Г.Уянга Н.Энхбаяр даргынхаа эсрэг PR-даж эхлэв үү?

Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө Сайд нарын гэгдэх Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн байдлын талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал монголд байхгүй эмгэг туссан гадаад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн ч эмчлэгч эмч нарын зүгээс тийм ноцтой зүйл байхгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Нэг хэсэг Н.Энхбаярын хийж буй алхам бүр олны өмнө ил тод байсан. Харин одоо нам жим. Хааяа нэг биеийн байдлын талаарх мэдээллээс өөр зүйл байхгүй. Намын гишүүд нь ч мөн адил таг чиг. Н.Энхбаяр даргынхаа өмнөөс өлсгөлөн зарлаж явсан Ж.Баянсэлэнгэ гишүүн хүртэл амаа үдүүлсэн мэт дуугүй сууна. Харин тэдний эл үйлдлийг иргэд албан тушаал аваад даргыгаа хаялаа хэмээн харж сууна.
Гэтэл саяхан УИХ-ын гишүүн Г.Уянга твиттер, facebook-дээ Н.Энхбаярын даргыгаа өмөөрсөн зүйл бичиж үлдээжээ. Тэрээр “Би эмнэлэгт байна. Энхбаяр дарга хэдхэн алхмын цаадах өрөөнд харуултай, утас, зурагт, интернэт хэрэглэх эрхгүй хоригдож байна” хэмээн бичсэн байв.

2012-09-19 07.46.56

Харин түүний эл үйлдлийг иргэд Г.Уянга Н.Энхбаяр даргыгаа өмөөрч байна гэхээсээ илүү энэ бичсэн зүйлсээрээ иргэдийг Н.Энхбаярын эсрэг болгож байна гэцгээж байна. Энэ нь ч түүний бичсэн зүйлсийн доорх сэтгэгдлүүдээс илт харагдаж байв. Иргэд ихэвчлэн “тэгээд утас интернэттэй өрөөнд хоригдох ёстой юу, тэр чинь хоригдол шүү дээ, өөр тэгээд яах вэ массажисттай өрөөнд байлгах уу” гэх мэт дургүйцлээ илэрхийлсэн байв.
Иргэдийн хэлж байгаа ч ортой. Н.Энхбаяр МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч байсан ч тэрээр шүүхээс ял сонссон. Тэгэхээр бусад ялтнуудтай адил. Гэтэл Г.Уянга гишүүн энэ бүхнийг мэдсээр байж, харуултай, утас, зурагт, интернэт хэрэглэх эрхгүй хоригдож байна хэмээн бичсэн нь мэдлэг хүрээгүйнх биш байлтай. Гишүүн байтугай энгийн иргэд ч шүүхээс ял сонссон хүн харуултай, утасгүй, интернэтгүй хоригдох ёстойг мэдэж байгаа. Тиймээс түүний эл үйлдэл иргэдийг Н.Энхбаярт дургүй байх шатыг нэгээр ахиулаад авав. Ямар учраас тийм зүйл бичсэнийг мэдэхгүй ч юутай ч иргэд Г.Уянга Н.Энхбаярын эсрэг PR-даж байна хэмээн хардаж байна.
Б.Золбоо


URL:

Сэтгэгдэл бичих