Архины үйлдвэрүүд шалгалтад бүдэрчээ
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг газруудад шалгалт хийжээ. Манай улсад “Тусгай зөвшөөрөл” бүхий спиртийн 15, архины 92, дарсны 15, шар айрагны 23 нийт 145 үйлдвэр бүртгэлтэй байдаг аж.
Үүний 68 нь шалгалтад хамрагдсан байна. Архины 59 буюу 64, спиртийн 11 буюу 73.3, шар айрагны 15 буюу 65.2, дарсны 10 буюу 66 хувь нь хамрагдаж, үйл ажиллагаа удаан хугацаагаар болон шалгалтын явцад зогссон шалтгааны улмаас архины 33, спиртийн дөрөв, шар айрагны найм, дарсны таван үйлдвэр хамрагдаагүй гэнэ.
Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан архины 18, спиртийн тав, шар айрагны ес, дарсны зургаан үйлдвэр байдаг аж. Улсын хэмжээнд жилд 104106 тонн согтууруулах ундаа үйлдвэрлэдэг судалгаанаас үзэхэд нэг хүнд 37.7 литр согтууруулах ундаа ногдох дүн гарч байгаа аж. Мэргэжлийн байгууллагаас хийсэн шалгалтын явцад ихэнх үйлдвэр үүд технологи, эрүүл ахуй, хяналтын чиглэлээр зөрчилтэй байжээ.
Тухайлбал, Төв аймгийн “Зотол уул” компани нь 1.5 кодтой “Согтууруулах ундааны үйлдвэрлэл шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 69.4 хувь буюу их эрсдэлтэй гарчээ. Энэ нь үйлдвэрийн байр зориулалтын бус, бохир ус зайлуулах нэгдсэн системд холбогдоогүй, бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлыг баталгаажуулсан тохирлын гэрчилгээгүй, дотоодын хяналтын лабораторийн үйл ажиллагаа шаардлага хангахгүй, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгээгүй, борлуулалтын цэг, салбар тодорхойгүй, үйлдвэрээс дээж авах боломж, нөхцөлийг бүрдүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Түүгээр ч үл барам “СББ” компанийн Улаанбаатар дахь салбар гээд нэр бүхий томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нь стандартад заасны дагуу бүтээгдэхүүний орц, найрлагын талаарх мэдээллийг шошгонд бүрэн тусгадаггүй байсан нь илэрчээ. Мөн согтууруулах ундаа үйлдвэрлэх “Тусгай зөвшөөрөл” бүхий “Арвайн үндэс”, “Морьтон Монгол”, “Хүрд трейд”, “Цэс хайрхан”, “Түшиг тулга” компаниуд нь үйлдвэрлэлийн байршлыг өөрчилж өөр газар үйлдвэрлэл явуулсан байжээ. “Мон-Эрдэнэ” компанийн тусгай зөвшөөрөл дээр байршлын хаягийг тодорхой бичээгүй байсан аж.
Хяналт шалгалтын явцад согтууруулах ундаа үйлдвэрлэж буй 34 аж ахуйн нэгжийн 106 нэрийн архийг шинжилгээнд хамруулахад 25 нэрийн архины хатуулагийн хэмжээ шошгонд заагдсан хэмжээнээс бага байсан аж. Мөн 24 нэрийн архины альдегидийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их, 24 нэрийн архины нийлмэл эфирийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их, 12 нэрийн архины сувсны тос зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь стандартын шаардлагыг хангаагүй хэрэг юм.
Шалгалтад хамрагдсан 43 үйлдвэрийн 48 тоолуурын 34.8 хувь нь холболт, суурилуулалтын үеийн батлагдсан схем зураггүй, техник ашиглалтын паспорт хөтөлдөггүй, тоолуурын техникийн бэлэн байдал, ашиглалт, хэмжил гүйцэтгэх аргачлалд байнгын хяналт тавьж ажилладаггүй нь илэрчээ. Энэ мэт зөрчлүүд архины үйлдвэрүүдэд элбэг байжээ. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагад хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар болсон байна.
URL: