Төмөрлөгийн үйлдвэрийн дансаар мөнгө угааж, “Ноёд” группын захирал 1.2 сая доллар луйварджээ

Улсын Ерөнхий про­ку­рорын тайлан мэдээ­гээр хэрэг бүртгэлт, мөр­дөн байцаалт явуулсан 9500 гаруй хэргийг түдгэл­зүүлж, 4700 орчим хэр­гийг “гэмт хэргийн бүрэл­дэхүүнгүй” гэсэн үндэс­лэлээр хэ­рэг­сэхгүй бол­гон, мөрдөн байцаал­тын харьяаллын хэргийн 50 гаруй хувийг хугацаа сун­гаж шийдвэр­лэсэн бай­даг аж. Энэ бол тохиолд­лын жишээ бус, иймэрхүү тоо баримт жил бүр то­дор­хой хэмжээ­гээр дав­тагд­даг нь нууц биш гэд­гийг 2010 оны дээрх тай­лан мэдээнээс харж бо­лох юм. Гэтэл мөрдөн байцаах байгууллагуу­дын үйл ажиллагаа хэ­вийн явагдаж байгаа юм шиг олон нийтэд ойлгогд­соор  удаж байна. Цаасан дээр гарч буй тоон мэдээ зарим хэрэг илрэхгүй, магадгүй илрүүлэхгүй бай­­гааг баталж байгаа юм. Ялангуяа нэр нөлөө­тэй төрийн өндөр албан тушаалтан, бизнес­мэ­нүүд, олны танил эрх­мүү­дийн холбогдсон хэрэг шийдэгддэггүй  нь иймэр­хүү тоон мэдээг зузаал­саар байдаг биз ээ. Ийм хэргүүд мөрдөн байцаагч, прокуроруудын хэнийх нь тусламж­тайгаар шийдэг­дэх­гүй яваад байна вэ. Манай сонин “Эх сурвал­жийн мөрөөр  үнэнийг хайсан нь” булан­гийн­хаа энэ удаа­гийн дугаараар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирд­­лагууд болон олонд танигд­сан бизнесмэнүүд хамтран гадаа­дын нэгэн ком­па­нийг яаж луйвард­сан, энэ хэрэгт мөрдөн байцаагч, про­курорын байгуул­ла­гын­­хан ямар байдлаар хандаж, хэрх­сэн гэдгийг нэхэн сурвалжилж ун­шигч танд цувралаар хүр­гэж байна.

Ингэс­нээ­рээ хуулийн байгуул­лагуудын шинэчлэл чухам юунаас эхлэх ёстой вэ гэдгийг бид энэ эрэн сурвалжлах нийт­лэлээ­рээ давхар хөндөж буй юм.

НОЁД“ ГРУППЫН ЗАХИРАЛ Г.БУЯНДОРЖИЙН ӨВӨР МОНГОЛ НАЙЗ

“Ноёд” группын захирал Г.Буян­доржтой өвөр монгол найз Э.Хурцаа нь ирж уулз­жээ. Тэрбээр “БНХАУ-ын Тянь­жин хотын “Тай­шин” ху­дал­дааны экспорт, импор­тын компанийн захирал Хаинг Донг Шин Монголд иржээ. Бийлэгжүү хүн байх шиг бай­на. Монголд худал­даа най­маа хийгээч, тусалъя гэж хэл­лээ. Чамайг танил тал ихтэй гээд хэлчихсэн, уулзах уу” хэмээжээ. Тэгээд өнөөх хятад захиралтай Г.Буян­дорж, Э.Хур­цаа хоёр уул­захаар болсон байна. Ингэх­дээ Г.Буян­дорж өвөр монгол най­зы­гаа “Чи эхлээд уулз. Ямар салбарт хөрөнгө оруу­лах ажил байгаа юм. Эсвэл ямар нэгэн ашигт малт­малын салбарт хөрөнгө оруулах уу, үгүй юу гэдгийг нь танд. Тэгээд намайг жаахан рекламдахаа мар­тав аа” хэмээн захижээ. Энэ явд­лаас хэд хоногийн дараа Э.Хурцаа ирж “Бүх зүйлийг тохирчихлоо. Төм­рийн хүдрийн баяжмал авах хэрэгтэй байна гэнэ. Би манай найз Г.Буяндорж гэж Монгол Улсад томоохонд тооцогдох группийн эзэн. Эхнэр нь Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаа гэж хэлсэн. Танил тал ихтэй хүн асуудалгүй ажлыг чинь бүтээж өгнө гээд хэлчихлээ” хэмээ­жээ. Ингээд Г.Буяндорж шинэ түнш­тэйгээ уулзахад асуудалгүй болов. Монголд байдаг хамгийн үнэ­тэй машиныг унаад бизнес уулзалтад явжээ. Түншүүд өнгөрсөн оны нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд хэд, хэд уулзалдав. Нэр нөлөөтэйгөө харуулах гэж Г.Буяндорж Дарханы тө­мөр­лөгийн үйлдвэрийн захи­рал­тай хятад захирлын ха­жууд утсаар ярьж, Э.Хурцаа “Г.Буяндорж танил тал ихтэй. Би Монголд ирээд арван жил болж байна. Монгол эхнэр­тэй. Эндхийн хууль, дүрмийг сайн мэднэ. Гэхдээ Г.Буян­дорж надаас илүү” хэмээн итгэл олж авах “ажил­лагаа­гаа” хийсээр байжээ. Эцэст нь Г.Буяндорж “Дарханы төмөр­лөгийн үйлдвэр” төрийн өмчит компаниас төмрийн хүдрийн баяжмал авах ажлыг хариуцах болж, харин түүний найз Э.Хурцаа нь “Тайшин” худалдааны экспорт, импор­тын компанийн Монгол дахь төлөө­лөг­чөөр ажиллах бол­жээ. Хятад захи­рал Хаинг Донг Шин гэрээнд шаар­даг­дах мөнгийг зохицуулахаар нутаг буцсан байна. Төд удал­гүй Э.Хурцаа хятад захи­рал руу утас цохиж “Г.Буян­дорж гэрээ хийхээр боллоо, хурдан ир” гэжээ. Хятад захи­рал гуравдугаар сарын 16-ны өдөр ирж, Э.Хурцаа, Хаинг Донг Шин нар гэрээ байгуу­лахаар  Дар­ханы төмөр­лөгийн үйлдвэрийг зорьсон аж.

ДӨРВӨН САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭНИЙ УРЬДЧИЛГАА ХОЁР САЯ АМ.ДОЛЛАРЫГ ШИЛЖҮҮЛЭВ

“Дарханы төмөрлөгийн үйлд­вэр” төрийн өмчит хувь­цаат ком­панийн захирал П.Эрдэ­нэцогт болон нөгөө талаас БНХАУ-ын Тяньжин хотын “Тайшин” худал­даа­ны экспорт, импортын компа­нийн захирал Хаинг Донг Шин нар худалдах, худалдан авах гэрээг өнгөрсөн оны гуравду­гаар сарын 18-нд хийв. Гэрээ­ний гол нөхцөл нь Дарханы төмөрлөгийн  үйлд­вэрээс тус компани 100 мян­ган тонн төм­рийн хүдрийн баяжмал авах бол­сон байна. Нэг тонн тут­мыг нь 40 ам.дол­лараар авах гэрээ хийжээ.  Гэрээг дөрвөн сарын хугацаа­тай хийсэн байна. 100 мянган тонн төм­рийн хүдрийн баяж­малыг нэг тонн тутмыг нь 40 ам.доллар гэхээр нийт дөр­вөн сая ам.дол­ларын гэрээ хийсэн байгаа юм. Гэрээ хийх үед Дарханы төмөрлөгийн үйлд­вэрийн захирал П.Эр­дэнэ­цогт гадаад явсан учир түүнийг орлон дэд захирал н.Бөттөгс гарын үсэг зурсан аж. Гэрээг  биелүүлэхээр тус үйлдвэрийн Худалдаа хан­гамжийн албаны дарга Р.Улам­­баяр, “Тайшин” худал­дааны экспорт, импортын компанийн Монгол дахь төлөө­лөгчөөр Э.Хурцаа нар мөн  гарын үсэг зурсан аж.

Тэднийг гэрээ хийгээд гараад ирэхэд нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ха­шаанд Г.Буяндорж ирчихсэн машиндаа сууж байж. Уул­залтаас гарч ирсэн хятад захи­рал гэрээгээ нягтлан тус үйлд­вэрийн Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал, ерөн­хий ня-бо нар гарын үсэг зураагүй байгааг анзаарч ямар учиртайг нь Г.Буяндоржоос лавлахад “Том дарга нар нь зурсан байхад наадуул чинь огт хамаагүй” гэсэн гэнэ. Ингээд төмрийн хүдрийн баяжмал ачих талбайгаа үйлд­вэрийн хашаан дотор заалгаад явц­гаав. Хаинг Донг Шин гэрээ­ний урьдчилгаа болох хоёр сая ам.дол­ларыг тавдугаар сарын 13-18-ны хооронд тус үйлдвэрийн Худалдаа хөгж­лийн банкин дахь данс руу нь шилжүүлээд нутаг буцжээ.  Мөнгө шилжүүлснээс хойш хоёр сар болов. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн төмрийн хүдрийн баяжмалаа нийлүүлсэнгүй.

МӨНГӨ ЛУЙВАРДАХЫН ТУЛД БАЙГУУЛСАН ”СКАЙ ТАУЭР ЭНХ БУЯН“ КОМПАНИ

БНХАУ-ын “Тайшин” ху­дал­­дааны экспорт, импортын компа­нийн захирал Хаинг Донг Шинийг нутаг явсан хой­гуур Э.Хурцаа ком­панийнх нь албан бланкийг ашиг­лан захирал “Э.Хурцаа” хэмээн тамга дарж,  Дарханы төмөр­лөгийн үйлдвэртэй харил­цаад эхэлдэг байна. Хоёр, гурван удаа ийм  албан бичиг өгчээ. Энэ бичгийн хариуд нь  дэд захирал н.Баттөгс “Баяж­мал авахыг эхлүүлэх” гэсэн цохолт хийж өгөв. Гэсэн ч төмрийн хүдрийн баяжмал зохих эзэндээ очоогүй байна. Энэ явдлын дараа­хан буюу өнгөрсөн оны зурга­дугаар сард Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд орсон хоёр сая ам.долларын 1.2 сая ам.дол­лар нь зурга­дугаар сарын 28-нд “Скай Тауэр Энх Буян” гэдэг нэртэй компанийн дансанд оржээ. Энэ компа­нийн эзэн нь 20 гаруй насны Сэлэнгэ аймгийн харьяат н.Ууган­баяр хэмээх залуу байдаг аж. Зайсанд энэ ком­пани байрладаг бөгөөд “Ноёд” группийн охин ком­пани юм байна. 1.2 сая дол­лар шил­жүү­­лэхээс сар гаруйх­ны өмнө байгуу­лагд­сан компани аж. н.Ууганбаяр нь Г.Буян­дор­жийн хамаатан юм байна. Ямар үндэслэлээр энэ мөнгө хаа хамаагүй компанийн дан­санд орчихдог юм бэ. Худал­дах, худалдан авах гэрээг Дарханы төмөрлөгийн үйлд­вэр­тэй БНХАУ-ын “Тайшин” худалдааны экспорт, импор­тын компани хийсэн. Тэр дагуу тус компанийнхан урьд­чил­гаа мөнгө болох хоёр сая ам.долларыг шилжүүлсэн. Хэрэв урьд­чилгаа мөнгийг  шилжүүлэх байсан бол “Скай Тауэр Энх Буян” ком­пани руу шилжүүлэх ёсгүй гэсэн асуу­дал дэгджээ. Тэгээд ямар бичиг баримтыг үндэслэн Дар­ханы төмөрлөгийн үйлдвэр 1.2 сая ам.долларыг дээрх компанид өгөв гэхээр тус үйлдвэрийнхэн тэр ба­римт бичгээ гаргаж өгөлгүй нууцалжээ. Энэ хооронд анх гэрээ хийхэд гарын үсгээ зураагүй бай­сан хоосон зайнд тус үйлдвэрийн  Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал М.Сайнням­буу, ерөнхий ня-бо Д.Даваа­дорж нарын гарын үсэг ид шидийн юм шиг зурагдсан байв.

Үргэлжлэл бий.

 Г.ЯЛГУУН

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих