэ хараал, уул уурхайн хор уршигаас болж тус сумын 1350 өрх, 6000 гаруй хүн ам 130,000 гаруй толгой мал өнөөдөр уух ус, гишгэх газар, бэлчих бэлчээргүйд хүрсэн аюул нэгэнт тулж иржээ. Тиймээс малчид эрх ашгаа хамгаалах зорилгоор хөдөлгөөн байгуулан тэмцэж байна. Тэдний тэмцлийг эрх мэдэлтэй компаниуд үл тоож байгаа учир миний бие тэдэнд хүч зориг, урам дэм өгөхөөр тус суманд очсон юм. Иргэд малчидтай хийсэн уулзалт үр дүнгээ өгч уул ус, газар шороогоо хамгаалахаар Гурвантэс сумын малчид, хөдөлмөрчид 100 хувийн санал нэгтэйгээр нэгдээд байна” гэлээ.

Зөвхөн өнгөрсөн жилд гэхэд л ганцхан “МАК” компани 6 сая тонн нуүрс Хятад руу гаргажээ. Уул уурхайгаас дүрвээд энэ нутагт байсан хавтгай, хулан, хар сүүлт, мазаалай, аргаль, янгир, ирвэс зэрэг дархан цаазтай амьтан, ёл, хойлог, тас, бүргэд, ятуу, ногтруу, хулан жороо зэрэг жигүүртнүүд нутгийн хойд хэсэг рүү гарчээ. Харин одоо тэрхүү хойд хэсгийг нь ухах гэсэн компаниуд бэлтгэлээ базааж, техник тоног төхөөрөмжөө оруулаад ирчихсэн байгаа юм байна. Тэдгээр компаниуд зөвшөөрөл авсан гэдгээр далайлган хүч түрэн ухахын зэрэгцээ “эртхэн нүү, эсвэл малаа зарж сургуульд яв, манай компанид ажилд ор” гэх мэтээр малчдыг дарамтлах болсон гэнэ. Нутгаа орхин нүүж түвдээгүй малчдын хотыг тойруулж ухсаар айлын хотонд 200 метр тулж ирсэн нь хүртэл бий аж.

“SGS” компани нь Нарийн сухайтын ордыг Монголын стратегийн орд газарт хамааруулахгүйн тулд лицензийг нь “Сауд гоби коэл транс”, “Мен ши куа ние”, “Жавхлант орд”, “Зэлэм” компанид худалдан шилжүүлсэн тухай С.Жавхлан дурдлаа.

Олон жилийн турш ашигт малтмалыг нь олборлож үйл ажиллагаа явуулсан компаниудын хувьд орон нутагт оруулсан хөрөнгө оруулалт гэж бараг үгүй, бүтээн байгуулалт ч хийгээгүй байна. Уурхайн ухсан цооногт нэг айлын хоёр хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг ч гарчээ. Тэсрэх дэлбэрэх бодис ачсан машинууд сумын төвөөр хөндлөн гулд сүлжилдэж иргэдийг айлгах болж. Мөн тэмээ мал цооногт унаж үхэх нь олонтаа тохиолдох болжээ. Энэ нутагт эмэгтэйчүүд дутуу төрөх нь олширч, уушигны өвчтэй хүн элбэгшсэн тухай нутгийн иргэд халаглан ярьсан тухай “Эх оронч” хөдөлгөөний тэргүүн өгүүлэв.

Гурвантэс сумын хувьд Ноён, Сэрвээ, хойд талаараа Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэ жинст, өмнө талаараа Өвөр монголын Эзнээ хошуутай хиллэдэг. 100 гаруй булаг, шанд, рашаантай, говийн сумд дундаа хамгийн олон голтой сум юм. Энд монголын үзэсгэлэнт газрын нэг болох “Хэрмэн цав” оршдог. Энэ нутгийг 50-80 сая жилийн өмнө нуур тэнгис, ой мод бүхий “Үлэг гүрвэлийн” орон байсан тухай судлаачид бичжээ. Түүнчлэн эртний хөхтөн, нялцгай биет, дун, хавч, яст мэлхий, матар, чулуужсан өндөг зэрэг олон төрлийн амьтан, ургамлын үлдэгдлийг эрдэмтэд энэ нутгаас олж, нээсэн байдаг. Гурвантэс сумын нутаг Нэмэгт, Гилбэнт, Ханын хэц, Тостын ууланд хадны сүг зураг ч элбэг байдаг.
Заг, жигд, хайлаас, тоорой, сухай, яргай, харгана, буйлс зэрэг мод бут, улаан гоёо, чихэр өвс, лидэр, хулангийн ундаа, морин шарилж, алтан гагнуур, арц зэрэг эмийн ургамал, цулхир, хүмүүл, таана, сонгино, бажууна зэрэг хүнсний ургамал, мөн бэлчээрийн олон төрлийн ургамал ургадаг газар. Энэ бүхэн уурхайгаас болоод устаж үгүй болоод байгаа аж.

Г.Уран

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих