Ж.Соронзон захирал авлига авдаггүй гэдгээ нотлох ёстой
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирлын албан тушаалд дархлагдсан Ж.Соронзонг солих цаг нь болсон бололтой. Тус сургуулийн захирлаар 20 жил ажилласан тэрбээр ерөнхий боловсролын сургуулийг мөнгө угаадаг бизнесийн байгууллага, хувийн компани шиг болгочихжээ. Үүнийг нь тус сургуулийн сурагчдын эцэг, эх ч бараг хүлээн зөвшөөрчихөөд байна.
Сургуулийн багш нарыг сурагчдаас мөнгө татах, бэлэг авахыг хуулиар хориглосон. Гэтэл өнөөдөр “Орос III” сургуульд хүүхдээ оруулъя гэвэл наад зах нь дөрвөн сая төгрөг шаардлагатай. Хоёр сая төгрөг нь сургуулийн төлбөрт, үлдсэн нь наагуур цаагуур, багш, захирлуудыг аргалахад зарцуулагддаг гэх “цуу” яриа амнаас ам дамжин яригддаг. Хэдийгээр Ж.Соронзон захирал өөрийгөө авлига авдаггүй хэмээн тас гүрийдэг ч үүнийгээ яаж нотлох юм бол.
“Орос III”-т хүүхдээ нэгдүгээр ангид оруулах гэж хоёр сая төгрөгийн сургалтын төлбөр төлж, дээр нь Ж.Соронзон захиралд үнэтэй брэндийн бэлэг бэлэглэсэн гэж ам хадуурч байна лээ. Үүнийг Ж.Соронзон эцэг, эхчүүд өөрсдөө өгсөн гэж тайлбарлах байх л даа. Гэхдээ энэ зэргийн бэлэг өгөхгүй бол тэр сургуульд хүүхдээ оруулна гэж саналтгүй.
Ерөнхийдөө Ж.Соронзонгийн авах дуртай бэлэг нь элдэв брэндийн бүтээгдэхүүн гэж ч ярилцдаг. Сургуульд нь хандаж байгаа шинэ хүмүүсээс хэзээ ч бэлэн мөнгө авдаггүй. Бэлэн мөнгө авчихвал нөгөөдүүл нь эргээд асуудал үүсгэж мэдэх учраас захирал араа боддог аж. Мань хүн сурагчдын эцэг эхийн өгч байгаа бэлгийг хэзээ ч өөрөө хоёр гардаж авдаггүй нь мөн л араа бодсон хэрэг. Дандаа хүнээр дамжуулж, авч, өгөлцдөг гэх.
Гэхдээ хүмүүсийн өгч байгаа бэлэг нь заавал сая төгрөгөөс дээш үнэтэй байх юм бол найдвартай ч гэж эцэг, эхчүүд цуурдаг. Ёстой л хуульч хүнтэй хамт амьдардаг, олон жил ийм аргаар бэлэг авч сурсан хүн гэсэндээ маш нарийн арга хэрэглэдэг юм билээ. Бодит байдал яг л ийм байдаг. “Орос III”-т уламжлал болоод олон жил болж байгаа гэдгийг хэн ч үгүйсгэхгүй байх. Үгүй юм аа гэхэд найман жил ийм аргаар мөнгө төлж, хүүхдээ сургачихаад одоо хөөгдөх дээрээ тулчихаад байгаа 80 сурагчийн эцэг, эх үүнийг нотолно.
2010 онд “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 150 гаруй хүүхэд хоолондоо хордож, 10 гаруй хүүхэд сэхээн амьдруулах тасагт хэвттэлээ муудаж сандаргасан. Ер нь энэ хоолны хордлого Монголд урьд өмнө нь болж байгаагүй том асуудал байв. Иймээс ч ажлын хариуцлага алдаж, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд том хохирол учруулсан Ж.Соронзонг БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр 2010 онд ажлаас нь халж үзсэн. Гэвч тэрбээр хагас жил орчим шүүхээр заргалдсаны эцэст сайдын шийдвэрийг цуцлууж чадсан заргач нэгэн. “Дархлагдсан” захирал хамаг буруугаа хүнс нийлүүлэгч компанид тохож, хууль хяналтын байгууллага дахь танил талаараа хөөцөлдсөний үр дүнд сайдын шийдвэрийг цуцлуулж, “мөнгө угаадаг бизнесийн байгууллага”-даа эргэж ирсэн юм.
Түүнийг ажлаа эргүүлж авахад хамгийн их нөлөөлсөн хүн нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал Н.Лүндэндорж хэмээдэг. Өөрөөр хэлбэл, Н.Лүндэндорж БСШУ-ы сайд Ё.Отонбаярыг хүчгүйдүүлсэн хүнээр тодорсон. Тэрбээр Ж.Соронзонтой хамтран амьдардаг болсоор олон жилийн нүүр үзэж буй. Тиймээс Ж.Соронзонд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирлаар дамжуулж, шүүхийн шийдвэрт нөлөөлөхөд торох зүйл байгаагүй аж.
Харин Н.Лүндэндоржийн хувьд өнгөрсөн жил согтуугаар жолоо барьж яваад “Аварга” дээд сургуулийн оюутан охиныг дайрч хөнөөчихөөд ямар ч ял зэмгүй мултарч байсан удаатай. Түүнийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирлаар ажиллаж, олон хуульч, шүүгчдийг бэлтгэсэн учраас шавь нарынхаа хүчинд эл хэргийг аргалсан талаар хуулийнхан ярьдаг. Өдгөө Н.Лүндэндорж Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллан энх тунх амьдарч байна.
Ж.Соронзон захирлыг “Орос III” хэмээх саалийн үнээнээс салгадаггүй бас нэг хүчин зүйл нь түүний дүү. Тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дэд дарга асан Ш.Солонготой эгч дүүсийн холбоотой. ЗГХЭГ-ын дэд дарга гэдэг албан тушаал цар хүрээ өргөнтэй. Энэ ч утаараа хуулийн бүхий л байгууллагыг Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-д багтдаг. Тиймээс Ш.Солонго дарга эгчийнх нь асуудал хүндрээд ирэх үед БСШУЯ болон хуулийн талд нь албан тушаалаараа нөлөөлж, сайдын шийдвэрийг цуцалсны дараа яамны зүгээс асуудал үүсгүүлээгүй гэдэг юм билээ.
ЗГХЭГ-ын дэд дарга асан Ш.Солонго өөрөө ч нэр цэвэр хүн биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн “баатар” болоод байдаггүй ч цаанаа нэлээд асуудалтай аж. Тухайлбал, “Монгол кино үйлдвэр”-ийг зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр худалдаж авсан гэх асуудалд нэр холбогдож байв. Төрийн албан хаагчийн албан тушаалаа ашиглаж, төрийн өмчит үйлдвэрийг маш хямдханаар хувьдаа авчээ.
Энэ мэтээр Ж.Соронзонгийн “Орос III”-т дархлагдчихаад байгаагийн учир нь ойр тойрных нь хүмүүсийн өндөр албан тушаалтай шууд холбоотой. Гэхдээ БШУ-ы сайд Л.Гантөмөрт Ж.Соронзонгийн албан тушаалтай ярих боломж бий. Л.Гантөмөр сайд хуулийн салбартай тэр бүр холбогдоод байдаггүй учраас Н.Лүндэндорж, Ш.Солонго нарын хэн ч нөлөөлөх боломжгүй гэсэн үг.
Тэгэхээр шинэ сайд маань боловсролын салбарыг хараар будаж буй энэ мэт зүйлсийг хэзээнээс таслан зогсоож эхлэх юм бол доо.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: