Э.Бат-Үүл : НМХГ-ын дарга асан Л.Бямбасүрэнг өөгшүүлж буй хүн бол шадар сайд Д.Тэрбишдагва
“Тэнгис” кино театрын зүүн урд зөвшөөрөлгүй баригдаж байсан 11 давхар барилгын дээрээс бэхэлгээний төмөр унаж, хүний амь нас хохироосонтой холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан болжээ. Хуралдааны дараа Засаг дарга Э.Бат-Үүл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хотын дарга Э.Бат-Үүл энэ тухай :
” Нийслэлийн Засаг даргын Удирдах зөвлөлөөс есдүгээр сарын 07-нд зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгуудын үйл ажиллагааг таслан зогсоохыг үүрэгдсэн байгаа. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, барилгын ажлаа зогсоохгүй байгаа барилгуудад нэмэлтээр арга хэмжээ авч, цахилгааныг нь таслах арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Гэтэл өнөөдөр энэ захирамжийн биелэлт хангалтгүй байгаагаас осол аваар шил даран гарч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар үүргээ биелүүлж ажилласангүй гэж би хэлнэ. Өнөөдрийн хуралдааны үеэр НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Ням-Очир өөрөө энэ байдлаа хүлээн зөвшөөрсөн. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа 77 барилгаас 53 барилгад акт бичээд, удирдлагуудаар нь гарын үсэг зуруулсан байна. Харин цахилгааныг нь тасалж, үйл ажиллагаа явуулахыг нь хязгаарлах үүргийг биелүүлээгүй, дөнгөж 14 барилгын цахилгааныг тасалсан байна. Би яагаад бусдыг нь таслаагүйг асуусан.
Гэтэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний дарга нь хэлэх үггүй л сууж байна. Тэдэнд хандаж “Яг одоо гараад зөвшөөрөлгүй баригдаж байгаа бүх барилгын цахилгааныг тасла” гэсэн үүрэг өгөөд байна.
Мөн осол гарсан барилгын газрын зөвшөөрлийг анх авахдаа усан оргилуур барина гэж авсан гэсэн. Тэгээд яваандаа 16×24-ийн хэмжээтэй байшингийн хамт усан оргилуур барихаар болсон байгаа юм. Гэтэл энэ нь хууль бус болж хувираад өнөөдөр усан оргилуур ч байхгүй болж, оронд нь 30×24 хэмжээтэй 16 давхар үйлчилгээний барилга барьж байна. Ийм их хууль зөрчсөн үйлдэл гаргаж, тэр барилга 11 давхар болтлоо хууль бусаар баригдсан байхад НМХГ-аас энэ барилгыг 250 мянган төгрөгөөр нэг удаа торгосон байгаа юм. Өөр ямар ч арга хэмжээ аваагүй гэсэн.
Энэ ажлын цаана маш бохир булхай байна. Торуулбал, тэр анх барина гээд байсан усан оргилуурыг Чингэлтэй дүүргийн V хороонд барьж байгуулсан гэсэн. Гэхдээ барилгын компанийн бус орон нутгийн төсвөөр усан оргилуурыг барьсан. Энэ ажилд бас Чингэлтэй дүүргийн Өмчийн газар хамтарсан байгаа юм. Хөдөлмөрийн аюлгүй байдлыг хангаагүй болон зөвшөөрөлгүй газар дээр баригдаж байгаа барилгын ажлыг өөгшүүлэх болсон энэ зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох үүргийг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга н.Батжаргалд өнөөдөр мөн үүрэг болгосон. Сүүлийн үед барилгын бизнес албан тушаалтнуудын зохион байгуулалттай, танил талынхаа хүрээг хамарсан гэмт хэрэг болж хувирсан байгааг би хатуу хэлмээр байна.
Мөн Шастины нэрэмжит III эмнэлгийн хажууд баригдаж байсан барилгаас бетон шахагч унаж, 12 настай охин газар дээрээ нас барсан хэрэг саяхан гарсан. Энэ хэрэгт НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн тодорхой хэмжээгээр хариуцлага алдсан. Тиймээс түүнийг нь ажлаас чөлөөлөх захирамжийг гаргасан юм. Тэр хүн захирамж гарснаас хойш арав гаруй хоносны дараа арайхийж суудлаа тавьж өглөө. Л.Бямбасүрэнг өөгшүүлж байдаг хүн бол Шадар сайд Д.Тэрбишдагва.
Уг нь хуулинд зааснаар Шадар сайд Д.Тэрбишдагва энэ томилгоонд оролцох ямар ч эрхгүй. НМХГ-ын даргын томилгоонд МХЕГ-ын дарга Р.Содхүү болон бид хоёр л оролцох ёстой. Л.Бямбасүрэнг хал гэсэн захирамж гаргасаар байтал НМХГ-аас “Өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөв” гэж хандсан байна лээ. Энэ ямар учиртай болохыг үнэндээ мэдэх юм алга. Уг нь тэр хүн ажлаа хийж чадаагүй, үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Харин ч ажлаас нь халаад өнгөрч байна.” хэмээсэн юм.
sonin.mn
URL: