Замын өргөтгөл нэрээр мод тайрахаа зогсооё

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ерөнхий менежер Ч.Бат танаа
Японы Элчин сайдын яамны уулзвараас Эрүүл мэндийн яам хүртэлх замыг өргөтгөх нэрийдлээр хуучин Их тэнгэрийн зам дагуу байсан олон жил ургасан ногоон моднуудыг хүйс тэмтрэн устгах гэж байгааг анхааралдаа авч, цаазаа хүлээн байгаа тэрхүү моднуудыг аврах арга хэмжээ авахыг хичээнгүйлэн хүсэж байна. Энэхүү үзэсгэлэнт цэцэрлэгийг жил жилд устгасаар ийнхүү сүүлчийн модод хариугүй цаазлуулах өдрөө хүлээж байгаад гүнээ харамсаж байна.

Эдгээр моддыг тайрч, угийн дөрвөн эгнээтэй тус замыг өргөтгөсөнөөр Нийслэлийн замын ачаалал болон машины түгжрэлд ямар ч ач холбогдолгүй зүйл болно. Та бүхний авч хэрэгжүүлж байгаа шинэлэг алхмууд олон түмний санаа сэтгэлд хүрч байгаа бөгөөд цаашдаа ч ямар бодитой арга хэмжээ авахыг тэсч ядан хүлээж байна. Мөн бас нэг зүйлийг дурьдая.

Өнгөрсөн жил Турк улсын Засгийн газрын тусламжаар Анкарагийн гудамжийн тохижилтын ажлыг хийсэн билээ. Тэгвэл Турк улсын Элчин сайд энэхүү тохижилтын ажил эхлэхийн өмнө Анкарагийн гудамжинд ямар ч шугам сүлжээний ажил явагдахгүй биз, явагдах бол одоо хийгээрэй хэмээн өмнө сануулсан байтал өнөөх тохижуулсан үзэсгэлэнт цэцэрлэгийг дулааны шугам солино гэдэг нэрийн дор үгүй хийснээс гадна асар олон модыг гэмтээж унагалаа.

Энэ бол өмнөх хотын удирдлага ямар ч хэтийн төлөвлөлтгүй бодлого гаргадгийн тод жишээ юм. Сүүлийн жилүүдэд олон жил ургасан Улаанбаатарын төвийн ногоон цэцэрлэгт хүрээлэн хэлмэгдэж асар олон мод цаазын тавцанд очсон билээ. Эх орныхоо төлөө бид тэмцэхгүй бол хэн тэмцэх вэ? Байгаль орчноо хамгаалахгүйгээр ямар ч ирээдүй, ямар ч сайхан хөгжил байхгүй нь мэдээж.

Тиймээс Улаанбаатар хотод ургаж буй моддыг тайрах, гэмтээхийг хатуу хориглосон Нийслэлийн засаг даргын захирамж гаргаж, мөн эдгээр моддыг гэмтээсэн аж ахуйн нэгж байгууллагад асар өндөр торгуулийн хэмжээ авах тухай шийдвэр гаргаж өгөөч хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхний эх орон, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө сайхан үйлсийг бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна.

Олон сая долларын үргүй зардал гарган барьж буй бурханы сэрэг дүр гэгчийг зогсоож Эрдэнэтийн олон мянган үр хүүхдийг гэгээрүүлэх номын ордон барих саналыг дэвшүүлж байна. Цаашдаа улсын төсвийн мөнгөөр шарын шашны болон нүсэр хүнд сурталт баяр наадам зохион байгуулах, сүм суварга барихыг хориглох хэрэгтэй байна. Шашны үйл ажиллагаанд төр, мөн төрийн үйл хэрэгт шашин хутгалдан оролцдог ёс заншилыг журамлая. Мөн уул ус тахих нэрийдлээр байгаль бохирлож ард түмний зүрх сэтгэлийг булингартуулдаг үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй.

Б.Эрдэнэбаатар

Эх сурвалж:”Хөх Толбо”


URL:

Сэтгэгдэл бичих