Мобикомын луйвар 10 сая төгрөгөөр торгуулаад л өнгөрөх гэж үү?
“Мобиком” корпораци “Юнител” корпорацитай яг л АН, МАН хоёрын нэг нэгнийхээ амлалтыг давуулж амлаж санал булаалддаг шиг өнөөдөр нэгийнхээ хонжворыг давуулж амлах аргаар хэрэглэгчидээ булаацалдаж байна. Юнителийн “Таван байр” хөтөлбөрийг давуулахаар тэд байр дээр машин нэмж өгөхөөр амласан.
Ингээд хүн болгон “аз” байдагт итгэж хэтэвчин дэх хэдэн төгрөгөөрөө Мобикомын 2500, 5000-ын картаар байр, машин хожчих юмсан гэж утсаа цэцэглэсэн хэрэглэгчдийг Мобикомынхон хуурсаар иржээ. Тохирол явагдах өдрийг хуруу даран хүлээж, тоо бүрийг нь нүд салгалгүй ширтсэн ард түмэнд молиго өмхүүлжээ. Нэг дор байртай, машинтай болно гэдэг ховорхон боломж. Энэ боломжийг хүртэх гэсэн хүн бүр өдөр болгон биш юм аа гэхэд өнжөөд нэг утсаа цэнэглэсээр. Гэвч техник, технологийн хурдацтай дэвшил Мобикомын програмыг хүртэл өөрчилж 99178881 дугаартай хэрэглэгчийг азтан болгожээ. Эл луйврын явдал жилийн өмнө эсвэл сарын өмнө болсон юм биш ээ. Хэдхэн хоногийн өмнө болсон үйл явдал.
Монголчууд бид “ямааны мах халуун дээрээ”, “хэрэг хуучирдаггүй” гэдэг шүү дээ. Тэгвэл энэ хэрэг жирийн нэг үйл явдал шиг яригдаад л өнгөрөх нь. Мөнгө хаана байна тэнд шударга хууль үйлчилдэггүй гэдэг л болох гээд байх шиг. Монголын үүрэн телефоны анхдагч оператор Мобикомын сугалааны үйл явц шууд луйврын шинжтэй болсныг нотолж ШӨХТГ-аас арван сая төгрөгөөр торгох болсон. Ямар ч асуудалгүй байгууллагыг 10 сая төгрөгөөр торгоно гэж байх уу?. Энэхүү торгож буй явдал нь өөрсдийнхөө өрсөлдөх чадварыг нэмэхийн тулд монголчуудын тал орчим хүнийг луйвардаж мөнгө завшсан гэх үндэслэл. Түүнээс гадна сая гаруй хэрэглэгчтэй гэж сурталчилдаг тус компаний эл сугалаанд өдөрт нэг хэрэглэгч нь дунджаар мянган төгрөг зарцууллаа гэхэд тус корпораци монголчуудаас долоо хоногт л долоон тэрбум гаруйг халаасалж байна гэсэн үг. Долоо хоногт долоон тэрбумыг халаасалдаг компанийханд, арав ч хүрэхгүй хоног заргалдаад 10 сая төгрөгөөр торгуулна гэдэг ёстой л хөх инээдийг хүргэж байгаа биз. Чухамдаа нэг хүнийг луйвардсан хэрэг бус бүхэл бүтэн улсын сая гаруй хүнийг луйвардсан гэдгээрээ яах аргагүй хариуцлага тооцох хэрэг мөн гэдэгтэй уншигч та бүхэн санал нийлэх байх.
Энэ байр, машины “молиго” цаашид дахин үргэлжлэхгүй гэх баталгаа алга байна. Мобикомынхон энэ үйлдэлдээ ч тайлбар хийгээгүй байж сайхан хонжвор амласан сугалаагаа үргэлжлүүлсээр байгаа нь хэр зөв бэ?
24tsag.mn
URL: