Их нүүдлийн эхлэл үү, албан тушаал горилсон цөөнхийн амбиц уу
“Эртхэн шиг МАХН-ыг бараадахгүй яав” гэж амаа барьсан залуус МАН-аар дүүрэн байна. Эхнээсээ ч явж байна. Баячууд, баячуудын хүүхдүүдийн цуглуулга болох шахсан энэ намд өөрийгөө З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү мэттэй зүйрлэшгүй боловсролтой, чадвартай гэж бодох хүн “хар мянгаараа” байгаа нь мэдээж. УИХ-ын сонгуулийн өмнө сэрүүн зүүдэлж байгаад гэнэт сэрсэн тэд дотор хүндээ “Одоо эсвэл хэзээ ч…” гэж хэлсэн бололтой. МАН-аас МАХН-ыг зорьж, гишүүнчлэлээ сэргээсэн хүмүүсийн цуваа ойрын үед тасралтгүй үргэлжлэх боллоо. Өмнө нь тав, 10-аараа явдаг байсан бол одоо 200, 300-гаараа гарцгаадаг болж. Энэ цуваа цаашид үргэлжлэх магадлал маш өндөр. МАН-ыг орхигсдын дунд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дэд дарга З.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү МАН-ын нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, тэргүүлэгчээр ажиллаж байсан П.Хангал нарын эрхмүүд байгаа нь анхаарал татна.
Эдгээр эрхмүүд намынхаа гишүүнчлэлийг эргэн сэргээж байгаадаа тунчиг баяртай байгаагаа илэрхийлж байсан. Тэдний баярын цаад шалтгаан орон нутгийн сонгуульд өрсөлдөх, эсвэл агентлагийн даргын суудал алин болохыг таахад эрт байна. МАН-ын хуучин дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар 26 дугаар их хурлаараа олон хүний дургүйг хүргэн байж хийсэн эрс шинэчлэл, намын нэр ус, үзэл баримтлалыг сольсны үр дүн МАН-ынхан хэн ч биш болсонд бухимдах сэтгэл мэдээж төрж байгаа биз. Харин тухайн үед гудамжны улс төр хийж, Төрийн ордныг гороолж байсан нөхдүүд өнөөдөр УИХ-ын гишүүн тэр ч бүү хэл засгийн эрх барилцаж байгаа нь МАН-ын амбиц ихтэй залуучуудад таалагдана ч гэж юу байх вэ. Юм юм л бодогдуулаа биз. Нэг ёсондоо байгуулагдсан цагаасаа эхэлж боловсон хүчний нөөц бололцоогоор дутаж байгаа МАХН-ыг түшчих юм бол Орон нутгийн сонгуулиар хоосонгүй гэсэн горьдлогыг тэд тээж байгаа болов уу. Яг О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын адил.
Нөгөө талаас дэд сайдуудын томилгоо хийгдсэн цагаас хойш “Шударга ёс” эвсэлд дотоодын зөрчил асар хурцдаж, МАХН-ынхан эгнээгээ бэхжүүлэх бодлого барьж байгаа гэх яриа байна. Энэ нь аль аль шатандаа нэр хүнд нь навс унаж, албан тушаалтан, удирдлагууд нь үзэл бодлын зөрчил ихтэй байгаа МАН-даа үл итгэгсэд ийнхүү МАХН-ыг зорин нүүдэллэж байж ч болох юм. Намын гишүүдтэйгээ зоосны нүхээр л харьцдаг гэсэн сэв суусан намынх нь нэр хүнд ч тэдгээр хүмүүсийн сонголтод нөлөөлөөгүй гэх баталгаа байхгүй. Харин 220 мянган гишүүнтэй хэмээн сайрхдаг МАН-ын удирдлагууд энэ тухай сонссон ч сонсоогүй юм шиг царайлж байгаа бол зарим нэг гишүүд нь “гарзтай юм биш гарч л байг” гэсэн тоомжиргүй төрх гаргана. УИХ-ын сонгуулийн өмнө нэр дэвшсэн тойрогтоо ялалт байгуулах шаанстай гэсэн хүмүүсээ МАХН руу алдсандаа бантаж “явах нь явж л байна. Дахиад цаана нь 220 гаруй мянган гишүүн байна” гэж даналзаж байсан энэ намынханд одоо эрх биш нэг зүйл бодогдож байгаа байлгүй дээ. Харин намаасаа гарч, хуучин намынхаа гишүүнчлэлийг сэргээж буй хүмүүсийн энэхүү нүүдэл зүгээр л нэг сонгуулийн өмнөх албан тушаал горилсон амбиц байв уу. Эсвэл эргэж буцалтгүй хуучин бууриа зорьсон их нүүдэл байв уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх.
Нөгөө талаас МАХН-аас МАН руу явах магадлал өндөртэй олон хүн байгаа талаар дотоодоосоо ярих хүмүүс эрс ихэсчээ. “Шударга ёс” эвслийнхэн эхийг нь эцээж, тугалыг нь тураасан албан тушаалын хуваарилалт хийсэн учраас томилгооны дараа МАХН, МҮАН-ын дотор хуваагдал гарч гайгүй гэсэн хүмүүс нь МАН-ыг зорихгүй гэх баталгаа байхгүй талаар ярьжээ. Энэ яриагаараа албан тушаал горилж явснаа ч шууд илчлэв. Гэвч МАХН бол МАН-ын үргэлжлэл хэмээн тунхаглаж байсан намын удирдлагуудын үг энэ янзаар үргэлжлэх юм бол аль нэг нь устаж үгүй болох нь баараггүй. Харин аль нь алиныхаа үргэлжлэл болох нь эс мэдэгдсэн иймэрхүү бантагнасан байдал нь даамжрах юм бол МАН, МАХН хэмээх хоёр намын дунд гүйж, албан тушаал горилсон “сарьсан багваахайнуудад” л ашигтай байх болов уу.
Б.Саран
URL: