Өмнөд Солонгосын төрийн албан хаагчид Сөүлээс нүүж байна
Манай улсын нийслэлийн хүн ам өдгөө нэг саяас хол давжээ. Үүнээс болж дэд бүтэц, хүн ам зүй, сургууль цэцэрлэгийн хангамж гээд олон асуудал шийдвэрлэгдэх ээлжээ шил даран хүлээж байгаа юм. Нэг газар хэт төвлөрөл үүссэнээс болоод хөрс болон агаарын бохирдол Улаанбаатарт нүүрлээд удаж байгаа нь ч нууц биш. Тэгвэл Өмнөд Солонгос ийм төрлийн асуудлаа төвөггүйхэн шийдэж байгаа бололтой.
Учир нь Өмнөд Солонгосын төрийн байгууллагуудыг шинээр баригдаж байгаа Сөжүн гэх хот руу нүүлгэж эхэлжээ. Энэ хот одоохондоо газрын зураг дээр ч тэмдэглэгдээгүй байгаа боловч барилгын ижил ид дундаа орж, дэд бүтэц, цэцэрлэг сургууль гээд олон асуудлыг цогцоор нь шийдэж эхлээд байгаа гэнэ. Тун удахгүй аварга хот болох гэж буй Сөжүний гудамжаар зугаалж болох төдийгүй хүсвэл байр, орон сууц худалдан авч болно. Жишээ нь тус хотын хойд хэсэгт эмнэлгийн байгууллагууд ажиллана. Харин зүүн хэсэгт их сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд баригдаж дуусмагц үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Хотын төв хавьд Засгийн газрын барилга болон орон сууц төвлөрөх юм байна.
Сургуулийн байшин барилга ч босчихсон бөгөөд хүүхдүүдийг хүлээн авахад бэлэн болжээ. Тиймээс замын дэргэд “Анхаар, хүүхдүүд” гэсэн сануулга байрлуулаад байна. Сөжүнд нүүж ирээд удаагүй байгаа нэгэн эмэгтэй ярихдаа “Би хүүхдүүдээ цэцэрлэгт өгчихсөн. Хэвийн амьдрахад том дэлгүүр, нийтийн тээврийн доголдол саад учруулж байна. Энэ хотод такси ч барих боломж одоохондоо алга” хэмээжээ.
Тиймээс нүүж байгаа төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд амьдралын хэв маягаа хараахан өөрчлөх зүрх гаргаж чадахгүй байгаа бололтой. Гэхдээ шийдвэрийг парламентын түвшинд гаргасан учир ихэнх төрийн албан хаагчид түүнд захирагдан Сөүлээс үг дуугүй гарч явахад бэлэн болжээ. Тэд гэр бүлийнхэнтэйгээ зөвхөн амралтын өдрүүдээр уулзах болно. Гэхдээ энэ бол түр зуурын хүндрэл.
“Бид Сөүл хотын оршин суугчдыг бодсондоо ийм зүйл хийж байна. Жишээ нь суларсан байшин барилгад нийгмийн халамжийн албад болон эрүүл мэндийн байгууллагуудыг байрлуулна. Зарим нэгэн талбайг худалдан аваад байгаа. Нийтдээ 56 обьект сулрах ёстой” хэмээн Сөүл хотын захирагчийн орлогч Ким Хен Жу ярьсан байна. 2014 он гэхэд нийслэлээс нийтдээ 13 мянган төрийн албан хаагч явна. Юуны өмнө Засгийн газрын 32 байгууллага тэдгээрийн дотор есөн яам, хоёр удирдах газар, 16 төрийн мэдлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нийслэлээс гарч байгаа юм.
Мэдээж хэрэг эсэргүүцэгчид ч байгаа. Сөжүн хотын гайхамшиг гэгчид тэд үл итгэж байна. Ингээд зогсохгүй нүүж байгаа хүмүүсийг өрөвдөх аж. Учир нь төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэдий ч зөвхөн машиныхаа бензинийг худалдан авах гэж эдгээр хүмүүс багагүй мөнгө зарцуулах болно. “Бичиг баримтад гарын үсэг зурахаас өгсүүлээд олон ажил байна. Түүнийгээ бариад тавигдсан ганцхан замаар явах болно. Гэтэл үүнд чинь дор хаяж 2-3 цаг зарцуулна” хэмээн олон нийтийн зүтгэлтэн Пак Се Ил энэ ажиллагааг шүүмжилж байна. Сөжүн хот руу нүүх ажиллагаанд тааламжгүй хандаж буй хүмүүсийн дотор Ерөнхийлөгч Ли Мен Бак ч оржээ.
Гэхдээ л үйл явц аль хэдийнээ эхэлсэн бөгөөд солонгосчуудад заяасан ажилч хичээнгүй зангаараа бүхнийг дуусгах итгэл төгс байгаа гэдэг тодорхой.
Т.БҮРЭН
medee.mn
URL: