Энэ хэний байшин бэ?

Улаанбаатар хотын төв зам дагуу, хамгийн ашигтай байрлалд сүндэрлэх өндөр, гоё, тансаг байшингийн эзэд хэн бэ гэдгийг энэ удаад хөндлөө. Офицеруудын ордноос Таван шар хүртэл төв зам дагуу явахад замын хоёр талаар “Тэрний байшин, энэний байшин” гэсэн тодотголтой 16 байшин байна. Албан бус мэдээллээр буюу олон нийтийн дунд яригдаж буйгаар хэдэн арав, зуун сая, тэрбумын үнэтэй эдгээр барилгуудын эздийн дийлэнх нь төр засагт өндөр алба хашдаг болон хашиж байсан эрхмүүд. Үүнийг хэн хүнгүй мэдэх хойно. Бид гэрэл зураг дээрх эдгээр байшин барилга албан ёсоор аль аж аж ахуйн нэгж, компани, ямар хүний нэр дээр бүртгэлтэй байдгийг тодруулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад “Нууцтай холбоотой учир өгөх боломжгүй” гэсэн утга бүхий тайлбар хэлсэн.

Хуулийн ямар үндэслэлээр улсын нууцад хамаарчихсаныг лавласан төдийгүй. “Мэдээллийг зөвхөн сонины нийтлэлд ашиглах болно” гэж учирласан албан бичиг авч очоод ч тус болсонгүй. Тэдний улсын нууц гэсэн мэдээлэл нь сүүлдээ хувь хүн, аж ахуйн нэгжийн нууц болж хувирсан. Тиймээс гаргаж өгөх ёс байхгүй гэнэ. Орд харш сүндэрлүүлсэн хүмүүс нь төр хэмээх цалингаас өөр мөнгө өгдөггүй газар ажилладаг учраас мэдээлэл нь нууц болоод хувирчихдаг бололтой. Барилгын эзэд хэн болох талаар албан ёсны мэдээллийг уншигчдадаа хүргэх санаатай бид Нийслэлийн газрын алба, Барилга хот төлөвлөлтийн газар гэсэн байгууллагуудаар ч очлоо. Тусыг эс олов. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу жирийн иргэн ч гэсэн аль нэг байгууллагаас хүссэн бас хэрэгтэй мэдээллээ гаргуулж авах эрхтэй.

Хэчнээн сайхан хууль батлаад ч манай төр, захиргааны байгууллагуудад байдаг нийтлэг нэг дүр зураг болох хүнд суртал гээч юм амь бөхтэй оршсоор байгааг энэ явдлаас харлаа. Гэхдээ бид дараагийн дугаарууддаа албан ёсны мэдээллийг холбогдох байгууллагуудаас авч нууцад хүргэхийг эрмэлзэх болно. Мөн хотын бусад хэсгийн ашигтай талбайг эзэлсэн өндөр байшингууд хийгээд хотын ойролцоох зуслангуудад сүндэрлэсэн байшингийн эзэд хэн бэ гэдэг мэдээллийг цувралаар хүргэнэ.

 

“ТБД андууд”, “Лайфстайл андууд” гэх зэргэлдээ хоёр барилга хоёулаа УИХ-ын гишүүн, шадар сайд Д.Тэрбишдагвынх.

 

“Маяами” зочид буудал, цэнгээний газар нь хуучнаар “Аттила” баар. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн хувийн өмч.

 

“Кёкүшю цамхаг”-ийг УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр бариулсан. Өдгөө түүний өмч.

 

“Отгонтэнгэр” их сургууль. Хичээлийн хоёр байртай энэ сургууль УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хувийн өмч

 

“Жоби 72” төв. УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийнх. Түүнд зуун айлд “Жоби” нэртэй барилгын том дэлгүүр бий.

 

“Бридж” групп, “Every day интернэшнл” УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягийнх.

 

“Оюуны ундраа” групп. Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр хийгээд түүний гэр бүлийнхний эзэмшилд байдаг.

 

“Нарантуул” шилтгээн. УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийнх.


“Blue Sky tower” гэх энэ тансаг барилга Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэртэй холбогддог.

Ц.Эрдэнэ
Ч.Болд

Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих